
Б.Энэрэл: Мэдээллийн эринд багшийн хэрэгцээ улам нэмэгдэж, хөгжил нь эргэлтийн цэг дээр байна
Нийтэлсэн 2026 оны 10 сарын 7
"Дэлхийн Монгол" булангийнхаа ээлжит зочноор Б.Энэрэлийг урьж ярилцлаа. Түүний хувьд эх орондоо багш мэргэжил эзэмшин ажиллаж байгаад Европ, Унгар улсад мэргэжил дээшлүүлэн суралцаж, тэндээ олон улсын сурагчдад багшилж туршлага хуримтлуулаад иржээ. Тодруулбал, 2019–2021 онд Унгар улсын Этвөш Лорандын их сургуульд боловсрол, судлал, менежмент чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. Сүүлийн тав гаруй жил төсөлд суурилсан болон байгальд түшиглэсэн сургалтын арга зүйгээр Монголын орон нутагт ажиллаж буй багш нар, мөн олон улсын сургуулийн багш нарыг сургаж, зөвлөн дэмжиж байна. Тэрээр боловсролын салбарт ажиллахын зэрэгцээ Унгарт амьдарч буй монгол хүүхдүүдэд эх хэл, өв соёлоо суралцах боломж олгох "Гүем" бямба гарагийн сургуулийг үүсгэн байгуулсан юм. Б.Энэрэл одоо Унгарт хуримтлуулсан мэдлэг, туршлагаа Монголын боловсролын салбарт нутагшуулах зорилгоор TeachLead Institute-ийг үүсгэн байгуулж, багшийн мэргэжлийн хөгжил, шинэлэг сургалтын арга зүй, сургуулийн хөгжлийн чиглэлээр ажиллаж байна.
Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Ярилцлагаа таны бага наснаас эхэлье. Та багадаа ямар хүүхэд байсан бэ?
-Би Баян-Өлгий аймагт төрж өссөн. Аймгийн төвдөө арван жилээ төгсөж, суралцсан. Зуныхаа амралтаар хөдөө хөгшин ээж дээрээ очиж тусалдаг хүүхэд байлаа. Тэнд надтай нийлээд манай үеэлүүд нийт 15 хүүхэд жижигхэн бор гэрт зуны гурван сарыг хамтдаа өнгөрөөдөг байсан. Эндээс л одоогийн Б.Энэрэлийн бүх суурь тавигдсан. Нэг гэрт өөр, өөр айлын 15 хүүхэд зохицон амьдарч, эмээгийнхээ удирдлагаар хэдэн ямаагаа сааж, сүү цагаан эдээгээ боловсруулна. Намар нь наранд борлож шарласан бор хүүхдүүд аймгийн төв рүү хичээлдээ суухаар явдаг байв. Би хоёр эрэгтэй хүүхдийн дундах охин. Багадаа маш сэргэлэн, үеэлүүд дотроо шинийг санаачилдаг жаахан дэггүй талдаа хүүхэд байсан.
Р.Эрдэнэчимэг нь 2022 онд Их засаг их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
-Тэгэхээр таны бичсэн “Хөгшин ээжийн бор гэрт” ном бага насны дурсамжаас төрсөн бүтээл байх нь ээ. Энэ номыг бичихэд юу хамгийн их түлхэц болсон бэ?
-Би бага насаа онцгой содон гэж боддоггүй байсан. Үүнийгээ анзаараагүй явсан юм билээ. Харин Европт очиж ажиллах үедээ их азтай хувь заяанд төрсөн хүн гэдгээ мэдэрсэн. Миний хувьд маш аюулгүй тайван орчинд, хөдөө байгальд, мал ахуй, монгол өв соёлтойгоо ойрхон өссөн. Эргээд бодоход энэ нь хүүхэд болгонд байх хэрэгтэй чухал аюулгүй орчин байж. Ийм орчинг эдэлж өссөндөө талархаж, хүүхэд насанд минь тохиолдож байсан бодит явдлуудаа зурагт ном болгон буулгасан. Ном бичихэд нөлөөлсөн гол зүйл нь Унгарт хичээл зааж байсан хүүхдүүд маань юм. Тэд миний өссөн орчныг хайж байгаа мэт санагдсан. Болосвролын салбарт байгальд суурилсан суралцахуйн арга зүй (nature-based learning), төсөлд суурилсан суралцахуй (project-based learning) гэж бий. Бид орчин үеийн хүүхдүүдэд энэ агуулгаар хичээл заахыг зорьж байгаа юм. Гэтэл олон улсынхны хүчтэй анхаараад байгаа боловсролын арга зүй яг миний хөгшин ээжийн бор гэрт жинхэнэ утгаараа байжээ. Тэр мөчид өөрийн бага нас, өнгөрүүлсэн дурсамжаа дэлхийн хүүхдүүдтэй хуваалцахыг хүссэн. “Хөгшин ээжийн бор гэрт” цуврал номоо эхлүүлсэн явж байгаа.
