Сурвалжилга: Боловсролыг дэмжих “Амжилт-2030” тэтгэлэгт хөтөлбөр залууст боломж олголоо
Сурвалжилга: Боловсролыг дэмжих “Амжилт-2030” тэтгэлэгт хөтөлбөр залууст боломж олголоо
Нийтэлсэн 2026 оны 10 сарын 13
Монгол Улсын хүнс үйлдвэрлэлийн салбарт олон жилийн түүх, туршлага, үнэ цэнийг бүтээж ирсэн “Жи пи брайт холдинг” ХХК-ийн харьяа компаниуд боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр Шинжлэх ухаан, технологийн их сургуультай хамтын ажиллагаагаа эхлүүллээ. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй “Амжилт-2030” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний жилийн сонгон шалгаруулалтад 22 оюутан тэнцэж, дөрвөн жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэг хүртэх батламжаа өнөөдөр гардан авлаа. ШУТИС-тай байгуулсан нэг тэрбум төгрөгийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд оюутнуудын сургалтын төлбөрийг дэмжихээс гадна сургуулийн зарим анги, танхим, лабораторийг шинэчлэх, судалгааны ажлыг хөгжүүлэх, экспортод чиглэсэн бүтээгдэхүүний хөгжүүлэлтийг дэмжихэд хөрөнгө зарцуулах бөгөөд “Амжилт-2030” тэтгэлэгт хөтөлбөр нь энэхүү хамтын ажиллагааны нэгээхэн хэсэг юм. Тэтгэлэгт хамрагдсан оюутнууд тус байгууллагад цалинтай дадлага хийх боломжтой бөгөөд хамгийн чухал нь төгсөөд шууд мэргэжлээрээ таван жил ажиллах үүд хаалга нээгдэж байгаа нь онцлог билээ.
Тус холдингийн харьяа 80 жилийн түүхт “Мах импэкс” ХК, 42 жилийн түүхт “Талх чихэр” ХК, “Милл хаус” ХХК болон “Өв соёл үйлдвэр” ХХК-ийн хэрэгжүүлж буй энэхүү хөтөлбөр нь оюутнуудын сургалтын төлбөрийг дэмжихээс гадна мэргэжлийн ур чадвар, ажлын туршлага хуримтлуулах боломжийг бүрдүүлж буйгаараа онцлог юм. Тодруулбал, тэтгэлэгт хамрагдсан оюутнууд үйлдвэрлэлийн бодит орчинд дадлага хийх, гадаад, дотоодын түнш байгууллагуудад дадлагажих, салбарын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах, судалгаа, инновацын төсөлд оролцох боломжтой юм. Манай сайтын сурвалжлах баг оюутнуудад боловсрол эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ ирээдүйн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд чиглэсэн энэхүү хамтын ажиллагааны талаар сурвалжиллаа.

“Жи пи брайт холдинг” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бадмаа: Бид хүнсний үйлдвэрлэлийн салбарын ирээдүйн мэргэжилтнүүдийг бэлтгэх, тэр дундаа инженер, технологичдыг дэмжих зорилгоор энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг санаачилсан. ШУТИС-тай байгуулсан нэг тэрбум төгрөгийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд оюутнуудын сургалтын төлбөрийг дэмжихээс гадна сургуулийн зарим анги, танхим, лабораторийг шинэчлэх, судалгааны ажлыг хөгжүүлэх, экспортод чиглэсэн бүтээгдэхүүний хөгжүүлэлтийг дэмжихэд хөрөнгө зарцуулна. Харин “Амжилт-2030” тэтгэлэгт хөтөлбөр нь энэхүү хамтын ажиллагааны нэг хэсэг юм.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Амьдралд ганц л удаа тохиох маш том боломжийг олж авлаа.
М.Төгөлдөр
ШУТИС-ийн I курсийн оюутан М.Төгөлдөр: Энэхүү тэтгэлэгт хамрагдаж чадсандаа маш их баяртай байна. Дөрвөн жилийн сургалтын төлбөрөө бүрэн даалгах болсноор миний хувьд төдийгүй гэр бүлийнхэнд маань маш том дэмжлэг болж байна. Би энэ зун ЭЕШ-аа өгөөд хотод ирэхдээ сургалтын төлбөрөө өөрөө олохыг хичээж, эхний семестрийнхээ төлбөрийг төлсөн байсан. Харин одоо сургалтын төлбөрийн асуудалгүй болсноор гэр бүлийнхнийхээ ачааг хөнгөлж, төлбөрөө олохын тулд ажиллах байсан цагаа хичээлдээ зарцуулж, илүү сайн суралцах боломжтой боллоо. Цаашдаа мэргэжилдээ чадварлаг боловсон хүчин болж төлөвшихөд энэхүү тэтгэлэг маш том дэмжлэг болно гэж бодож байна.
