Т.Амармэнд: Бид ходоодны хавдрын өндөр эрсдэлтэй бүс нутагт амьдардаг
Интермед IUHW эмнэлгийн Хоол боловсруулах эрхтэн судлал, дурангийн тасгийн эмч Т.Амармэндтэй ярилцлаа.
-Ходоод болон бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээг ямар тохиолдолд зайлшгүй хийлгэх шаардлагатай байдаг вэ. Ямар шинж тэмдэг илэрсэн үед хойшлуулахгүйгээр эмчид яаралтай хандах хэрэгтэй вэ?
-Олон улсын удирдамжид заавал дурангийн шинжилгээнд хамрагдах шаардлагатай, өөрөөр хэлбэл анхаарах ёстой аюултай шинжүүд гэж байдаг. Ходоод болон бүдүүн гэдэсний хувьд эдгээр шинжүүд нь тусдаа ялгаатай. Ходоодны дурангийн шинжилгээнд заавал орох шаардлагатай аюултай шинжүүдийн нэг нь нас юм. Өмнө нь 65-аас дээш насыг онцолж авч үздэг байсан бол сүүлийн үед энэ босго харьцангуй залуужиж, 50-55 наснаас дээш бол дурангийн шинжилгээнд хамрагдахыг зөвлөдөг болсон. Харин Монгол Улсын хувьд бид 40-өөс дээш насанд урьдчилан сэргийлэх зорилгоор ходоодны дурангийн шинжилгээнд дор хаяж нэг удаа заавал хамрагдах хэрэгтэй гэж зөвлөдөг. Цаашдаа 40-өөс дээш насанд хоёр жил тутамд дурангийн шинжилгээнд хамрагдах нь зүйтэй. Ялангуяа 50-иас дээш настай бол заавал дурандуулах шаардлагатай гэж үздэг.
Дараагийн ноцтой шинж тэмдэг нь ямар нэгэн шалтгаангүйгээр жин буурах. Хүн хэвийн хооллож, амьдралын хэв маяг нь өөрчлөгдөөгүй байхад жин шалтгаангүйгээр хасаад байвал заавал дурангийн шинжилгээнд орох хэрэгтэй. Мөн өтгөн хар өнгөтэй гарах нь ходоодны дурангийн шинжилгээ хийх шаардлагатай аюултай шинжүүдийн нэг. Өтгөн хар өнгөтэй байна гэдэг нь хоол боловсруулах дээд зам буюу улаан хоолой, ходоод, нарийн гэдэсний эхний хэсгээс цус алдаж байгааг илтгэж болно. Тухайн хэсэгт шарх, үрэвсэл эсвэл хавдар байх эрсдэлтэй учраас заавал шалгуулах шаардлагатай.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Харин бүдүүн гэдэсний хувьд өтгөн хар өнгөтэй гарахаас гадна өтгөнд цус холилдох, өтгөний хажуугаар цус гарах зэрэг шинж тэмдэг илэрвэл мөн анхаарах хэрэгтэй. Үүнийг зөвхөн нүдээр харахаас гадна өтгөнд далд цус илрүүлэх шинжилгээгээр илрүүлж болно. Хэрэв энэ шинжилгээ эерэг гарвал бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээнд заавал орох шаардлагатай. Үүнээс гадна ходоод, аюулхай орчим хүчтэй өвдөх, удаан хугацаанд зовуурьтай байх зэрэг шинж тэмдэг илэрвэл мөн аюултай шинж тэмдэгт тооцож, шаардлагатай тохиолдолд дурангийн шинжилгээ хийлгэх хэрэгтэй юм.
-Ходоод, бүдүүн гэдэсний дурангаар ямар өвчин, эмгэгийг эрт илрүүлэх боломжтой вэ. Ялангуяа хавдрын өмнөх өөрчлөлт болон хорт хавдрыг эрт үед нь илрүүлэхэд дурангийн шинжилгээ ямар ач холбогдолтой вэ?
