
Б.Түвшин: Удамзүйн болон хүрээлэн буй орчны нөлөөгөөр монголчууд ходоод, улаан хоолойн хорт хавдраар өвчлөх эрсдэл өндөр байна
Нийтэлсэн 2026 оны 10 сарын 6
ХСҮТ-д Хоол боловсруулах замын мэс заслын эмчээр 10 дахь жилдээ ажиллаж буй Б.Түвшинтэй ярилцлаа. Тэрээр Японы Нагояа их сургуульд дөрвөн жил суралцах хугацаандаа хоол боловсруулах дээд замын болон одоо үед зонхилон тохиолдож буй хавдрын биомаркерын чиглэлээр судалгаа хийж, докторын зэрэг хамгаалсан юм. Тэрээр саяхан эх орондоо ирж, Хавдар судлалын үндэсний төвдөө үргэлжлүүлэн ажиллаж байна.
-Японы хавдрын оношилгоо, эмчилгээний тогтолцоотой Монголын нөхцөлийг харьцуулахад хамгийн том ялгаа нь юу байна вэ. Монголд нэвтрүүлэх боломжтой, үр дүнтэй арга технологи юу гэж харж байгаа вэ?
-Япон, Солонгос зэрэг орнууд хавдрын илрүүлэлт, хорт хавдрын хяналтын практикээрээ дэлхийд тэргүүлдэг. Гэхдээ бид эдгээр орнуудын практикийг шууд хуулбарлаад хэрэгжүүлэх боломжгүй. Монголын нөхцөлд тэр практикийг шууд хуулбарлахад тохиромжтой улс гэж дэлхий дээр бараг байхгүй гэж хэлж болно. Харьцангуй дөхүү жишээ авч үзвэл Канад, ОХУ байж болох талтай. Шууд харьцуулах боломжгүй байгаа нь газарзүйн онцлогтой ихээхэн холбоотой. Дэлхий дээр одоо ч нүүдлийн болон хагас нүүдлийн амьдралын хэв маягтай, хүн амынхаа нэлээдгүй хэсэг нь ийм байдлаар амьдарч байгаа улс гэвэл Монгол л байна. Тиймээс хавдрын хяналтын тогтолцоог авч үзэхдээ манай орны энэ онцлогийг зайлшгүй харгалзах хэрэгтэй.
Хүн ам нягт суурьшсан газруудад хавдар гэлтгүй аливаа өвчнийг хянах, эрт илрүүлэх, эрсдэлийг үнэлэх зэрэг асуудлыг хэрэгжүүлэхэд харьцангуй хялбар байдаг. Учир нь эмнэлгийн байгууллага болон хүн амын суурьшлын бүс хоорондын зай ойрхон байдаг. Харин Монголын хувьд хавдрын асуудлыг жаахан том зургаар нь, системийн түвшинд нь харах юм бол эрүүл мэндийн асуудал нь газарзүйн онцлогоос гадна нийгэм, эдийн засгийн олон хүчин зүйлтэй холбоотой байдаг. Гэхдээ технологи хөгжихийн хэрээр бидэнд маш олон шинэ боломж гарч ирж байна. Хавдрын чиглэлд ч Монгол Улсын эрт илрүүлгийн хөтөлбөр болон бусад арга хэмжээ нь ихэвчлэн Азийн өндөр хөгжилтэй орнуудын туршлагаас санаа авсан байдаг. Эрүүл мэндийн тогтолцооны санхүүжилтийн хувьд ч мөн адил Азийн орнуудын туршлагаас санаа авсан зүйлс бий.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Одоо нэн түрүүнд эрүүл мэндийн боловсролын асуудлыг анхаарах ёстой. Яагаад гэвэл сүүлийн 50-100 жилийн хугацаанд өвчлөлийн бүтэц эрс өөрчлөгдсөн. Өмнө нь нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байсан хурц өвчнүүдийн менежмент сайжирч, анагаах ухаан хөгжсөнөөр хүний дундаж наслалт ихээхэн уртассан. Хүмүүс урт наслахын хэрээр насжилттай болон амьдралын хэв маягтай холбоотой олон асуудал гарч ирж байна. Үүнтэй тэмцэхийн тулд хамгийн гол нь хүмүүс өөрсдөө эрүүл мэндийн боловсрол сайтай байх хэрэгтэй. Энэ нь хавдрын асуудал дээр ч мөн адил. Японд очоод ажигласан нэг зүйл нь хорт хавдар, мөн архаг өвчнүүд бүгд гэнэт бий болдог өвчин биш гэдэг ойлголт нийгэмд нь харьцангуй сайн суусан байсан. Дийлэнх тохиолдолд өвчин үүсэх суурь нь олон жилийн хугацаанд тавигдаж байдаг. Тиймээс эрт илрүүлж чадсан тохиолдолд, мөн хүн өөрөө идэвхтэйгээр тухайн өвчний илрүүлэгт хамрагдаж чадвал эмчлэгдэх боломж нь өндөр байдаг.
