Х.Ёл: Нөмрөгийн дархан цаазат газрын 80 хувийг түймэрт алдлаа. Тэнд одоо амьд амьтангүй болж байна
УИХ-ын гишүүн У.Отгонбаяр, Мобиком Корпорацийн удирдлагууд тэргүүтэй хүмүүс энэ сарын 7-ны өдөр Дорнод аймгийн Халхгол сумын Сүмбэр боомтод ажиллажээ. Тэдний зорилго нь Мобиком Корпорацийн хөрөнгө оруулалтаар Сүмбэр боомтыг өндөр хурдны шилэн кабелийн сүлжээнд холбосон ажлын нээлтэд оролцох байв.
Гэвч маргааш нь буюу аравдугаар сарын 8-ны өдөр тус компанийн удирдлагуудын зорчиж явсан автомашинаас гал гарч, улмаар хээрийн түймэр дэгдсэн байна. Зорчиж явсан автомашины доод хэсэгт хуурай өвс их хэмжээгээр орооцолдон шатсаны улмаас гал гарч, улмаар хээрийн түймэр дэгджээ. Түймэр газар авч, өргөөшөө 80 км, уртаашаа 90 км газар нутгийг хамарч, Нөмрөгийн талын 80 хувьд түймэрт автсан гэж албанынхан мэдээллээд байна.
Онцгой байдлын ерөнхий газрын өгсөн мэдээллээр, түймэрт өртсөн талбайн хэмжээг урьдчилсан байдлаар 80 км өргөн, 90 км урт гэж тооцоолжээ. Гал унтраах ажиллагаа таван өдөр үргэлжилж байгаа бөгөөд одоогийн байдлаар түймрийг цурманд оруулж, бүрэн унтраах ажиллагаа үргэлжилж байгаа юм. Түймрийг унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллага, Хил хамгаалах байгууллага, орон нутгийн мэргэжлийн анги болон БНХАУ-ын талаас гээд нийт 215 хүн, 38 автомашинтайгаар оролцож байна. Мөн Дорнод аймгаас ажлын хэсэг байгуулж, ажлын 30 хоногийн дотор түймрийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоохоор болжээ.
Үнэн мөнийг тогтоож, буруутай этгээдэд хариу хүлээлгэнэ
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Дорнод аймгийн Засаг дарга Х.Ёл "Түймрийн шалтгаан, нөхцөл болон хохирлын хэмжээг нарийвчлан тогтоож, буруутай этгээдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. Мөн дархан цаазат болон тусгай хамгаалалттай газар нутагт хавар, намрын нэн хуурайшилттай үед зайлшгүй шаардлагагүй бол иргэд, аялагчдыг зорчихыг хориглох шийдвэр гаргана. Дорнод аймгийн Нөмрөгийн дархан цаазат газрын 80 хувийг түймэрт алдсан тул тэнд амьд амьтангүй болж байна. Үнэн мөнийг тогтоож, хуулийн хүрээнд шаардлагатай арга хэмжээг авна. Дархан цаазат газар, тэр дундаа хилийн бүсэд ийм хэрэг гарсан нь маш том асуудал” гэлээ.
Дорнод аймгийн Цагдаагийн газраас уг түймрийн хэргийг бүртгэлд авч, шалгалтын ажиллагаа эхлүүлсэн байна.
Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, эхлээд түймэр гарсан шалтгаан, нөхцөлийг тогтоож, гал тавьсан этгээдийг тодруулсны дараа хуульд заасан хариуцлагын асуудлыг шийдвэрлэх аж.Одоогоор түймэр гарсан нөхцөл байдал, учирсан хохирлын хэмжээ болон хариуцлага хүлээх этгээдийг эцэслэн тогтоогоогүй байна. Эдгээр асуудлыг холбогдох байгууллагуудын шалгалт, хохирлын үнэлгээний дүнд үндэслэн шийдвэрлэх юм.
Түймэр гарсан өдөр Мобиком компанийн удирдлага тэргүүтэй хүмүүс таван автомашинтайгаар цэнгэг усны тул загас барихаар дархан цаазат газрын нутаг дэвсгэрт нэвтэрсэн гэх мэдээлэл мөн байгаа юм.