-Ходоод, бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээгээр бид хоол боловсруулах замын хэд хэдэн хэсгийг харж, шууд үнэлэх боломжтой. Ходоодны дурангаар улаан хоолой, ходоодыг бүтэн харж, мөн нарийн гэдэсний эхлэл хэсгийг шалгадаг. Харин бүдүүн гэдэсний дурангаар бүдүүн гэдсийг бүхэлд нь шалгана. Ерөнхийдөө бидний ярьж байгаа ходоод, бүдүүн гэдэсний дуран бол хоол боловсруулах замын хавдрыг эрт үед нь илрүүлэх гол шинжилгээний нэг. Мэдээж бусад оношилгооны аргууд ч бий. Гэхдээ хавдрыг хамгийн эрт үе шатанд нь илрүүлэх боломжийн хувьд дурангийн шинжилгээ нь алтан стандарт гэж хэлж болно. Тиймээс улаан хоолой, ходоод, бүдүүн гэдэсний хавдрыг эрт илрүүлэхэд ходоод болон бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ маш чухал ач холбогдолтой.
Монгол Улсын хувьд улаан хоолой, ходоод, бүдүүн гэдэсний хавдрын тохиолдол болон нас баралт өндөр түвшинд байдаг. Ялангуяа ходоод, улаан хоолойн хавдрын тохиолдол өндөр, үүнийг дагаад нас баралт ч өндөр байна. Харин Азийн орнуудаас хамгийн ойр жишээ болох Япон, БНСУ-д эдгээр хавдрын тохиолдол мөн өндөр байдаг. Гэхдээ нас баралт нь харьцангуй бага. Үүний гол шалтгаануудын нэг нь эдгээр улс олон жилийн өмнөөс хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээг тогтмол хийж хэвшсэнтэй холбоотой.
Өөрөөр хэлбэл, хавдар гарахгүй байгаа учраас нас баралт бага байгаа биш, харин хавдрыг эрт үед нь илрүүлж, эмчилж чаддаг гэсэн үг. Монгол Улсын хувьд эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдалт хангалтгүй байгаа нь нэг асуудал болж байна. Хавдрыг эрт үед нь оношилж чадвал бүрэн эмчлэх боломжтой. Зарим тохиолдолд хавдрыг том мэс засал хийхгүйгээр дурангийн аргаар эмчлэх боломж ч байдаг.
-Тэгэхээр манай улсын иргэдийн эрүүл мэндийн боловсрол дутмаг байна гэж ойлгож болох уу?
-Сүүлийн хоёр жилийн хугацаанд ходоодны хавдрын эрт илрүүлгийн үзлэгт 30-аас дээш насныхныг насны ангиллаар хамруулж, ходоодны дурангийн шинжилгээг хийж эхэлсэн. Энэ нь эрүүл мэндийн тогтолцоо өөрөө аажмаар өөрчлөгдөж, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах чиглэл рүү илүү түлхүү анхаарч эхэлж байгааг харуулж байна.
Манай эмнэлэг саяхнаас Японы эмнэлэгтэй хамтран ажиллаж эхэлсэн. Энэхүү хамтын ажиллагааны гол чиглэл нь өвчнийг хожуу үед нь эмчлэхээс илүүтэй эрт оношлох, эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэхэд төвлөрч байгаа. Цаашдын төлөвлөгөөндөө ч энэ чиглэлийг түлхүү баримталж ажиллахаар болсон. Бид өвчнийг хэдий чинээ эрт илрүүлж чадна, төдий чинээ эмчилгээг эрт эхлүүлэх боломжтой.
-Ази хүний биеийн онцлог гэж байдаг уу. Хорт хавдраар өвчлөх эрсдэл Америк, Европын хүмүүсийг бодвол илүү өндөр байдаг уу?
-Судалгаануудаас харахад Азийн орнууд, тэр дундаа Хятад, Төв Азийн орнууд, Монгол, Япон, БНСУ-д ходоодны хавдрын тохиолдол харьцангуй өндөр байдаг. Харин Америк, Европын орнуудад ходоодны хавдрын тохиолдол харьцангуй бага байна. Үүний шалтгааныг хооллолт, архи, тамхи зэрэг хорт зуршил болон амьдралын хэв маягтай холбон судалж үзсэн байдаг. Гэхдээ Ази болон барууны орнуудын хооллолт, амьдралын хэв маягт тодорхой ялгаа байгаа ч зөвхөн эдгээр хүчин зүйлээр Азийн орнуудад ходоодны хавдрын тохиолдол өндөр байгааг бүрэн тайлбарлахад хангалтгүй гэж үздэг.