-Та анхнаасаа багш болно гэж бодоогүй байсан гэсэн. Ер нь багш болох шийдвэрийг хэзээ, хэрхэн гаргасан бэ?
-Анх багш болно, боловсролын салбарт ажиллана гэж бодоогүй. Ерөнхийдөө зураг зурах, төсөөлөн бодох, аливаа зүйлийг өөрчлөх зэрэг бүтээлч ажилд сонирхолтой хүүхэд байлаа. Манай гэр бүл шинжлэх ухааны мэдлэг маш чухал гэж үздэг байсан. Иймээс ч намайг эмч болгох хүсэлтэй, бүр энэ мэргэжлээр суралцахаар бэлтгэж байв. Гэхдээ миний сонирхол байгальдаа ойрхон зүйл байв. Иймээс биологиор суралцахаар шийдэж МУИС-д биологи, биотехнологийн мэргэжлээр сурж төгссөн. Сурж байхдаа шинжлэх ухааны үнэ цэн, агуулгын мэдээллийг гүн гүнзгий мэдэхийн ач холбогдол, давуу талыг ойлгосон. Гэхдээ сэтгэлийн гүндээ илүү нөлөөлөл бий болгодог ажилд сонирхолтой гэдгээ мэдрээд л байсан юм. Даанч хөдөө орон нутгийн хүүхэд карьер зөвлөгөө гэж мэдэхгүй, өөрийнхөө бор зүрхээр явж байсан учраас яг барьж авч чадахгүй байсан. Манай аав, ээж хоёр намайг ажиглаад “Чи ер нь боловсролын салбарт ажиллабал зүгээр юм байна. Ер нь багш болох уу” гэж санал болгосон. Би яагаад багш болж болохгүй гэж бодоод Ховд их сургуулийн хөрвүүлэх ангид бакалавраар дахин сурж, багш болж байлаа. Баян-Өлгий аймгаасаа ажлын гараагаа эхэлсэн. Тэнд л багш мэргэжил чухал гэдгийг мэдэрч, хөрсөндөө буусан. Тэр үед Европт ажиллаж, олон улсын сурагчдад багшлаад явж байна гэсэн амбиц байгаагүй.Ийм зүйл болно гэж зүүдлээ ч үгүй явсан.
-Хүн ажиллаж байх үедээ “Энэ миний хийх ёстой зүйл юм байна” гэж мэдэрдэг мөч байдаг шүү дээ. Та яг ийм мэдрэмжийг хэзээ мэдэрсэн бэ?
-Хүүхдүүдтэй ажиллаж байхдаа маш их аз жаргалтай байдаг. Миний зааж байгаа хичээлийг хүүхдүүд сонирхохыг хараад шинэлэг зүйл бүтээх юмсан гэсэн хүсэл эрмэлзэлтэй болдог юм байна лээ. Гэхдээ би багш мэргэжлээр ажиллах ёстой юм байна гэдгээ Монголд байхдаа ойлгоогүй. Учир нь тухайн үед маш завгүй ажилладаг байсан. Зуны амралт эхэлбэл бусад багш нарын адил өөр ажил хийнэ. Би зундаа англи хэлний хөтчөөр ажилладаг байлаа. Ийм л циклтэй байсан. Монголдоо таван жил багшаар ажиллачхаад боловсрол судлалын чиглэлээр илүү мэргэших хэрэгтэй юм байна гэж үзээд Унгарын Засгийн газрын тэтгэлгээр сурахаар явсан. Тэтгэлэгт материалаа явуулахдаа боловсролын чиглэлээр нэлээд судалгаа хийдэг, чанартай, багш нарт нөлөөлөл сайтай сургуулийг сонирхсон. Ингээд Унгарын Эөтвөш Лорандын сургуулийг сонгосон юм.
-Унгар хүмүүс таныг хэрхэн хүлээж авч байв. Хоёр ард түмний хооронд танд анзаарагдсан ижил төстэй зүйл бий юу?
