ОХУ-ын Эрхүү мужийн Шелехов хотод нэгэн эмэгтэй уушгины хатгалгааны улмаас нас барсны дараа тус бүс нутагт халдвар хамгааллын нэмэлт арга хэмжээ авч эхэлжээ. Нас барсан эмэгтэй нь Эрхүүгийн Сибирь болон Алс Дорнодын тахалтай тэмцэх эрдэм шинжилгээний хүрээлэнд лабораторийн ажилтан байсан 28 настай Дарья Шипилова аж. Тэрээр биеийн байдал нь огцом муудсаны дараа Шелеховын эмнэлэгт хүргэгдэж, аравдугаар сарын 2-ны шөнө нас барсан байна. Эхний байдлаар эмч нар уушгины хатгалгааны шинж тэмдэг илэрсэн гэж үзэж, хүнд хэлбэрийн халдварын шалтгааныг тогтоохоор шинжилгээ хийжээ.
Түүний өвчилсөн шалтгааны талаар хэд хэдэн хувилбар Оросын хэвлэлүүдэд гарсан байна. Тухайлбал, Буриад улсад зорчсоныхоо дараа өвчилсөн байж болзошгүй гэх мэдээлэл гарсан бол лабораторид тахлын үүсгэгч агуулсан хуруу шил хагарснаас халдвар авсан байж болзошгүй гэх хувилбар ч яригджээ. Гэвч эдгээр мэдээлэл одоогоор албан ёсоор батлагдаагүй байна.
Нас баралт бүртгэгдсэний дараа Шелеховын дүүргийн эмнэлгийн хэвтэн эмчлүүлэх тасгийн үйл ажиллагааг түр хязгаарлаж, шинэ өвчтөн хүлээн авах болон эмнэлгээс гаргахыг зогсоожээ. Мөн лабораторийн үйл ажиллагааг түр зогсоосон байна. Нас барсан эмэгтэйтэй хавьтал болсон 197 хүнийг тогтоосноос 189 хүнийг эмнэлэгт ажиглалтад оруулсан талаар Оросын хэвлэлүүд мэдээлжээ. Одоогоор тэднээс тахлын шинж тэмдэг илэрсэн тухай албан ёсны мэдээлэл гараагүй байна.
Үүнтэй зэрэгцэн Эрхүү хотын зарим эмнэлэгт халдвар хамгааллын дэглэм тогтоосон гэх мэдээлэл гарсан бөгөөд Шелехов дахь Эрхүүгийн хөнгөн цагааны үйлдвэр ажилтнуудаа амны хаалт заавал хэрэглэх журамд шилжүүлсэн байна.