Тиймээс удамшлын болон генетикийн хүчин зүйл тодорхой хэмжээгээр нөлөөлдөг байх магадлалтай гэж үздэг. Өөрөөр хэлбэл, Ази хүмүүс ходоод, улаан хоолойн хавдраар өвчлөх эрсдэл өндөртэй, эрсдэл өндөр бүс нутагт амьдарч байна гэж хэлж болно. Гэхдээ яг ямар нэг тодорхой ген шууд нөлөөлж байна гэдгийг одоогоор бүрэн тогтоогоогүй байна. Одоогийн судалгаануудын хувьд Ази гаралтай хүмүүсийн дунд эдгээр хавдрын өвчлөл харьцангуй өндөр байгааг илүү тодорхой харуулж байгаа.
Манай улс Европын орнуудтай харьцуулахад хавдрын эрсдэл өндөртэй бүс нутагт тооцогддог тул эрт илрүүлгийн үзлэгт харьцангуй залуу наснаас хамрагдах шаардлагатай.
Т.Амармэнд
-Дурангийн шинжилгээнээс айдаг, өвдөлтөөс санаа зовдог хүмүүс олон байдаг. Тайвшруулалттай дуран гэж яг юу вэ, ямар үед хийхийг зөвлөдөг вэ?
-Сүүлийн үед дурангийн шинжилгээг тайвшруулалттай хийх нь түгээмэл болсон. Манай эмнэлгийн хувьд нийт дурангийн шинжилгээний 90-95 орчим хувийг тайвшруулалттай хийж байна. Гэхдээ тайвшруулалт гэдэг нь хүмүүсийн ойлгодог шиг бүрэн наркоз, унтуулга гэсэн үг биш. Ихэвчлэн судсаар хөнгөн, дунд зэргийн тайвшруулалт хийж дараа нь дурангийн шинжилгээг хийдэг.
Тайвшруулалт хийх болсон гол шалтгаан нь дурангийн шинжилгээнд орох үед хүмүүс айх, сэтгэл түгших, эвгүй болон таагүй мэдрэмж авах нь элбэг байдагтай холбоотой. Тиймээс энэ айдас, зовуурь, таагүй мэдрэмжийг багасгах, аль болох тухтай байлгах зорилгоор тайвшруулалтыг хэрэглэдэг. Тухайн хүн тайван, зовуурь багатай байх нь зөвхөн сэтгэл ханамжид нь нөлөөлөөд зогсохгүй, дуран хийж байгаа эмчийн хувьд ч шинжилгээг илүү чанартай хийх боломжийг бүрдүүлдэг. Өвчтөн тайван байснаар эмч дурангийн шинжилгээг илүү сайн хийж, шаардлагатай хэсгүүдийг анхааралтай шалгах боломжтой болдог. Тиймээс тайвшруулалт нь дурангийн шинжилгээний чанарыг сайжруулахад чухал ач холбогдолтой гэж үздэг.
Ялангуяа бүдүүн гэдэсний дурангийн үед зовуурь, өвдөлт илүү мэдрэгдэх тохиолдол байдаг. Учир нь харьцангуй урт гэдэс дотуур дуранг явуулж шалгадаг учраас зарим хүнд өвдөлт, эвгүй мэдрэмж төрдөг. Тайвшруулалттай дуранд орох үед хүний тав тух, сэтгэл ханамж илүү өндөр байдаг. Гэхдээ бүх хүн заавал тайвшруулалттай дурангийн шинжилгээнд орох ёстой гэсэн зүйл байхгүй. Тухайн хүний хүсэл, биеийн байдал болон эмчийн зөвлөгөөнөөс хамаарч тайвшруулалттай эсвэл тайвшруулалтгүйгээр шинжилгээ хийх боломжтой.
-Дурангийн шинжилгээний үед халдвар хамгаалал, багаж хэрэгслийн ариутгал, өвчтөний аюулгүй байдлыг хэрхэн хангадаг вэ. Өвчтөн өөрөө эмнэлгээ сонгохдоо халдвар хамгааллын ямар стандартыг анхаарах хэрэгтэй вэ?
