Карл Дайссерот бол АНУ-ын Стэнфордын их сургуулийн сэтгэцийн эмч, мэдрэл судлаач бөгөөд хүний тархи, мэдрэлийн эсүүд хэрхэн ажилладгийг судалдаг дэлхийн нэр хүндтэй эрдэмтдийн нэг юм.Тэрээр зөвхөн лабораторид судалгаа хийдэг эрдэмтэн биш бөгөөд сэтгэцийн эмчийн хувьд өвчтөнүүдтэй ажилладаг. Тиймээс сэтгэцийн эмгэгийн цаана тархинд ямар үйл явц явагддагийг эс, мэдрэлийн хэлхээний түвшинд ойлгоход судалгаагаа гүнзгий чиглүүлжээ.Дайссеротыг дэлхийд таниулсан гол бүтээл нь оптогенетик хэмээх арга юм. Энгийнээр хэлбэл, энэ арга нь тархины тодорхой мэдрэлийн эсүүдийг гэрлийн тусламжтайгаар удирддаг байна.Тархи олон тэрбум мэдрэлийн эсээс бүрддэг бөгөөд эдгээр нь хүний хөдөлгөөн, ой санамж, сэтгэл хөдлөл, зан үйлийг зохицуулдаг. Өмнө нь эрдэмтэд тархины аль хэсэг тодорхой үйл ажиллагаатай холбоотойг ажигладаг байсан бол оптогенетик хөгжсөнөөр тодорхой бүлэг нейроныг сонгон удирдаж, тэдгээрийн үүргийг турших боломжтой болсон билээ.Дайссеротын баг 2005 онд энэхүү мэдрэлийн эсийг гэрлээр идэвхжүүлэх аргыг танилцуулж, улмаар амьд амьтны тархинд ашиглан мэдрэлийн хэлхээ болон зан үйлийн холбоог судалжээ. Энэхүү аргаа ашиглан сэтгэл гутрал, Паркинсоны өвчин зэрэг эмгэгтэй холбоотой мэдрэлийн хэлхээг судалсан байна. Мөн тодорхой мэдрэлийн эсүүдийг идэвхжүүлэхэд амьтдын сэтгэл хөдлөл, нийгмийн зан үйл хэрхэн өөрчлөгдөж байгааг амжилттай судалж чаджээ.