Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл УИХ дахь бүлгийн даргын албаа давхар хашаад жил гаруй болж байна. Намын дарга, бүлгийн даргын албаа давхар хашиж байгаа түүнээс бүлгийн даргын албыг аваад явчих туршлагатай гишүүд цөөнгүй байгаа ч тэрээр жил гаруй "давхар дээл" өмсөж байгаа. Тэгвэл өнгөрсөн 7 хоногт тэрээр "ойрын хугацаанд бүлгийн даргын албаа өгнө. Бүлгийн гишүүддээ удаа дараа бүлгийн даргын албаа өгөх хүсэлт тавьдаг ч түр байж бай гэдэг" гэсэн юм. Тэгвэл өнөөдөр 10:00 цагт УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, шинэ бүлгийн даргаа сонгох аж. Өнгөрсөн тавдугаар сард УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Б.Түвшин нар бүлгийн даргад өрсөлдөж байсан бөгөөд урьдчилсан санал хураалтаар Б.Түвшин 22, Х.Тэмүүжинг 18 санал авсан ч намын дотоод эв нэгдлийг хангах үүднээс эцсийн шийдвэрийг хойшлуулж байв.Тэгвэл өнөөдөр бүлгийн хурал дээр дахин нэр дэвшилт явуулж, санал хурааж бүлгийн шинэ даргаа сонгох юм байна. АН-ын дарга, бүлгийн даргад эрх баригч намын оролцоо байдаг талаар улс төрийн хүрээнд ярьдаг. Тэгвэл энэ удаад АН-ын бүлгийн даргын сонгуульд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хуулийг дэмжсэн гишүүд УИХ-ын гишүүн Б.Түвшинг бүлгийн даргад зүтгүүлж байгаа гэсэн мэдээлэл байгаа юм. Б.Түвшин УИХ-д анх удаа сонгогдсон бөгөөд намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогтын хүн гэгддэг.