Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр танилцууллаа.Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд эрчим хүчний салбарын гурван төслийг танилцуулж, зарим төслийн хөрөнгө оруулалтын гэрээг шинэчлэх шийдвэр гаргажээ. Мөн оны эхний гурван улирлын байдлаар экспортын орлого нэмэгдэж, төлөвлөж байснаас илүү гарсан байна. Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаяр: 2026 оны төсвийг тооцохдоо 16.6 тэрбум ам.долларын экспорт хийнэ гэж баталсан. Гэхдээ эхний гурван улиралд энэхүү зорилгоо бүрэн биелүүлж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 54 хувиар их орлого олоод байна. 2026 оны төсвийн тодотголоор экспортын орлогыг 18.9 тэрбум ам.доллар гэж шинэчилсэн. Төсвийн орлого нэмэгдсэн учраас энэ эх үүсвэрийг цалин, тэтгэврийг нэмэхэд зарцуулна. Бид энэ онд 20 тэрбум ам.долларын экспорт хийхээр зорьж байгаа. Улсын төсвийн 80 гаруй хувь нь урсгал зардалд зарцуулагдаж байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар томоохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлээд асуудалтай байгаа. Бид Хөрөнгө оруулалтын тухай хуулийг өнгөрсөн хавар баталсан. Уг хуулийн хүрээнд Засгийн газар 500 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийж буй хөрөнгө оруулагчтай бизнесийн орчны тогтвортой байдлыг хангах зорилгоор гэрээ байгуулахаар болсон. Өнөөдрийн Засгийн газрын хурлаар доорх гурван төслийн хөрөнгө оруулалтын гэрээг танилцуулж, заримыг нь шинэчилж хийхээр шийдвэрлэлээ.