Ш.Энхийн-Од NBA-ийн “Orlando Magic” багтай “Exhibit 10” гэрээ байгууллаа. Улмаар уг багаас чөлөөлөгдөж, “Magic”-ийн харьяа NBA G League-ийн “Osceola Magic” багт тоглох нөхцөл бүрдсэн байна.“Orlando Magic” аравдугаар сарын 5-нд 24 настай Ш.Энхийн-Одыг “Exhibit 10” гэрээгээр элсүүлсэн ч дараа нь үндсэн бүрэлдэхүүнээсээ хасна. Энэ нь түүнийг NBA-гийн системээс гаргасан гэсэн үг биш бөгөөд харин “Magic” түүний G League-ийн эрхийг хадгалж, “Osceola Magic”-т тоглуулах төлөвтэй байна.Ш.Энхийн-Од энэ улиралд “Osceola Magic”-ийн бүрэлдэхүүнд тоглон, NBA-д дуудагдах боломжоо хадгална. Мөн “Exhibit 10” гэрээний нөхцөлийн дагуу G League-ийн багт дор хаяж 60 хоног тоглосон тохиолдолд 91 мянган ам.доллар хүртэлх урамшуулал авах эрхтэй болох юм.Энэ талаар түүний аав гавьяат тамирчин Ц.Шаравжамц "Энэ өдрийг олон жил хүлээлээ дээ. НБА албан ёсны гэрээ хийсэн анхны Монгол боллоо. Хүүгийнхээ нэрийг харах ямар гоё байна аа. 10 хоногийн гэрээ ч гэсэн наддаа бол болно оо. Сэтгэл амрав. Одоо Жи лигийн баг руугаа ороод юу чаддагаа үзүүлээд өгөөрэй миний хүү. Аав нь ээж нь хүүгээрээ үнэхээр их бахархаж байна. Монголын сагсчид бас баярлаж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Бидний олон жилийн хүсэл байсан шүү. Та нартаа ч бас баяр хүргэе. Сүүлд анхны олимпийн аваргатай болход ингэж их баярлаж байсан санагдаж байна" хэмээжээ.