–Унгарчууд Монголчуудад их элгэмсэг, ээлтэй ханддаг. Хоёр ард түмнийг холбодог гол зүйл бол нүүдэлчин соёл. Унгарчууд өөрсдийгөө нүүдэлчин соёлоос гаралтай гэж үздэг бөгөөд энэ талаарх судалгаа ч олон юм билээ. Тиймээс эсгий гэр, нүүдэлчин соёлын талаар өөрсдөө сонирхож судалсан байдаг. Би Монголыг мэддэггүй Унгар хүнтэй тааралдаж байгаагүй. Гэхдээ урьд нь монгол багшаар хичээл заалгаж байсан унгар сурагчтай таарч байгаагүй. Би тэдний анхны монгол багш, тодруулбал олон улсын сурагчдын анхны байгалийн ухаан, биологийн багш нь байсан юм.
-Эөтвөш Лорандын их сургуульд боловсролын менежментээр суралцахын зэрэгцээ олон улсын сургуульд багшилжээ. Тэр орчин таны ойлголтыг хэрхэн өөрчилсөн бэ?
-Анх олон улсын сургуулиудад материалаа явуулахдаа Монголын дипломтой багшийг авах болов уу гэсэн эргэлзээ байсан. Харин ажиллаж эхлээд багш гэдэг зөвхөн өөрийн хичээлийг сайн заадаг хүн биш гэдгийг илүү хүчтэй ойлгосон.Нэг ангид олон орны хүүхэд, багш нар цуглахаар хүн бүр өөрийн соёл, амьдралын туршлага, ертөнцийг харах өнцгийг авчирдаг. Сурагчид маань Монголын гэр, нүүдлийн ахуй, байгальтайгаа зохицож амьдардаг соёлын талаар асуухад би үүнийг биологи, байгаль орчны хичээлтэйгээ холбон ярьдаг байлаа. Тэр үед би зөвхөн хичээл заагаагүй, Монгол хүний хувьд өөрийн орны нэг дуу хоолой, төлөөлөл болж байгаагаа ойлгосон. Тэгээд ямар багшийг сайн багш гэх бол гэсэн асуултыг өөрөөр харж эхэлсэн. Багшид мэдлэг, арга зүй мэдээж хэрэгтэй. Үүнээс гадна өөрийн гэсэн үзэл бодол, үнэт зүйл, соёлын мэдрэмжтэй, хүүхдэд олон өнцгөөс харах боломж өгдөг хүн байх нь маш чухал юм байна. Энэ ойлголт намайг 21-р зууны хүүхдэд ямар багш, ямар арга зүй хэрэгтэй вэ гэдгийг илүү гүн судлахад хүргэсэн. Ингээд багшийн хөгжлийн чиглэлээр ажиллах болсон.
Нэг ангид олон орны хүүхэд, багш нар цуглахаар хүн бүр өөрийн соёл, амьдралын туршлага, ертөнцийг харах өнцгийг авчирдаг. Сурагчид маань Монголын гэр, нүүдлийн ахуй, байгальтайгаа зохицож амьдардаг соёлын талаар асуухад би үүнийг биологи, байгаль орчны хичээлтэйгээ холбон ярьдаг байлаа. Тэр үед би зөвхөн хичээл заагаагүй, Монгол хүний хувьд өөрийн орны нэг дуу хоолой, төлөөлөл болж байгаагаа ойлгосон.
Б.Энэрэл
-Монголд бэлтгэгдсэн багшийн хувьд олон улсын сургуулийн орчинд очиход хамгийн түрүүнд юуг анзаарч, юунаас хамгийн их суралцсан бэ?
-Маш олон зүйл анзаарсан. Юуны өмнө би Монголын боловсролын системд багш болж бэлтгэгдсэндээ их талархдаг. Монгол багш нарын давуу тал нь зарчимч, ёс зүйтэй, хариуцлагатай, ачаалал дааж ажиллах чадвар юм байна гэдгийг олон орны багш нартай мөр зэрэгцэн ажиллахдаа илүү мэдэрсэн. Тиймээс манай багш нарт олон улсын түвшинд ажиллах бүрэн боломж бий гэж боддог. Харин намайг хамгийн их гайхшруулсан зүйл нь тэдний багшийн хөгжлийг харж байгаа өнцөг байсан. Би ажилдаа ороод хичээлээ төлөвлөөд, сайн заахад л төвлөрнө гэж бодсон. Гэтэл эхлээд намайг багшийн хөгжлийн хөтөлбөрт хамруулсан. Сургуулийн алсын хараа, үнэт зүйлээс эхлээд “чи өөрөө юуг эрхэмлэдэг вэ. Юунд сайн бэ. Ямар багш, ямар хүн болж хөгжихийг хүсэж байна? Бусдад хэрхэн нөлөөлж, манлайлах вэ?” гэдэг асуултууд дээр ажиллуулсан. Тухайн үедээ би бүр “Яагаад над дээр ингэж их төвлөрөөд байгаа юм бол, би зүгээр л хичээлээ сайн заамаар байна” гэж боддог байлаа. Харин дараа нь сайн багшийг зөвхөн хичээл заах арга зүйгээр нь хөгжүүлдэггүй юм байна гэдгийг ойлгосон. Мэдлэг, арга зүйгээс гадна багшийн өөртөө итгэх итгэл, хүсэл тэмүүлэл, манлайлал, бусдад нөлөөлөх чадвар, цаашлаад ажлаасаа гадна юуг эрхэмлэдэг, өөрийн амьдралдаа хэрхэн өсөж хөгжиж байгааг нь хүртэл цогцоор нь хардаг юм байна.Энэ арга зүй надад их хүчтэй үлдсэн. Багш өөрөө зорилготой, өөртөө итгэлтэй, тасралтгүй суралцдаг, амьдралдаа ч өсөж хөгжиж байж хүүхдэд тийм үлгэрлэл үзүүлнэ. Багш гэдэг зөвхөн ангидаа хичээл заадаг хүн биш, анги танхимдаа, сургуульдаа, цаашлаад нийгэмдээ нөлөөлж чаддаг манлайлагч юм байна.