Тэтгэлэгт шалгарахад ЭЕШ-ын оноо болон 500 үгтэй эсээг минь харгалзсан. Би математикийн хичээлээр 760, физикийн хичээлээр 740 оноо авсан. Эсээндээ яагаад энэ мэргэжлийг сонгох болсон тухайгаа, мөн өвөөтэйгөө өнгөрүүлсэн бага насны дурсамжаа бичсэн юм. Бага байхад өвөө бид хоёр өглөө бүр дугуй унадаг байсан. Дугуй маань эвдрэхээр хамтдаа засдаг байлаа. Тэр үеийн дурсамж, хамтдаа хийдэг байсан зүйлс маань миний мэргэжил сонголтод ихээхэн нөлөөлсөн гэж боддог. Тиймээс өөрийн бодит түүхийг эсээндээ оруулж, бага насны дурсамжаа мэргэжлээ сонгосон шалтгаантайгаа холбон бичсэн.
Энэ хөтөлбөрийн давуу тал нь дөрвөн жилийн сургалтын төлбөрийг даахаас гадна их сургуульд суралцах хугацаандаа өвөл, зуны улиралд цалинтай дадлага хийх, төгссөнийхөө дараа компанид таван жил ажиллах боломж олгож байгаад оршиж байна. Ингэснээр бид суралцах хугацаандаа ажлын бодит туршлага хуримтлуулж, төгсөөд мэргэжлээрээ ажиллахад бэлтгэгдэх юм. Миний хувьд амьдралд нэг л удаа тохиох ийм том боломжийг олж авсандаа үнэхээр их баяртай байна.
ШУТИС-ийн II курсийн оюутан Ү.Мичидмаа: “Амжилт-2030” тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсандаа маш их баяртай байна. Би сургуулиа төгсөх хүртлээ сургалтын төлбөрийн тэтгэлэг авахаар болсон. Харин сургуулиа төгссөний дараа тэтгэлэг авсан хугацаан дээрээ нэг жил нэмж тооцон, нийт таван жил тус байгууллагад ажиллах юм.
Би одоо хоёрдугаар курст суралцаж байгаа учраас сонгон шалгаруулалтад голч дүн маань чухал нөлөөтэй байсан. Голч дүн 3.0-аас дээш байх шаардлагатай бөгөөд үүнээс гадна нийгмийн идэвх, оролцоо болон бичсэн эсээг минь харгалзсан. Миний голч дүн 3.92 байсан. Энэ амжилтаа хадгалж, голч дүнгээ бууруулахгүй байхын зэрэгцээ нийгмийн идэвх, оролцоогоо нэмэгдүүлэхийн тулд хичээсэн. Тиймээс энэхүү тэтгэлэгт шалгарсандаа баяртай байна.
Эцэг эхийн төлөөлөл Б.Үржинсүрэн: Охин маань энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсанд маш их баяртай байна. Өнөөдөр охиныхоо баярт мөчийг хуваалцахаар Хөвсгөл аймгаас зорьж ирлээ. Миний хувьд энэ бол залуусын ирээдүйд чиглэсэн, ихээхэн ач холбогдолтой ажил гэж бодож байна. Оюутнуудаа дэмжиж, сурч боловсрох боломжийг нь ийнхүү бүрдүүлж байгаад баяртай байна.
Охины маань дөрвөн жилийн сургалтын төлбөрийг даахаас гадна төгссөнийх нь дараа таван жил ажиллах боломж олгож, амралтын хугацаандаа цалинтай дадлага хийх нөхцөл бүрдүүлсэн нь үнэхээр сайхан санагдлаа. Манайх хоёр охинтой. Том охиноо анх удаа их сургуульд оюутан болгож байгаа ч хоёрдугаар курсээсээ ийм тэтгэлэгт хамрагдаж байгаа нь манай гэр бүлийн хувьд маш том дэмжлэг болж байна. Сургалтын төлбөрийн асуудалд санаа зовох нь багасаж, охин маань хичээлдээ илүү анхаарч, мэргэжлээ сайн эзэмших боломжтой болсонд баяртай байна.
