МАН хуваагдсанаас хойш олонх болсон тал нь намаа ч, засгаа ч, нийслэлээ ч авсан. Цөөнх талд үлдсэн ганц зүйл нь Нийслэлийн намын хороо. Гэхдээ нийслэлийн Намын хороо гэдэг МАН-ын тал гэдэг. Энэ утгаараа цөөнх тал намаа өгөхгүй гэж гүрийж, олонх тал нь авна гэж зүтгэсээр олон сар өнгөрлөө. Намын хуваагдал дээд цэгтээ хүрч Н.Учрал намын даргаар сонгогдсоны дараа Х.Нямбаатараас нийслэлийн Засаг дарга болон нийслэлийн намыг нь авах ажиллагаа нам дотор нь эхэлсэн ч Х.Нямбаатар нийслэлийн Засаг даргын ажлаа өгөөд Канадад сурч байгаа гэх.
Тэгвэл өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж Нийслэлийн намын хорооны тэргүүлэгчид намын Бага хурлаа товлоод энэ сарын 16-ны дотор УЗ-д зөвшилцөх саналаа ирүүлэх чиглэл өглөө. МАН-ын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар хэлэхдээ "Нийслэлийн намын хорооны дарга Х.Нямбаатар байхгүй ч хурлаа хийж, намын даргыг өөрчлөх боломжтой гэсэн мэдээлэл өгсөн. Тэрээр “Заавал намын дарга байх албагүй. Намын Дүрэмд намын дарга эзгүй үед орон тооны Дэд дарга нарын аль нэг нь даргалаад Тэргүүлэгчдээ хуралдуулах боломжтой. Мөн намын УЗ-өөс чиглэл өгч байгаа учраас Х.Нямбаатар дарга цахимаар Тэргүүлэгчдийн хурлаа хийгээд намын Бага хурлаа зарлах боломжтой. Аймаг, нийслэлийн намын Бага хурлыг 14 хоногийн өмнө тухайн шатны намын байгууллагын тэргүүлэгчид зарладаг Дүрэмтэй. Хурлаа товлосны дараа УЗ-д зөвшилцөх саналаа ирүүлэх ёстой. Тиймээс аравдугаар сарын 16-ны дотор зөвшилцөх саналаа УЗ-д ирүүлэхийг үүрэг болгосон” гэсэн.
Энэ бол Х.Нямбаатараас нийслэлийн намын хороог нь авах ажиллагаа албан ёсоор эхэлсэн гэсэн үг. Харин Х.Нямбаатар 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшилгүй орон нутгийн сонгуульд намаа удирдан орж 45 суудлаас 40 суудал авсан намын даргын хувьд намын хороогоо өгөхгүй гэсэн байр сууриа удаа дараа хэлж байгаа. Тэгвэл намын УЗ-өөс шийдвэр гаргаж Нийслэлийн намын хорооны Тэргүүлэгчид Бага хурлаа товлохыг үүрэг болголоо. Тиймээс намын хорооны Тэргүүлэгчид хуралдаж, Бага хурлаа товлон зарлах бололтой.