Баавгай халдсан асуудлаар БОУАӨЯ, НОБГ, Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газраас мэдээлэл хийлээ. Нийслэлийн байгаль орчны газрын дарга М.Мөнхбаяр: Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэр, Улиастайн аманд хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа. Тус хэргийн талаар мэдээлэл аравдугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө 01:04 цагт ирсэн. Дуудлага мэдээллийн дагуу бид газар дээр нь 02:00 цагийн үед очиход нэг иргэн амь насаа алдсан, нэг иргэн маш хүнд гэмтсэн байдалтай байсан.Сүүлийн үед Улаанбаатар хотын нутаг дэвсгэр, тэр дундаа ногоон бүсэд баавгай хэрхэн орж ирдэг, ер нь баавгай байгаа эсэх талаар иргэд ихээхэн асууж байна. Статистик мэдээллийг авч үзвэл, 2018 онд баавгайтай холбоотой хоёр удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. 2019 онд нэг удаа бүртгэгдсэнээс хойш Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт ийм төрлийн дуудлага мэдээлэл бүртгэгдээгүй. Харин 2026 онд нийт 28 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс 24 нь бодитой байсан бол дөрөв нь андуурсан дуудлага байсан. Тухайлбал, дээрх дөрвөн дуудлагын заримд нь баавгай байгаа мэтээр хуурамч, хиймэл оюун ухаанаар боловсруулсан зураг ашиглан мэдээлэл өгсөн тохиолдол бүртгэгдсэн. Одоогоор баавгай ичээндээ ортол шуурхай баг ажиллуулж, иргэдэд мэдээлэл, сэрэмжлүүлэг өгөх ажлыг зохион байгуулж байна. Мөн шаардлагатай техник, хэрэгслийг авах төсөв хөрөнгийн асуудлыг шийдвэрлэсэн.