Тиймээс нэг талаас нийтийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх, нөгөө талаас эмнэлгийн байгууллагын зүгээс хүмүүст тусламж, үйлчилгээг аль болох ойртуулах шаардлагатай. Хавдрын асуудлыг ярихдаа хамгийн түрүүнд хөндөгдөх зүйл бол хавдрын эрт илрүүлэг юм. Харамсалтай нь, хавдар гэдэг өөрөө маш олон бүлэг өвчнийг хамарсан ойлголт. Тэр дундаа нэг эрхтний хавдар байсан ч молекул, генетикийн хувьд хоорондоо эрс ялгаатай олон төрлийн хавдар байдаг. Тийм учраас өнөөгийн анагаах ухааны түвшинд бүх төрлийн хавдрыг нийтээр нь маш өндөр мэдрэг чанартайгаар эрт илрүүлэх боломжтой, нэг л универсал тест хараахан бий болоогүй байна. Үүнтэй холбоотойгоор хавдрын эрт илрүүлэг, хяналтын тогтолцоог хөгжүүлэхэд цаг хугацаа, хөрөнгө оруулалт гээд олон хүчин зүйл шаардлагатай хэвээр байна.
-Япон улсын хувьд иргэд нь эрүүл мэндийн боловсрол маш сайтай байна. Манай улсын хувьд хэрхэн эрүүл мэндийн боловсролоо нэмэгдүүлэх вэ?
-Дундаж нэг япон иргэнээс хавдрын талаар асууж, ярилцахад маш практик, бодитой хариултууд өгдөг. Жишээлбэл, “Би ямар нэгэн төрлийн хавдар тусах магадлалтай. Удам угсаагаа харсан ч, амьдралын хэв маягаа харсан ч, насаа харсан ч жил бүр ходоодоо дурандуулж, гэдсээ дурандуулж, ийм ийм зүйлсээ тогтмол хянуулж явдаг” гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл, хавдар гэдэг өвчнөөр өвдөх эрсдэл байдаг гэдгийг, ялангуяа орчин үед хүний насжилт уртсаж байгаа нөхцөлд хүмүүс маш сайн ойлгодог. Тэдний хавдрын талаарх ойлголт биднийхээс нэлээд өөр санагдсан.
Эрдэмтэд ярихдаа “Бид үнэхээр хавдраас сэргийлж байна уу, эсвэл хавдар үүсэх хугацааг хойшлуулж байна уу?” гэж ярьдаг. Яагаад гэвэл бүрэн сэргийлэх боломжтой хавдрууд бий. Ихэнхдээ энэ нь халдварын шалтгаантай хавдрууд байдаг. Тухайлбал, умайн хүзүүний хавдрын хувьд хүний папиллома вирусийн эсрэг вакцин хийлгэснээр уг өвчнөөр өвдөх эрсдэлийг эрс бууруулах боломжтой. Харин зарим төрлийн хавдрын хувьд хүн эрүүл амьдралын хэв маягийг баримталж, эрсдэлт хүчин зүйлсээсээ зайлсхийснээр тухайн хавдар үүсэх насыг хойшлуулах боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл, хэзээ нэгэн цагт тухайн хавдраар өвдөх эрсдэл байж болох ч үүсэх хугацааг нь хойшлуулж болно гэсэн ойлголт юм. Япон хүмүүс энэ талаарх ойлголтыг маш сайн мэддэг, тиймээс хавдрын талаар асуухад нэлээд оновчтой, бодитой хариултууд өгч байгааг ажигласан.