Сонирхолтой нь, тухайн үед “би зүгээр хичээлээ заамаар байна” гэж бодож суусан хүн долоон жилийн дараа өөрөө багшийн цогц хөгжлийн сургалт явуулж, олон улсын багш нарыг хөгжүүлэх, чиглүүлэх ажил хийдэг болсон байна. Миний хувьд багшийн хөгжлийг харах өнцөг яг тэндээс өөрчлөгдсөн.
-Таны хэрэгжүүлж буй төсөлд суурилсан суралцахуйн (PBL) арга зүйг энгийнээр тайлбарлаж өгөөч. Уламжлалт хичээлээс юугаараа ялгаатай вэ?
-Төсөлд суурилсан суралцахуйн арга зүйг би “төсөлт ажилд суурилсан суралцахуй” гэж ойлгуулж, тайлбарлах дуртай. Зарим сургуулиуд үүнийг хүүхдэд нэг сэдэв өгөөд бие даалгаж хийлгэхтэй андуурдаг. Гэхдээ PBL бол үүнээс өөр. Хүүхэд тодорхой хугацаанд бодит асуудал, хэрэгцээ, ажил дээр ажиллаж, эцэст нь бодит үр дүн бүтээх явцдаа академик мэдлэгээ эзэмшдэг арга зүй. Жишээлбэл, хүүхэд нэг асуудлыг судална, мэдээлэл цуглуулна, багаар ажиллана, санал зөрөлдөнө, шийдэл гаргана, туршина, алдаанаасаа суралцана, бүтээлээ бусдад танилцуулна. Ингэхдээ зөвхөн хичээлийн агуулга сураад зогсохгүй асуудал шийдэх, шүүн тунгаах, хамтран ажиллах, харилцах, бие даан суралцах зэрэг чадвараа бодитоор ашиглаж хөгжүүлдэг.Өнөөдөр хүүхдэд зөвхөн “юу мэддэг вэ” гэдэг хангалтгүй болсон. “Мэддэг зүйлээрээ юу хийж чаддаг вэ” гэдэг нь илүү чухал. Тиймээс бид хүүхдэд зөвхөн мэдлэг өгөхөөс гадна тэр мэдлэгээ бодит амьдралд ашиглах чадвар, чадамжийг сургууль дээр нь хөгжүүлэх хэрэгтэй. PBL-ийн хамгийн том үнэ цэнэ нь энэ.Өнөөдөр хүүхдээс зөвхөн ‘юу мэддэг вэ’ гэж асуух хангалтгүй. Мэддэг зүйлээрээ юу хийж чаддаг вэ гэдэг нь илүү чухал. Тиймээс PBL-ийн хамгийн том үнэ цэнэ нь хүүхдэд мэдлэг өгөхөөс гадна тэр мэдлэгээрээ хийж, бүтээж, асуудал шийдэж сургадагт оршдог.
-PBL арга зүйг Монголын сургуулийн орчинд хэрэгжүүлэх боломжтой юу?
