Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийн талаар холбогдох сайд нар мэдээлэл хийж байна. Өнөөдрийн хэвлэлийн хуралд Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Шадар сайд Н.Номтойбаяр, Эрүүл мэндийн сайд Э.Батшугар нар оролцлоо. Шадар сайд Н.Номтойбаяр “Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг танилцууллаа. Ирэх 7 хоногт УИХ-д өргөн мэдүүлнэ. Уг хуулиар нэн чухал хүнсний стратегийн бүтээгдэхүүн нөөц, нефтийн нөөцийн асуудлыг зохицуулдаг. УОК өнгөрсөн хугацаанд хоёр удаа хуралдсан. Хэд хэдэн асуудлыг дахин давтагдуулахгүй байхын тулд бодлогын арга хэмжээ хэрэгтэй байна. Монгол Улсад 226 итгэмжлэгдсэн лаборатори байдгаас 55 нь төрийн өмчийнх. Эдгээр байгууллага 5 газарт хуваагдаж, нэгдсэн бодлого зохицуулалт байхгүй, мэдээллээ солилцдоггүй. Урсгал зардал өндөр, техник тоног төхөөрөмж хоцрогдсон байгаа учраас лабораторитой холбоотой судалгаа хийж танилцуулах үүрэг өгсөн.Шүлхийн САТ-1 төрөл манай улсад гарахад тухайн үед дэлхий дээр энэ өвчний эсрэг вакцин байгаагүй. БНХАУ-д шинээр үйлдвэрлэхэд худалдаж авсан. 32 хоног алдсан. Энэ хугацаанд 4167 толгой мал хорогдсон. Нийт 6 орчим тэрбум төгрөгийн нөхөн олговор олгож, өөр зардлаа нэмээд 20 орчим тэрбум төгрөгийн зардал гаргасан. Вакцин худалдаж авах 1.5 тэрбум төгрөгийг шийдэх гэж 2 7 хонодог. Цаг хугацаа алдсанаас болж хохирол улам нэмэгдэж байна.