Өмнөд Солонгос Европын холбооны хоригт багтсан танкеруудаар дамжуулан ОХУ-д шатахуун нийлүүлсэн гэх мэдээллийг шалгаж байгаа бөгөөд уг мэдээлэл батлагдвал хуулийн дагуу арга хэмжээ авна гэж тус улсын Гадаад хэргийн яам мэдэгдэв.Олон улсын хэвлэлүүдийн мэдээлснээр, 2026 оны долоо, наймдугаар сард Өмнөд Солонгосын боомтуудаас 176 мянга гаруй тонн шатахуун ОХУ руу тээвэрлэсэн байна. Гэхдээ энэ нь хоригт багтсан бүх төрлийн шатахууны экспорт байсан гэсэн үг биш бөгөөд БНСУ-ын тал арилжааны зориулалттай дизель болон тийрэлтэт хөдөлгүүрийн түлш зэрэг зарим бүтээгдэхүүн экспортын хоригт хамрагддаггүйг онцолжээ.БНСУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Кан Ю Жун хэлэхдээ, Украин, Оросын дайн эхэлснээс хойш Өмнөд Солонгос олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ болон экспортын хяналтыг хэрэгжүүлж ирсэн гэв. Мөн тэрээр хангалттай баримтаар нягтлан шалгалгүйгээр БНСУ-ын бодлогын талаар буруу ойлголт төрүүлэх мэдэгдэл хийхгүй байхыг уриалжээ.Харин Финландад төвтэй Эрчим хүч, цэвэр агаарын судалгааны төвийн шинжээч Исаак Леви Европын холбооны хоригт багтсан танкерууд Өмнөд Солонгосын боомтоос шатахуун ачиж, ОХУ руу тээвэрлэсэн гэх мэдээлэлд санаа зовниж буйгаа илэрхийлсэн байна. Түүний үзэж буйгаар, ийм үйл ажиллагаа нь олон улсын хориг арга хэмжээний үр нөлөөнд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.