ШУТИС-ийн III курсийн оюутан А.Амартүвшин: Манайх ам бүл зургуулaa. Би ихэр бөгөөд ихэр бид хоёр хоёулаа ШУТИС-д суралцдаг. Гэр бүлийн хувьд хоёр хүүхдийн сургалтын төлбөрийг зэрэг төлөхөд амаргүй байсан. Харин энэ тэтгэлэгт хөтөлбөрт шалгарснаа дуулгахад манай гэрийнхэн маш их баярласан. Олон оюутнаас сонгогдож, тэтгэлэг авах болсондоо би ч бас баяртай байна. Энэхүү тэтгэлэг нь миний сургалтын төлбөрийн ачааллыг хөнгөлөхөөс гадна гэр бүлийнхэнд маань томоохон дэмжлэг болж байгаа юм.
Эцэг эхийн төлөөлөл С.Чулуунбаатар: Би Архангай аймгаас зээ охиныхоо баярт мөчийг хуваалцахаар зорьж ирсэн. Өмнө нь охиныхоо сургалтын төлбөрийг төлөхийн тулд малаа зарж, боломжоороо л хичээдэг байлаа. Харин зээ охин маань энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт шалгарснаар бидний нуруун дээрх том ачааг хөнгөлж өглөө. Үнэхээр их баярлаж, сэтгэл хөдлөөд нулимс цийлэгнээд байна.
Зээ охин маань багаасаа л сэргэлэн цовоо, хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Одоо ингээд сурлагаараа амжилт гаргаж, гэр бүлийнхнээ баярлуулж байгааг нь харах сайхан байна. Би охиндоо цаашдаа улам их хичээж, илүү их амжилт гаргаарай гэж захисан. Ийм сайхан боломжийг оюутнуудад олгож, энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байгаа бүх хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлье.
ШУТИС-ийн II курсийн оюутан Э.Насанжаргал: “Амжилт-2030” тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсандаа маш их баяртай байна. Мэдээж, өөрийнхөө зүгээс ч хичээл зүтгэл гаргаж, хөдөлмөрлөсний үр дүнд олон оюутнаас сонгогдсон гэж бодож байна. Тэтгэлэгт тэнцсэнээ мэдсэн даруйдаа уйлаад гэрийнхэн рүүгээ залгаж, баярт мэдээгээ дуулгасан. Манайхан ч маш их баярлаж хүлээж авсан. Өнөөдөр аав, өвөө хоёр маань Архангай аймгийн Чулуут сумаас зорьж ирээд, миний баярт мөчийг хуваалцаж байгаад бүр ч их баяртай байна.
Энэхүү тэтгэлэг нь сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэхээс гадна сургуулиа төгсөөд эзэмшсэн мэргэжлээрээ шууд ажиллах боломж олгож байгаагаараа онцлог. Тиймээс би энэ боломжийг сайн ашиглаж, хичээлдээ улам их хичээн, мэргэжлээрээ чадварлаг боловсон хүчин болохыг зорьж байна.
Цаашид үндэсний үйлдвэрлэгчид болон ШУТИС-ийн хамтын ажиллагааны хүрээнд сургалтын орчин, лабораторийн чадавхыг сайжруулах, үйлдвэрлэлийн хэрэгцээ шаардлагад нийцсэн судалгаа, инновацын ажлыг дэмжих чиглэлээр үе шаттай арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үндэсний үйлдвэрлэгчид өмнө нь спортын салбарт хөрөнгө оруулж, Монголын тамирчдын амжилтыг дэмжиж ирсэн бол энэ удаа боловсрол, мэргэжлийн хүний нөөцийн хөгжилд чиглэсэн урт хугацааны хөрөнгө оруулалтыг эхлүүлж буйгаараа онцлог юм.
Ийнхүү “Амжилт-2030” тэтгэлэгт хөтөлбөр нь оюутнуудын сургалтын төлбөрийг дэмжихээс гадна тэднийг үйлдвэрлэлийн бодит орчинд дадлагажуулж, мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх, төгссөний дараа ажлын байраар хангагдах боломжийг бүрдүүлж байна. Түүнчлэн их сургууль, үндэсний үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлж, хүнсний үйлдвэрлэлийн салбарт шаардлагатай чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэхэд чиглэсэн бодит хөрөнгө оруулалт болж байгаагаараа ач холбогдолтой юм.