-Монголд хэрэгжих боломжтой эсэхийг ярих үе нь өнгөрсөн. Аль хэдийн хэрэгжүүлээд, бодит туршлага хуримтлуулж байна. Сүүлийн дөрвөн жил би Монгол багш нартай PBL арга зүйгээр ажиллаж, хөдөө орон нутгийн болон нийслэлийн сургуулиудад багш нарыг бэлтгэн, төсөлт ажлуудыг хэрэгжүүлж байна. Үүний нэг жишээ нь Teach For Mongolia-ийн багш бэлтгэх хөтөлбөр. Миний боловсруулсан PBL хөтөлбөрөөр бэлтгэгдсэн багш нар орон нутагт очиж, хүүхдүүдтэй бодит асуудал дээр ажиллаж, судалгаа хийж, туршиж, шийдэл боловсруулдаг сутыг хэрэгжүүлсэн. Энэ нь миний хувьд их утга учиртай. Учир нь нэгэн цагт хөдөө орон нутагт суралцаж байсан над шиг хүүхдэд дэлхийн түвшинд хэрэглэгдэж байгаа арга зүй хүрч байна гэсэн үг. Үр дүн нь зөвхөн нэг гоё төсөл хийснээр хэмжигдэхгүй. Хүүхдүүд асуудлыг олон талаас нь харж, асуулт тавьж, судалж, багаар ажиллаж, мэдлэгээ бодит нөхцөлд ашиглаж сурч байна. Багш нар ч хөтөлбөрийн агуулгыг зүгээр дамжуулахаас илүү тухайн сурагчаар мэдлэг бүтээлгэх, чадварыг нь хөгжүүлэх байдлаар хичээлээ төлөвлөж эхэлдэг. Зарим сурагчийн хувьд энэ туршлага нь өөрийн сонирхол, цаашдын мэргэжлээ харахад хүртэл нөлөөлж байна.
-Мэдээллийн эринд хүүхэд багшгүйгээр ч суралцаж чаддаг болсон. Ийм үед багшийн үүрэг юу байх вэ?
-Өнөөдрийн хүүхэд асар их мэдээллийн дунд өсөж байна. Нэг дэлгэцээс нөгөө дэлгэц рүү шилжиж, хүссэн мэдээллээ Google, YouTube, AI-аас хэдхэн секундэд авах боломжтой болсон. Тиймээс мэдээлэл олж авахын тулд хүүхдэд заавал багш хэрэгтэй байсан үе өөрчлөгдсөн. Гэхдээ энд нэг чухал ялгаа бий. Мэдээлэл олж чаддаг байх нь суралцаж чадаж байна гэсэн үг биш. Мэдээлэл ихсэх тусам аль нь үнэн, аль нь хэрэгтэйг ялгах, шүүн тунгаах, зөв асуулт тавих, мэдлэгүүдээ хооронд нь холбох, бодит амьдралд ашиглах чадвар улам чухал болж байна.Миний харж байгаагаар 21-р зуунд багшийн үүрэг багасаагүй, харин улам нэмэгдсэн. Багш зөвхөн “мэддэг зүйлээ хүүхдэд хэлж өгдөг хүн” байхаа больж байна. Харин хүүхдэд хэрхэн суралцахыг сурахад нь тусалдаг, сэтгэх арга барилыг нь хөгжүүлдэг, олон мэдээллийн дунд зөв чиглүүлдэг coach, mentor, role model байх хэрэгтэй болж байна.Цаашлаад хүүхэд мэдлэгтэй байхаас гадна тэр мэдлэгээ ашиглаж чаддаг, асуудал шийддэг, бусадтай хамтардаг, өөрөө бие даан суралцдаг хүн болж төлөвшихөд багш чиглүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, мэдээлэл элбэг болох тусам багш хэрэггүй болоогүй. Харин сайн багшийн хэрэгцээ улам их болсон.Тиймээс зөвхөн хүүхдийн суралцах арга барилыг шинэчлэх тухай биш, багш өөрөө энэ шинэ үүрэгт хэрхэн хөгжих вэ гэдэг багшийн хөгжлийн маш чухал эргэлтийн цэг дээр ирээд байна.
-21-р зууны хүүхдэд сургууль ямар чадварыг түлхүү олгох ёстой гэж Та үздэг вэ?
-Өнөөдөр бид хүүхдэд ямар мэдлэг өгөх вэ гэдгээс гадна тэр мэдлэгээрээ юу хийж чаддаг хүн болгох вэ гэдгээ илүү их ярих шаардлагатай болсон. Асуудлыг олж харах, шийдэл гаргах, шүүмжлэлтэй болон системээр сэтгэх, бүтээлчээр ажиллах, бусадтай хамтрах, харилцах зэрэг чадварууд маш чухал. Жишээлбэл, системээр сэтгэнэ гэдэг аливаа асуудлыг тусад нь харахгүй, “Энэ юутай холбоотой вэ. Миний үйлдэл үүнд хэрхэн нөлөөлөх вэ?” гэж харж сурахыг хэлнэ. Уур амьсгалын өөрчлөлтийг өөрөөсөө хол асуудал гэж харахын оронд бид өөрсдөө нэг экосистемийн хэсэг, бидний өдөр тутмын сонголт хүртэл түүнд нөлөөлдөг гэдгийг хүүхэд ойлгож эхэлнэ.Мөн багаар ажиллах, харилцах, зөрчилдөөнийг шийдвэрлэх чадвар улам чухал болж байна. Дэлгэцийн хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хүүхдэд бодит орчинд бусадтай тохиролцох, санал зөрөх, өөрийн байр суурийг илэрхийлэх, бусдыг сонсох туршлага зориудаар хэрэгтэй болж байна.
