Шатахууны нэмэгдлийн асуудлаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны дэд сайд Б.Мөнхтамир: Дайнтай холбоотойгоор дэлхий нийтэд шатахууны нийлүүлэлтийн асуудал үүсэж байна. Энэ нь Монгол Улсад ч нөлөөлж, аж ахуйн нэгж, иргэдэд хүндрэл учруулж байна. Аравдугаар сард бид 78 мянган тонн шатахуун авахаар төлөвлөсөн. Монгол Улс ОХУ-тай байгуулсан тогтвортой байдлын гэрээний хүрээнд шатахуунаа авдаг. Гэвч ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүд дэлбэрэлтэд өртсөнтэй холбоотойгоор манай улсад шатахуун нийлүүлэхэд хүндрэл үүсэж, үнэ нь нэмэгдсэн. Тухайлбал, энэ сард нийлүүлж байгаа шатахууны үнэ өмнөх сарынхаас 190 ам.доллароор өссөн. Үүнээс шалтгаалан аж ахуйн нэгжүүд шатахууны үнээ нэмэх нөхцөл үүссэн юм.Тиймээс шуурхай хуралдаанаар хэд хэдэн арга хэмжээний талаар хэлэлцсэн. Хамгийн түрүүнд шатахууны нийлүүлэлтийг хэвийн болгох шаардлагатай байна. Энэ хүрээнд урд хөрш болон гуравдагч хөрш орнуудаас шатахуун нийлүүлэх боломжийг судалж, БНХАУ, Сингапур, Малайз, БНСУ зэрэг улстай хэлэлцээр хийж байна. Ирэх 11 болон 12 дугаар сард манай улсад нийлүүлэх шатахууны хэмжээ буурч, хомсдол үүсэх эрсдэлтэй байгаа. Өнөөдрөөс аж ахуйн нэгжүүд АИ-92 автобензиний үнийг литр тутамд 500-550 төгрөгөөр нэмсэн. Энэ нь ОХУ-аас импортолж байгаа шатахууны үнэ өссөнтэй шууд холбоотой. Шатахууны эрэлт нэмэгдэж байгаа энэ үед үнийг үндэслэлгүйгээр өсгөхөөс сэргийлэх зорилгоор Монополын эсрэг байгууллагаас холбогдох зохицуулалт гаргаж, хяналт тавин ажиллаж байна. Мөн дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах ажил эрчимтэй үргэлжилж байгаа бөгөөд 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Одоогийн байдлаар АИ92 автобензиний 14 хоногийн нөөцтэй байна. Монгол Улсад нийт 130 мянган тонн бензин одоогоор байгаа юм.