УИХ дахь АН-ын бүлэг шинэ даргаар УИХ-ын гишүүн Б.Түвшин сонгогдлоо. Өнөөдрийн бүлгийн хуралд бүлгийн 42 гишүүнээс 41 гишүүн оролцжээ. УИХ-ын гишүүн Х.Баттулга л бүлгийн хуралдаа оролцоогүй байна. Хуралдааны эхэнд намын дарга, бүлгийн дарга О.Цогтгэрэл бүлгийн даргаас чөлөөлөгдөх өргөдлөө өгч, олонхын саналаар чөлөөлөгдсөн. Ингээд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Б.Түвшин нар бүлгийн даргад нэрээ дэвшүүлэхэд бүлгийн гишүүд хоёр нэр дэвшигчийг зөвшилц гэсэн тул нэр дэвшигчид уулзжээ. Харин уулзалтын дараа 2-уулаа нэрээ дэвшүүлнэ гэсэн учраас нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө танилцуулсан байна. Мөрийн хөтөлбөрүүдээ танилцуулсны дараа хоёр нэр дэвшигчээс мөрийн хөтөлбөртэй холбоотой асуулт асууж, хариулт авсан байна. Асуулт асууж, хариулт авсны дараа хоёр нэр дэвшигчийн дунд санал хураалтыг нууцаар явуулжээ. Ингээд УИХ-ын гишүүн Б.Түвшин 24 гишүүний санал авч, УИХ дахь АН-ын бүлгийн даргаар сонгогдсон байна. Харин УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин 17 хүний санал авчээ.