REAL School-д ажилласан туршлага надад нэг зүйлийг маш тодорхой ойлгуулсан. Эдгээр чадварыг хүүхдэд ярьж, тайлбарлаад эзэмшүүлчихдэггүй. Хүүхдэд бодит ажил, бодит асуудал, бодит хариуцлага, бусадтай хамтран бүтээх бодит туршлага өгөх хэрэгтэй. Тэнд би хүүхдүүд мэдлэгээ төсөл, судалгаа, бүтээл, бодит асуудал дээр хэрэглэж байх үедээ л эдгээр чадварыг хэрхэн хөгжүүлдгийг практик дээр харсан.Тиймээс сургууль зөвхөн “мэдлэг өгдөг газар” байхаас илүү “мэдлэгээ хэрэглэж сурдаг газар” болох хэрэгтэй. Хүүхэд сургуулиа төгсөхдөө зөвхөн юу мэддэгээрээ биш, юу хийж чаддаг, шинэ зүйлтэй тулгарахад хэрхэн суралцдаг, бусадтай хамтран хэрхэн шийдэл гаргадаг гэдгээрээ бэлтгэгдсэн байх ёстой.
-Гадаадад өсөж буй монгол хүүхдүүдэд эх хэл, өв соёлоо хадгалах нь том сорилт. Таны байгуулсан "Гүем" бямба гарагийн сургууль хэрхэн үүсч, хүүхдүүдэд ямар нөлөө үзүүлж байна вэ?
- Унгарт багшилж байхдаа 30 гаруй үндэстэн ястны сурагчдад хичээл зааж байсан юм. Тухайлбал, IB хөтөлбөрийн 10-11-р ангид, мөн PBL хөтөлбөртэй сургуульд бага болон дунд ангийнханд хичээл ордог байсан. Тэндээс Ази, ялангуяа Япон, Солонгос, Хятад сурагчид баасан гараг болгон завгүй болдгийг анзаарсан. Баасан гараг болоход тэд ханзаа бичиж, даалгавраа хийж эхэлдэг байв. Би хүүхдүүдтэйгээ ойр дотно ярилцдаг байсан тул "Та нар яагаад баасан гараг бүр ханз бичээд байгаа юм бэ?" гэж асуусан юм. Ингэхэд Япон, Хятад, Солонгос хүүхдүүд бямба гарагийн сургуультай байдгийг хэлсэн. Бямба гараг бүр тэд эх хэл, соёлоо заадаг сургуульдаа явдаг. Тиймээс хоорондоо найзалж нөхөрлөж, эх хэлээ мартдаггүй. Би үүнийг сонссоны дараа Унгар улсад монгол сурагчдад зориулсан өв соёлын эвент зохион байгуулсан. Улмаар Монгол хүүхдүүдэд ийм орчин дутагдаж байгааг олж мэдээд, хамт суралцаж байсан докторант найзуудтайгаа энэ төслийг санаачилсан. Ингээд өөрийн төгссөн ELTE их сургуулийн Монгол судлалын тэнхим, Унгар дахь Монгол Улсын Элчин сайдын яамтай хамтран монгол хүүхдүүд эх хэл, өв соёлоо суралцах бямба гарагийн сургуулийг нээсэн. Үйл ажиллагаагаа явуулж эхлээд хүүхдүүдэд маш их хэрэгтэй байсныг олж харсан. Учир нь гадаадад байгаа хүүхдүүд Унгар эсвэл Англи сургуульд суралцдаг тул монгол хэлээ хэрэглэх орчин огт бүрддэггүй. Эцэг эх нь ажил ихтэй, орой нь хэдхэн цаг л хамт байдаг тул хүүхдүүд хэл, өв соёлоосоо эрс хөндийрдөг. Гадаадад байгаа хүүхдүүд илүү аз жаргалтай, тав тухтай амьдарч байгаа мэт боловч үнэн хэрэгтээ Монголынхоо агуулга, хөтөлбөрөөс хоцрогдож байгааг мэдэрч, сургуулиа нээсэн.
-Яагаад гүем гэж нэрлэсэн бэ?