-Дурангийн шинжилгээ, халдваргүйтгэл, ариутгалтай холбоотой олон улсын стандарт, шаардлага байдаг. Энэ стандартын дагуу дурангийн шинжилгээг хийхээс гадна хэрэглэсэн дуран болон багаж хэрэгслийг халдваргүйжүүлэх үйл явцыг тодорхой шат дараалал, зориулалтын бодис ашиглан хийх ёстой. Дуран өөрөө нэг удаагийн хэрэгсэл биш, олон хүнд дахин ашиглагддаг учраас халдваргүйтгэл маш чухал. Яагаад гэвэл дуран хүний биеийн дотор орж, салст бүрхэвчтэй шууд харьцдаг. Зарим тохиолдолд цус шүүрэх, бүр цустай шууд харьцах нөхцөл ч үүсдэг. Тиймээс дурангаар дамжин халдвар дамжих эрсдэлийг бууруулахын тулд халдваргүйтгэлийг маш өндөр түвшинд, олон улсын стандартын дагуу хийх шаардлагатай.
Манай эмнэлгийн хувьд дурангийн халдваргүйтгэлийг тогтоосон стандарт, шат дарааллын дагуу хийдэг. Өөрөөр хэлбэл, зориулалтын халдваргүйтгэл, ариутгалын үйл явцыг бүрэн хийсний дараа дахин ашигладаг. Мөн дурангийн шинжилгээний үеэр эдийн шинжилгээ авах, ургацаг авах, тодорхой ажилбар хийх зэрэг нэмэлт үйлдэл шаардлагатай бол тусгай багаж хэрэглэдэг. Олон улсын практикт ийм төрлийн багажийн ихэнхийг нэг удаагийн хэрэгслээр хийхийг зөвлөдөг. Манай эмнэлэгт ч мөн хамгийн түгээмэл хэрэглэгддэг дурангийн нэмэлт багажуудыг нэг удаагийн байдлаар ашиглаж байна.
Мэдээж дахин ашиглах боломжтой зарим төрлийн багаж байдаг ч тэдгээр нь харьцангуй цөөн. Харин голчлон хэрэглэдэг багажуудын хувьд нэг удаагийн хэрэгсэл ашиглах боломж өнөөдөр хангалттай болсон. Өмнө нь зарим багажийн олдоц хязгаарлагдмал үе байсан бол одоо нэг удаагийн багажийг тогтмол ашиглах боломжтой болсон гэж хэлж болно.
-Ходоод болон бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээнд өвчтөн өөрийгөө хэрхэн бэлдэх ёстой вэ?
-Зөвхөн ходоодны дурангийн шинжилгээнд орох гэж байгаа бол өмнөх өдрийн орой 17-18 цагаас хойш бүхэл хоол идэхгүй байх хэрэгтэй. Харин шингэн зүйл ууж болно. Харин дурандуулах өдрийн өглөө юу ч идэж, уухгүй, өлөн ирэх шаардлагатай. Ерөнхийдөө дурангийн шинжилгээнд орох үед шингэн зүйлээс дурангийн өмнөх 2-3 цагийн хугацаанд татгалзсан байх ёстой. Харин бүхэл хоолны хувьд дор хаяж 6-8 цагийн өмнөөс юу ч идээгүй байх шаардлагатай. Учир нь идсэн хоол энэ хугацааны дараа ходоодноос цааш боловсруулагдаж, шилжсэн байдаг.
Харин бүдүүн гэдэсний дурангийн бэлтгэл арай өөр. Бүдүүн гэдэсний дурангийн өмнө гэдсийг заавал сайтар цэвэрлэх шаардлагатай байдаг. Үүний тулд зориулалтын туулгах бэлдмэл ууж, гэдсээ цэвэрлээд шинжилгээнд орно. Туулгах бэлдмэлийн хэд хэдэн төрөл байдаг бөгөөд сүүлийн үед олон улсын удирдамжид зөвлөдөг бэлдмэлүүдийг хэрэглэж байна. Тухайн бэлдмэлээсээ хамаараад хэрэглэх заавар нь бага зэрэг ялгаатай байж болно. Ерөнхийдөө өмнөх өдрийн орой 18-19 цагийн үед эхний тунг ууж, дурандуулах өдрийн өглөө эрт, тухайлбал 5-6 цагийн үед дараагийн тунг уух хуваарь түгээмэл байдаг. Гэхдээ тухайн бэлдмэлийн зааврыг эмчийн зөвлөсний дагуу мөрдөх хэрэгтэй.