Харин манай улсын хувьд хавдрын талаарх ойлголт заримдаа хүмүүсийг айдаст автуулах, ерөөсөө тохиолдох ёсгүй зүйл тохиолдож байгаа мэтээр хүлээж авах хандлагатай байдаг. Гэтэл ихэнх хавдар нь хүний биед богино хугацаанд гэнэт үүсчихдэг өвчин биш. Удаан хугацааны стресс, хүрээлэн буй орчны нөлөө, амьдралын хэв маяг, удамшлын болон генетикийн бэлэн байдал зэрэг олон хүчин зүйлс давхар нөлөөлж байж үүсдэг өвчин.
Бид “урьдчилан сэргийлэх үзлэг” гэж их ярьдаг. Гэхдээ энэ нэр томьёо өөрөө зарим талаар оновчгүй гэж боддог. Манай эрүүл мэндийн тогтолцоо олон жилийн турш хагас социалист хэлбэрээр явж ирсэн, одоо ч тодорхой хэмжээнд ийм тогтолцооны шинжүүд хадгалагдсан хэвээр байна. Эрүүл мэнд гэдэг хувь хүний оролцоо маш их шаарддаг зүйл гэдэг ойлголт харьцангуй саяхнаас хүчтэй яригдаж эхэлж байна.
Өмнө нь юу ч болсон улс бүгдийг даана, бүх зүйлийг төр хариуцна гэсэн нийтлэг ойлголт давамгай байсан. Үүнтэй холбоотойгоор хувь хүнд хүрэх эрүүл мэндийн мэдээллийн урсгал ч хязгаарлагдмал байлаа. Тиймээс манай улсын хавдрын талаарх мэдлэг, мэдээлэл Японтой харьцуулахад харьцангуй дутмаг юм.
Хувь хүний хамгийн том өмч бол өөрийнх нь эрүүл мэнд. Тиймээс эрүүл мэндийн асуудалд хүн өөрөө тодорхой хэмжээнд хариуцлага хүлээж, өөрийн эрсдэлийг мэддэг, шаардлагатай үзлэг, шинжилгээндээ тогтмол хамрагддаг байх нь маш чухал.
Б.Түвшин
-Та Японд хоол боловсруулах дээд замын хавдруудын шинэ биомаркерын судалгаа хийсэн байна. Яг ямар төрлийн хавдар, ямар биомаркер дээр түлхүү ажилласан бэ. Судалгааны гол үр дүн нь юу байсан бэ?
-Ер нь өндөр хөгжилтэй орнуудад эмнэлзүйн ажил, тухайлбал мэс засал хийх практик болон судалгаа шинжилгээний ажил хоёр улам бүр нийлэх тал руугаа явж байна. Уг нь шинжлэх ухаанд хийгдэж байгаа нээлт, өдөр тутмын амьдралын практик хоёр хоорондоо нэлээд хол байдаг шүү дээ. Зарим оронд бүр эмч хүн мэс заслын ажлаа хийхээс гадна судалгаа хийх нь ямар ач холбогдолтой юм бэ гэсэн ойлголт ч байдаг. Гэхдээ судалгаа хийх нь ямар ач холбогдолтой вэ гэдэг нь хавдрын практик дээр маш тодорхой харагдаж байна. Тухайлбал, саяхан хавдрын вакциныг амжилттай туршсан тухай мэдээлэл дэлхий нийтэд гарахад тэрхүү биологи, судалгаа шинжилгээг хийж байгаа хүмүүсийн ажил, мэргэжилтнүүдийн өдөр тутмын практикт улам бүр ойртож орж ирж байгаа нь харагдаж байна. Тэр утгаараа биомаркерын судалгаа бол мэс заслын эмчийн хувьд өдөр тутмын ажил, практиктай нь маш ойрхон судалгаа юм.