-Алтай Таван Богдын цаст уулсад амьдардаг ирвэсийн зулзагыг гүем гэдэг. Энэ бол ховордож буй, үзэсгэлэнтэй амьтдын маань нэг. Унгарт байгаа манай хүүхдүүд цөөхүүлээ ч гүен шиг нандин гэсэн утгаар энэ нэрийг өгсөн. Би гурван жил сургуулийн үйл ажиллагааг удирдаж, гурван жилийн бямба гараг бүрийг хүүхдүүддээ зориулсан. Анх нэг гэр бүлийн хоёр хүүхдээр эхэлсэн бол одоо 50 гаруй сурагчтай, гурван салбартай болж, үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна.
-Монгол болон олон улсын багш нартай хамтран ажилласан туршлагаасаа харахад тэдний арга барил, хандлагад ямар ялгаа байсан бэ. Ижил төстэй зүйл байв уу?
-Анх очихдоо би өөрөө бага зэрэг эмээж байсан. Олон улсын багш нараас дутах болов уу, англи хэлний аялгыг минь яаж хүлээж авах бол гэж боддог байлаа. Харин долоон жил ажиллаад ойлгосон нэг зүйл бол багшийн мөн чанар дэлхийн хаана ч адилхан юм байна. Монголд ч, Европт ч хүүхдийнхээ төлөө санаа зовж, илүү сайн боловсрол олгохыг хүсэж, хүүхдээ амжилттай байгаасай гэж ажилладаг хүмүүс.Тиймээс би Монгол багшийг олон улсын багшаас чадвараар нь шууд ялгаж харах дургүй. Ялгаа нь ихэвчлэн багшид биш, түүнийг тойрсон систем, боломж, дэмжлэгт байдаг юм байна гэж харсан. Ямар хөтөлбөрөөр ажиллаж байна, мэргэжлийн хөгжлийн ямар боломж авч байна, туршиж алдах эрх чөлөө байна уу, хамтран төлөвлөх цаг байна уу, коуч, менторын дэмжлэг авч байна уу гэдгээс багшийн ажиллах арга барил маш их өөрчлөгддөг.
Багшийн ачаалал ч зөвхөн Монголын асуудал биш. Миний ажиллаж байсан орчинд ч нэг багш олон зуун сурагчтай харилцаж, хичээлээс гадна маш олон үүрэг хүлээдэг байсан. Харин миний анзаарсан гол ялгаа нь зарим олон улсын болон альтернатив сургуулиуд “багш өөрөө яаж илүү сайн ажиллах вэ?” гэдгийг зөвхөн багшийн хувийн хариуцлага болгож орхихгүй, түүнийг хөгжүүлэх системийг сургууль өөрөө бий болгодог байсан. Тиймээс Монгол багш нарт чадвар дутаж байна гэж харахаас илүү байгаа чадварыг нь нээж, хөгжүүлж, шинэ арга зүй турших боломж олгодог орчин бид хэр бүрдүүлж байна вэ гэдэг асуулт надад илүү чухал санагддаг.Эцсийн дүндээ сайн багш хаана ч байдаг. Харин сайн багшийг тогтвортой хөгжүүлдэг сайн систем л ялгааг бий болгодог.
-Хөдөөний сургуулиас олон улсын сургууль хүртэл туулсан замнал нь таны боловсролын үзлийг хэрхэн өөрчилсөн бэ?
-Боловсролын салбарт олон жил ажиллахдаа надад энэ салбарыг олон өөр өнцгөөс харах боломж олдсон. Би хөдөө орон нутгийн улсын сургуулиас боловсролын замналаа эхэлж, өөрөө сурагч байхдаа ч суралцахуйн бэрхшээлийг мэдэрч явсан. Дараа нь улсын, хувийн, олон улсын сургуулиудад багшилж, гадаадад IB болон өөр өөр арга зүй, тогтолцоотой сургуулиудад ажиллан, сүүлдээ багш нарыг хөгжүүлэх, арга зүйгээр дэмжих чиглэлд ажилласан. Энэ бүх туршлагаас надад хамгийн тод үлдсэн нэг зүйл бий. Боловсрол өөрчлөгдөхөд хамгийн түрүүнд өөрчлөлтийг анги танхимд бодитоор авч ордог хүн нь багш. Тиймээс багшаас уян хатан бай, шинэ арга зүй хэрэглэ, хүүхэд бүрийн хэрэгцээнд тохируул, технологитой хөл нийлүүл гэж шаардахын зэрэгцээ бид багшийг өөрийг нь хэрхэн хөгжүүлж, дэмжиж байна вэ гэдэг асуултыг тавих ёстой.