Харин Мобиком Корпорациас өчигдөр гаргасан мэдэгдэлдээ, "Бүтээн байгуулалтын ажлыг хүлээлгэн өгөх, сүлжээний ажиллагааг шалгаж сайжруулах, цаашид сүлжээ нэвтрүүлэх боломжийг судлахаар тухайн бүс нутагт ажиллаж байх үед тээврийн хэрэгсэлд гал гарч, хээрийн түймэр дэгдсэн" гэжээ.
Мөн Мобиком Корпораци нийгмийн хариуцлагын хүрээнд Халхголын хилийн отрядын заставуудыг 4G сүлжээнд холбож, Сүмбэр боомтод шилэн кабелийн холболт нэвтрүүлэх ажлыг хэрэгжүүлжээ. Тус компанийн мэдээлснээр, Мобиком Корпораци 2018 оноос Монгол Улсын хил орчмын алслагдсан бүс нутаг, хилийн боомт, хилийн цэргийн заставуудад харилцаа холбооны сүлжээ нэвтрүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж ирсэн. Энэ хүрээнд 2026 онд Халх голын хилийн отрядын бүх заставыг 4G сүлжээнд холбож, Сүмбэр хилийн боомтод шилэн кабелийн холболт нэвтрүүлсэн. Эдгээр ажлыг хүлээлгэн өгөх, сүлжээний ажиллагааг шалгаж сайжруулах, цаашид харилцаа холбооны сүлжээ нэвтрүүлэх боломжийг судлах зорилгоор компанийн удирдлагууд тухайн бүс нутагт ажилласан гэсэн юм.
Мобиком корпораци мэдээлэл өгөхөөс татгалзав
Манай сайт Мобиком корпорацийн Олон нийт, хэвлэл мэдээлэлттэй харилцах хэлтэстэй холбогдон үүссэн нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар тодруулах хүсэлтээ илэрхийлэхэд ямар нэгэн мэдээлэл өгөхгүй, хэн нэгнийг холбож яриулах боломжгүй гэж мэдэгдлээ.
Мобиком корпорацийн хувьцааны дийлэнх хэсгийг Японы KDDI корпораци эзэмшдэг. 2016 оны гуравдугаар сараас хойш Мобиком нь KDDI группийн охин компани гэж явах болсон. Ясүхиро Очи 2026 оноос Мобиком корпорацийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа бөгөөд түймэр гарахад тэнд байсан хүмүүсийн нэг аж. Японууд өндөр ёс суртахуунтай, буруутай үйлдэл гаргасан бол уучлалт гуйж, хариуцлага хүлээж чаддаг гэдэг. Харин Халхгол, Нөмрөгийн талд дэгдсэн гал түймэрт одоогоор уучлалт гуйсангүй, таг байсаар байна.
Дархан цаазат газарт гал гаргаж, ой, хээрийн түймэр дэгдээсэн тохиолдолд нөхцөл байдлаас шалтгаалан Эрүүгийн хуулийн 24.7 дугаар зүйл буюу “Ой, хээрийн түймэр тавих” гэмт хэргийн зүйл ангиар хариуцлага хүлээлгэх боломжтой юм. Мөн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын дэглэм зөрчсөн эсэх, байгаль орчинд учруулсан хохирлыг харгалздаг.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.7 дугаар зүйлд зааснаар:
Галтай болгоомжгүй харьцсаны улмаас түймэр гаргасан бөгөөд хүний амь нас хохирсон, эрүүл мэндэд хүнд хохирол учирсан эсвэл бусад хүнд хор уршиг, их хэмжээний хохирол учирсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Ой, хээрийн түймрийг санаатай тавьсан бол 2–8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан.
Санаатай түймэр тавьсны улмаас хүний амь нас хохирсон, эрүүл мэндэд хүнд хохирол учирсан эсвэл их хэмжээний хохирол учирсан бол 5–12 жил хүртэл хугацаагаар хорих ялтай.
Тусгай хамгаалалттай газарт учруулсан хохирлыг экологи-эдийн засгийн үнэлгээнд үндэслэн нөхөн төлүүлэх зохицуулалттай. Дархан цаазат газарт гал гарсан гэх үндэслэлээр дан ганц байршлыг харгалзан тодорхой ял тогтоохгүй. Гал хэрхэн гарсан, санаатай эсэх, түймэр дэгдсэн эсэх, байгаль орчинд ямар хэмжээний хохирол учирсан зэргийг шалгаж, холбогдох зүйл ангиар зүйлчилдэг байна.