Биомаркер гэдэг нь бие махбодын хэвийн үйл ажиллагаа, өвчний явц, эсвэл эмчилгээний үр нөлөөг объектив байдлаар хэмжиж илэрхийлдэг биологийн үзүүлэлт юм. Үүнд олон хэмжих боломж бүхий олон молекулууд, уургууд, генийн илрэлийн өөрчлөлт, мутаци зэрэг олон үзүүлэлт байж болно. Өөрөөр хэлбэл, маш өргөн хүрээний ойлголт, зорилгоосоо хамаараад маш олон янзаар ашиглагддаг. Тухайлбал, хавдрыг эрт илрүүлэх, оношлох, тухайн хавдрын тавиланг тогтоох, хавдрын бай болох молекулуудыг илрүүлэх, эмчилгээний арга сонгох, мөн хавдрын эмчилгээний дараах хяналтыг хийх зэрэг олон зорилгоор ашиглагдаж болно. Гэхдээ энэ нь зөвхөн лабораторийн түвшинд яригддаг зүйл биш, аажмаар бидний өдөр тутмын эмнэлзүйн практикт орж ирж байгаа асуудал юм. Сүүлийн 10 жилийн хугацаанд шинэ эмийн нээлт, хөгжүүлэлт хүртэл биомаркерын судалгаатай маш нягт холбоотой болсон. Яагаад гэвэл тухайн хавдрын хоруу шинж чанарт нөлөөлж байгаа, эсвэл хавдар үүсэхэд оролцож байгаа маркеруудыг эхлээд олж тогтооно. Дараа нь тэр маркер ямар механизмтай холбоотой, өвчин үүсэхэд ямар үүрэгтэйг судалж, тухайн механизмын үйл ажиллагааг блоклох замаар шинэ эм, шинэ эмчилгээний арга бий болгох чиглэлээр дэлхий даяар олон судалгаа хийгдэж байна.
Тиймээс биомаркерын судалгаа гэдэг нь нэг их гайхамшигтай, холын зүйл биш юм. Миний хувьд ходоод улаан хоолойн хорт хавдрын маркерууд дээр ажилласан. Гэхдээ миний хийсэн үндсэн судалгаа нь улаан хоолойн хорт хавдрын хоруу шинж чанарыг бий болгоход нөлөөлж буй, тавилан тодорхойлох биомаркеруудыг судлах ажил байсан. Энэ судалгааны үр дүн өнөөдрийн өдөр тутмын эмнэлзүйн практикт шууд хэрэгжихгүй, эсвэл одоохондоо нэвтрэх боломжгүй байж болно. Ер нь судалгаа гэдэг зарим талаараа өвсөн дундаас зүү хайж байгаа юм шиг зүйл. Эсвэл далайд нэг дусал нэмэр болж байгаа мэт санагдаж болно. Гэхдээ цаашдаа маш олон маркерын үйл ажиллагааг нийтэд нь үнэлж, тухайн өвчтөн бүрт эмнэлзүйн шийдвэрийг өөр өөрөөр гаргадаг буюу хувь хүнд тохирсон эмчилгээний арга улам хөгжих үед өнөөдөр бидний олж илрүүлж байгаа шинэ молекулууд, маркерууд тодорхой хэмжээнд хувь нэмрээ оруулах юм.
-Шинэ биомаркер, эмчилгээний шинэ байг илрүүлэх нь цаашдаа хавдрын оношилгоо, эмчилгээнд ямар өөрчлөлт авчрах боломжтой вэ?
-Шинэ биомаркеруудыг нээж илрүүлснээр цаашдаа эмнэлзүйн үйл ажиллагаа өөрөө илүү хялбар болох ёстой гэж боддог. Яагаад гэвэл манай лабораторид эмчилгээний бай болох боломжтой маш олон шинэ молекулыг нээж илрүүлээд, тэдгээр дээр үндэслэн шинэ эмийн туршилтууд хийдэг байсан.
Ер нь шинэ эм яаж бий болдог, ямар шат дарааллаар хөгжүүлэгддэг тэр механизмыг эмч хүн өдөр тутмын эмнэлзүйн ажлаараа заавал мэддэггүй. Харин судалгааны ажил хийх явцдаа үүнийг ойлгож байгаа юм. Өөрөөр хэлбэл, ямар шат дарааллаар судалгаа хийгдэж, хавдрын шинэ эм хэрхэн бий болдог, тухайн эмчилгээний байг хэрхэн тодорхойлдог зэрэг процессыг өөрийн биеэр судалж мэддэг.
