Ардчилсан нам олон фракцтай. Тэгвэл шинээр бий болон "Ардчиллын сэргэлт холбоо" байгуулагдаад тавхан сарын дараа УИХ-ын бүлгээ авав.Тус холбоо энэ оны тавдугаар сарын 5-нд байгуулагдсанаа зарласан бөгөөд УИХ-ын гишүүн Б.Түвшин, Д.Ганбат, О.Амгаланбаатар, Х.Болормаа, П.Батчимэг, Ц.Баатархүү, Д.Жаргалсайхан, А.Ганбаатар, Д.Энхтуяа, Г.Хосбаяр нарын 10 гаруй гишүүн нэгдэн байгуулсан гэдэг. Тэд өнгөрсөн есдүгээр сарын 17-нд хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын гишүүн Д.Ганбатыг нам дотроо нэр дэвшүүлэхээр болсноо зарласан бол өчигдөр УИХ дахь бүлгийн даргаар Б.Түшинг сонголоо.Уг нь УИХ дахь сөрөг хүчний бүлгийн дарга туршлагатай, харизматай, бүлгээ нэгтгэж чадах зангаргатай хүн байх ёстой. Тэгвэл энэ удаад АН-ын гишүүд анх удаа сонгогдож байгаа эдийн засагч, тэр бүр улс төр хийгээд байдаггүй хүнийг бүлгийн даргаараа сонгов. Улс төрийн хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Б.Түвшинг дэмжиж байгаа гэсэн мэдээлэл ч гараад амжсан. Гэхдээ АН-ын бүлгийн 42 гишүүний 41 нь оролцож, олонх нь сонгосон бүлгийн дарга учраас хэний дэмжлэгтэй байсан ч ирэх сонгууль хүртэл намын бүлгээ тэр удирдаж ажиллахаар болов. Тэгвэл УИХ дахь АН-ын бүлгийн шинэ даргаар сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Түвшин гэж хэн бэ?