Шри Ланка улсын 24 настай иргэн Аноҗан Сивараса Саудын Арабт олон нийтийн сүлжээнд бичсэн сэтгэгдлээсээ болж цаазын ял сонсжээ.Тэрбээр өнгөрсөн зургадугаар сард Шри Ланкад болсон шашны мөргөлийн үеэр нэгэн мусульман эр нохой өшиглөж буй бичлэгийн доорх сэтгэгдлийн хэсэгт тамил хэлээр бошиглогч Мухаммедийг доромжилсон утгатай зүйл бичсэн байна. Уг бичлэгийн доор өөр нэгэн хүн хиндү шашныг доромжилсон сэтгэгдэл үлдээсэн бөгөөд Аноҗан түүнд хариу болгон дээрх сэтгэгдлийг бичжээ.Аноҗан удалгүй сэтгэгдлээ устгаж, уучлал хүссэн бичлэг нийтэлсэн ч түүний бичсэн зүйлийг зарим хүн хадгалж авч, ажил олгогчид нь илгээсэн байна. Улмаар ажил олгогч нь Саудын Арабын эрх баригчдад мэдэгдсэнээр тэрбээр долдугаар сард баривчлагджээ. Түүнийг баривчилсны дараа гар утас болон бусад цахим төхөөрөмжийг нь хурааж, олон нийтийн сүлжээний хаягуудыг нь устгасан байна.Аль-Ахса хотын Эрүүгийн хэргийн шүүхээс түүнд анх таван жилийн хорих ял, гурван сая саудын риял буюу ойролцоогоор 800 мянган ам.долларын торгууль ногдуулжээ. Шри Ланкийн тал ялыг бууруулах хүсэлт гаргасан ч давж заалдах шатны шүүх уг хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон байна.Гэвч Саудын Арабын прокурорууд хэргийг кибер гэмт хэргийн хуулиар бус, Шариатын хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр дахин давж заалджээ. Үүний дараа есдүгээр сарын 17-нд давж заалдах шатны шүүх прокурорын хүсэлтийг хүлээн авч, Аноҗаны ялыг цаазын ял болгон өөрчилсөн байна.