Хэдийгээр би өөрөө энд ирээд шинэ эм нээхгүй байж болох ч шинэ эм хэрхэн бий болдог тэр үйл явцыг ойлгож, мэддэг байх нь эмч хүний хувьд өөрөө маш хэрэгтэй зүйл юм билээ. Учир нь судалгааны үр дүн эмнэлзүйн практикт хэрхэн нэвтэрч, шинэ эмчилгээний арга яаж бий болдгийг ойлгож эхэлснээр эмч хүн өвчтөндөө хэрэглэж байгаа эмчилгээний цаадах шинжлэх ухааны үндэслэлийг илүү сайн ойлгох боломжтой болдог.
-Монгол Улсад ходоод, улаан хоолойн хавдар харьцангуй өндөр тохиолддог. Үүнд манай орны хооллолт, архи тамхи, удамшил зэрэг хүчин зүйлс хэр их нөлөөлдөг вэ?
-Ходоод, улаан хоолой гэдэг хоёр эрхтэн хоёулаа хоол боловсруулах замын эхэн буюу дээд хэсэгт харьяалагддаг. Тиймээс гаднын орчинтой байнга харьцаж байдаг эрхтнүүд гэсэн үг. Эрсдэлт хүчин зүйлсийг яривал маш олон зүйл орно. Архи, тамхины хэрэглээ, буруу хооллолт, давсны өндөр хэрэглээ, мөн хеликобактерын халдвар зэрэг нь чухал ач холбогдолтой гэж үздэг. Улаан хоолойн хавдар өөрөө дотроо хоёр өөр өвчин байдаг. Юуны өмнө улаан хоолойн хавдрын маш өндөр эрсдэлт хүчин зүйл бол тамхидалт. Дээрээс нь архины хэрэглээ. Энэ хоёр бол маш том эрсдэлт хүчин зүйл. Мөн нийгэм, эдийн засгийн байдал харьцангуй доогуур орнуудад улаан хоолойн хавдар илүү их тохиолдох тал бий. Үүнд усны чанар зэрэг маш олон хүчин зүйл багцлагдаж ордог.
Улаан хоолойн хавдрын хувьд бас нэг онцлог, анхаарах зүйл бий. Архийг бага хэмжээгээр уухад ч нүүр нь улайдаг хүмүүс байдаг шүү дээ. Тийм хүмүүс улаан хоолойн хавдар тусах эрсдэл харьцангуй өндөр байдаг. Архи хүний биед хоёр үе шаттай задардаг. Эхний шатанд завсрын бүтээгдэхүүн үүсдэг бөгөөд тэр бодис хүний биед хуримтлагдахад нүүр улайдаг. Үүнийг цааш нь задлах фермент дутагдалтай хүмүүс Ази хүмүүст нэлээд түгээмэл байдаг. Харин Европ хүмүүсийн хувьд эрт дээр үеэс, олон мянган жилийн турш дарстай харьцаж ирсэн түүхтэй холбоотойгоор энэ ферментийн ялгаа бий гэж үздэг.
Монголын ходоодны хавдар бол дэлхийн хэмжээнд нэлээд онцлог хавдарт тооцогддог. Энэ нь судалгааны түвшинд яригддаг асуудал. Монголд хеликобактерын халдварын түвшин өндөр байдаг, мөн амьдралын хэв маягтай холбоотой хүчин зүйлс бий. Гэхдээ Монголд тархсан хеликобактерын төрөл, омог нь ходоодны хавдар өндөр бүртгэгддэг бусад бүс нутгийнхаас нэлээд ялгаатай байдаг.
Монголд европжуу хэв шинжийн ходоодны хавдар харьцангуй их тохиолддог. Ялангуяа баруун аймгуудын хувьд ходоодны хавдрын тохиолдол өндөр байдаг. Тэгэхээр судалгааны талаас нь харахад, Монголд ходоодны хавдрын чиглэлээр хийх, нээж илрүүлэх, судлах зүйл маш их байна. Монголчуудын хувьд ходоод, улаан хоолойн хавдраар өвдөх эрсдэл болон хүн амын удамзүйн бэлэн байдал харьцангуй өндөр гэж үзэх үндэслэл бий. Ийм учраас ходоод, улаан хоолойн хавдрын менежментийг ойлгомжтойгоор авч үзэх хэрэгтэй.