Миний харсан сайн туршлагуудаас нэг зүйл тодорхой байсан. Багшийн хөгжил гэдэг жилд нэг удаа бүх багшийг танхимд суулгаад ижил сургалт өгөхийг хэлэхгүй. Багш бүрийн хэрэгцээ өөр, хөгжлийн үе шат өөр. Тиймээс хэрэгцээг нь оношилж, зөв цагт нь зөв сургалт, коучинг, менторшип, хамтран суралцах боломжийг өгөх хэрэгтэй. Тэгж байж сургалт анги танхимын бодит өөрчлөлт болдог. Мөн “төр дэмжих ёстой”, “сургууль хийх ёстой” гэж нэг нэгнээ хүлээхээс илүү багш хөгжих боломжтой экосистемийг хамтдаа бүрдүүлэх хэрэгтэй гэж хардаг. Орчин гэдэг нь зөвхөн сайхан барилга, тоног төхөөрөмж биш. Багш асуулт асууж болдог, алдаж туршиж болдог, бусдаас тусламж авч болдог, туршлагаа хуваалцдаг, тасралтгүй хөгждөг сэтгэл зүйн аюулгүй болон мэргэжлийн хөгжлийн орчин юм.
Олон улсын орчинд ажиллаад би сайн багш хаана ч байдгийг харсан. Харин тэр багшийн потенциалыг нээж, тогтвортой хөгжүүлж чаддаг систем, орчин л ялгааг бий болгодог. Энэ ойлголт л намайг багшийн хөгжил рүү илүү төвлөрч, багш нарыг хөгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлэхэд хүргэсэн.Багшаас өөрчлөгдөхийг шаардахаасаа өмнө, бид багшийг өөрчлөгдөж хөгжих ямар орчноор хангаж байна вэ гэдгээ асуух хэрэгтэй.
-Та цаашдаа монголын боловсролын салбарт ямар өөрчлөлт авч ирэхийг хүсэж байна вэ?
-Долоон жилийн дараа Монголдоо буцаж ирээд цаашид хаана, ямар хэлбэрээр ажиллах вэ гэж нэлээд бодсон. Эцэст нь нэг сургуульд ажиллахаас илүү олон багш, олон сургуульд хүрч ажиллахыг сонгож, багш, сургууль, боловсролын байгууллагын хөгжилд чиглэсэн TeachLead Institute-ийг байгуулсан. Одоо сургуулиудад багшийн хөгжлийн цогц хөтөлбөр, PBL зэрэг орчин үеийн арга зүй, коучинг, сургуулийн удирдлага, манлайллын чиглэлээр ажиллаж байна. Олон улсын орчинд сурч, ажиллаж хуримтлуулсан туршлагаа Монголын сургуулийн бодит хэрэгцээ, нөхцөлтэй уялдуулан нутагшуулахыг зорьж байгаа.
Багш нартай ажиллахдаа би нэг зарчим баримталдаг. Багшид шүүгч биш, толь хэрэгтэй. Тэр толь нь “энэ чинь муу, үүнийг буруу хийж байна” гэж дүгнэхээс илүү “Та үүнийг маш сайн хийдэг юм байна. Одоо үүнийг яаж дараагийн түвшинд гаргах вэ?” гэдгийг харуулдаг байх ёстой. Тэгж байж багш өөрийн давуу талаа мэддэг, өөртөө итгэлтэй, тасралтгүй хөгждөг, бусдыг дагуулж чаддаг манлайлагч болно.
Яагаад гэвэл өнөөдөр багшаас зөвхөн хичээлээ сайн заахыг шаардахаа больсон. Бид хүүхдээс бүтээлч бай, асуудал шийд, багаар ажилла, шүүмжлэлтэй сэтгэ, санаачилгатай бай гэж хүсэж байгаа бол энэ чадваруудыг багш өөрөө эзэмшиж, үлгэрлэж чаддаг байх ёстой. Өөрөө багаар ажиллаж чаддаггүй багш хүүхдэд хамтын ажиллагааг, өөрөө шинэ зүйл туршихаас айдаг багш хүүхдэд бүтээлч байдлыг, өөрөө бие даан суралцдаггүй багш хүүхдэд насан туршдаа суралцах чадварыг хөгжүүлэхэд хэцүү.Тиймээс миний хувьд багшийн хөгжил гэдэг зөвхөн шинэ арга зүй заах тухай биш. Хүчтэй, чадвартай, шинийг санаачилдаг, өөрчлөлтийг манлайлдаг багшийг хөгжүүлэх тухай. Өнөөдөр зөвхөн Монголд биш, дэлхийд ийм багш нар хэрэгтэй болсон. 21-р зууны хүүхдийг 21-р зууны чадварт бэлтгэхийн тулд эхлээд 21-р зууны багшийг бэлтгэх хэрэгтэй.