Боловсролын яам нэгдүгээр ангийн сурах бичигтэй холбоотой асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Сургалтын хөтөлбөр, сурах бичгийн судалгааны сектор Б.Алтансүх: Манай Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн дээр 2026 онд батлагдсан А/42 дугаар журмаар сурах бичигт дүгнэлт гаргах, санал авах, сайжруулахтай холбоотой тодорхой заалтууд бий. Энэ дагуу сурах бичгийг сайжруулах шалгуурыг эхлээд боловсруулдаг. Дараа нь уг шалгуурын дагуу шинжээчийг томилж, шинжээч тухайн шалгуурын дагуу сурах бичигт дүгнэлт гарган, сайжруулах саналуудаа өгдөг. Бид ч энэ журмын дагуу ажиллаж ирсэн.
Тухайлбал, шалгарсан компанийн боловсруулсан зураг, дүрслэлүүдийг шалгаж, шаардлагатай засвар, сайжруулалтын талаар санал өгсөн. Өөрөөр хэлбэл, батлагдсан шалгуурын дагуу шинжээчийн гаргасан дүгнэлт, саналд үндэслэн тухайн компанийн боловсруулсан материалыг засаж, сайжруулах чиглэл өгч ажилласан юм.

Боловсролын ерөнхий газрын дарга Х.Тамир: Бид эхний удаа тендер зарлахад шаардлага хангасан газар байгаагүй. Харин есдүгээр сард дахин тендер зарлахад хоёр газар шаардлага хангасан. Мөн сонгон шалгаруулалтаар ирсэн сурах бичгийн эхийг шууд хэвлүүлдэггүй. Тухайн эхийг дөрвөн байгууллагад хүргүүлж, хянуулдаг. Тухайлбал, Төрийн хэлний зөвлөл, Хүний эрхийн Үндэсний Комисс, Жендерийн үндэсний хороо болон Сурагчийн холбоонд хүргүүлж, сурах бичгийн эхэд сайжруулах санал, дүгнэлт авдаг журамтай. Эдгээр байгууллагаас ирүүлсэн санал, дүгнэлтийн дагуу хэвлэлийн газруудын мэргэжлийн баг засвар, сайжруулалтаа хийдэг. Харин тухайн засварт Боловсролын ерөнхий газар хяналт тавьж ажилладаг. Үүний дараа Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс шинжээчийн багийг зохион байгуулж, томилдог. Шинжээчийн баг нь сурах бичиг хөтөлбөртөө нийцэж байгаа эсэх, агуулга, арга зүй болон үнэлгээний түвшин зэрэг үзүүлэлтийг шалгаж, үнэлгээ дүгнэлт гаргадаг.