Монгол Улс тогтвортой ноолуурын боловсруулалт, сэргээгдэх эрчим хүч, чухал ашигт малтмалын хайгуулын бодлого, зохицуулалтын орчноо шинэчилснээр дунд хугацаанд 580–880 сая ам.долларын хувийн хөрөнгө оруулалт татах боломжтой гэж Дэлхийн Банкны шинэ тайландаа онцолжээ.
Дэлхийн Банк, Олон улсын санхүүгийн корпорацын хамтран гаргасан Монгол Улсын Хувийн хэвшлийн оношилгооны тайланд эдийн засгийн дээрх гурван салбарт урд өмнө ашиглагдаагүй боломж гарч байгаа гэжээ.
Монгол Улс дэлхийн түүхий ноолуурын нийлүүлэлтийн ойролцоогоор 40 хувийг бүрдүүлдэг ч дотооддоо ердөө 20 орчим хувийг боловсруулдаг. Түүнчлэн боловсруулсан ноолуурын дийлэнх нь эцсийн бүтээгдэхүүн бус, хагас боловсруулсан хэлбэрээр экспортлогдож байна. Хэрвээ эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нэмүү өртгийн сүлжээнд ахиснаар ижил хэмжээний түүхий эдээс бий болгох үнэ цэнийг 200 гаруй хувиар нэмэгдүүлэх боломжтой гэжээ.
Үүний тулд ноолуурын ширхгийн чанарын стандарт, үнийн тогтолцоо, санхүүжилтийн хүртээмжийг сайжруулах шинэчлэл хийвэл 2030 он гэхэд тус салбарт 150 сая ам.долларын хувийн хөрөнгө оруулалт татаж, 5000 хүртэл ажлын байр бий болгох боломжтойг онцолсон байна.
Дараагийнх нь Монгол Улс нарны эрчим хүчний 700 гигаватт, салхины эрчим хүчний 400 гигаваттын техникийн нөөц боломжтой боловч өнөөдөр сэргээгдэх эрчим хүч нийт цахилгаан үйлдвэрлэлийн ойролцоогоор 10 хувийг бүрдүүлж байна. Цахилгаан дамжуулах сүлжээг шинэчлэх, эрчим хүч худалдан авах гэрээний нөхцөлийг хөрөнгө оруулагчдад илүү найдвартай болгох, томоохон аж үйлдвэрийн хэрэглэгчдэд эрчим хүч үйлдвэрлэгчтэй шууд гэрээ байгуулах боломж бүрдүүлэх зэрэг шинэчлэл хийснээр 230 сая ам.долларын хувийн хөрөнгө оруулалт, 1700 орчим ажлын байр бий болгох боломжтой гэж Дэлхийн Банк үзжээ.