Туулгах бэлдмэл ууж байх хугацаандаа аль болох хөдөлгөөнтэй байх нь гэдэс сайн цэвэрлэгдэхэд тустай. Мөн туулгын дараа хангалттай хэмжээний шингэн, ялангуяа ус уух хэрэгтэй. Өмнөх орой нь туулга уусны дараа дор хаяж нэг литр орчим ус уухыг зөвлөдөг. Мөн бүдүүн гэдэсний дурангийн бэлтгэлд хооллолт чухал. Нарийн ногоо мөн үртэй жимс зэрэг нь гэдсэнд үлдэж, туулгаар бүрэн гадагшлахгүй байх тохиолдол байдаг. Тиймээс дурангийн шинжилгээнээс 1-2 хоногийн өмнөөс ийм төрлийн хүнсийг хэрэглэхгүй байхыг зөвлөдөг. Ингэж зөв бэлтгэл хийх нь бүдүүн гэдсийг сайтар цэвэрлэж, эмчид гэдэсний салстыг бүрэн, тодорхой харах боломжийг олгодог.
-Дурангийн үед оношлохоос гадна эмчилгээний боломжийн талаар мэдээлэл өгнө үү.
-Дурангийн шинжилгээг анх оношилгооны зорилгоор хийдэг байсан бол сүүлийн үед эмчилгээний дурангийн чиглэлээр маш их хөгжиж байна. Зарим эмчилгээний дурангийн ажилбар нь уламжлалт мэс заслын эмчилгээг орлох хэмжээнд хүртэл хөгжсөн. Манай тасагт хамгийн түгээмэл хийгддэг эмчилгээний дурангийн ажилбарын нэг нь хоол боловсруулах замд үүссэн ургацгийг авах юм. Зарим ургацаг нь эрт үеийн хавдрын өөрчлөлттэй байдаг ба цаашдаа хавдар болох эрсдэлтэй юм. Тиймээс ийм ургацгийг хавдар болж хүндрэхээс нь өмнө дурангаар авч, эмчлэх боломжтой.
Үүнээс гадна хоол боловсруулах замд шарх, хавдар болон бусад шалтгаанаар нарийсал үүсэх тохиолдол байдаг. Энэ үед дурангийн аргаар нарийссан хэсгийг тэлэх, шаардлагатай тохиолдолд стент болон тусгай тэлэгч хэрэгсэл тавих зэрэг эмчилгээ хийж болно. Мөн дурангийн эмчилгээний хамгийн их хөгжсөн чиглэлүүдийн нэг нь эрт үеийн хавдрыг дурангаар авах эмчилгээ юм. Өөрөөр хэлбэл, хавдар мэс засал хийх хэмжээнд хүрэхээс өмнө, зөвхөн салстын түвшинд хязгаарлагдсан эрт үед нь дурангаар салстыг нь бүрэн авч, эмчлэх боломжтой болсон. Улаан хоолой, ходоод, нарийн болон бүдүүн гэдэсний зарим эрт үеийн хавдрыг ийм аргаар эмчлэх боломжтой.
Дурангийн технологи өөрөө олон төрөлтэй. Тухайлбал, эхо дуран гэж байдаг бөгөөд хавдрын тархалт, гүн болон ойролцоох бүтцүүдийг үнэлэх зэрэгт ашигладаг. Энэ нь ялангуяа хавдартай өвчтөнд шаардлагатай тохиолдолд хийдэг нарийн шинжилгээний нэг. Мөн цөсний замын дуран гэж бий. Цөсний хүүдийд үүссэн чулуу зарим тохиолдолд цөсний суваг руу орж, нарийн сувгийг бөглөдөг. Ийм үед цөсний замын дурангаар тухайн сувгийг шалгаж, чулууг авах зэрэг эмчилгээ хийх боломжтой. Түүнчлэн өөр дээрээ камертай, залгидаг капсул дурангийн шинжилгээгээр нарийн гэдэсний шарх, хавдар, үрэвсэл, ургацаг зэрэг салстын өөрчлөлтийг илрүүлж болно.