Хүн ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байсан ч 40 наснаас эхлээд ходоодоо тогтмол дурандуулж байх нь чухал. Үүний зэрэгцээ хүн өөрийн зүгээс сэргийлж болох амьдралын зөв хэв маяг, хооллолтдоо маш сайн анхаарах хэрэгтэй. Яагаад гэвэл монгол хүн алсдаа ходоод, улаан хоолойн хавдраар өвдөх эрсдэл нь Америк, Европт амьдарч байгаа хүнээс харьцангуй өндөр байж болохыг заавал анхаарах хэрэгтэй. Ер нь хүн бүрт байгалиас өгөгдсөн онцлог өөр байдаг. Жишээлбэл, цагаан арьст хүмүүсийн хувьд арьсны хавдар илүү тохиолддог, нарны гэрэлд арьс нь илүү эмзэг байдаг. Үүнтэй адил тодорхой төрлийн хавдраар өвдөх эрсдэл хүн амын бүлэг бүрт өөр өөр байдаг. Тиймээс өөрийн генетик, амьдралын хэв маяг, орчин нөхцөлтэй холбоотой эрсдэлээ ойлгож, түүндээ тохирсон урьдчилан сэргийлэлт, хяналтаа хийх нь чухал юм.
-Ходоодны хавдрын хувьд эрт үеийн оношилгоо хамгийн чухал байдаг. Монголчууд ямар шинж тэмдгийг үл хайхарч, эмнэлэгт хэт хожуу хандах тохиолдол түгээмэл байна вэ?
-Шинж тэмдэг, зовуурь гэдэг ерөнхийдөө хүний бие гаднын биетэд хариу урвал үзүүлж байгаагаар илэрдэг. Өвдөлт, халуурах зэрэг зовуурь нь ихэнхдээ хүний бие организм ямар нэгэн зүйлтэй тэмцэж байгааг илэрхийлдэг. Жишээлбэл, бид ханиад хүрэхэд зовуурь өгч байгаа нь ханиадыг үүсгэж байгаа вирус, нянтай тэмцэхийн тулд хүний дархлааны тогтолцоо ажиллаж байгаатай холбоотой. Харин хавдрын хувьд арай өөр. Хавдрын эс гэдэг өөрийнх нь эсээс үүссэн эс байдаг. Өөрөөр хэлбэл, олон жилийн турш хуваагдаж ирсэн өөрийн эсүүдийн үр удам гэсэн үг. Тиймээс хэвийн эс байхаа больж, хавдрын эс болж хувирахад хүний дархлааны тогтолцоо түүнийг байнга устгахыг оролдож байдаг. Гэхдээ хүний өөрийн эсээс үүссэн, мөн элдэв орчинд дасан зохицох мутацид хурдан орох чадвартай байдаг тул хавдрын эс дархлааны тогтолцооноосоо зугтах, өөрийгөө нуух маш олон нарийн механизмыг ашиглаж чаддаг.
Жишээ нь хүний биед өргөс зоогдоход тэр хэсэг шууд өвдөж, зовуурь өгдөг. Харин хавдрын эс яагаад шууд зовуурь өгдөггүй вэ гэдэг нь үүнтэй холбоотой. Хавдар хүний өөрийн эсээс үүсдэг, мөн дархлааны хяналтаас зугтаж, бие махбодод тодорхой хугацаанд далд байдлаар хөгжиж чаддаг учраас эхэн үедээ ямар нэгэн шинж тэмдэг өгөхгүй байх нь элбэг. Ходоодны хавдрыг жишээ болгон яривал ходоодыг шархлуулж, ходоодны салстаас доош давхаргуудыг илт гэмтээх, эсвэл томорч хоол, ундыг цааш нэвтрүүлэхэд саад болох, хажуугийн эрхтнүүдээ дарах, ходоодны дээд хэсэгт байрлаж хоол орохыг саатуулах зэрэг үед тодорхой шинж тэмдэг өгч эхэлдэг. Гэхдээ энэ нь хавдар нэлээд даамжирсны дараа илэрч байгаа шинж тэмдэг гэсэн үг.
Хавдар ямар ч шинж тэмдэггүй байх нь элбэг гэдгийг хүмүүс маш сайн ойлгох хэрэгтэй. Шинж тэмдэг илрэхийг хүлээгээд байж болохгүй.
Б.Түвшин
Эмнэлэг нь хол, амьдрал ахуй, ажил хөдөлмөр нь цаг завыг нь хязгаарладаг зэрэг олон асуудал байж болно. Гэхдээ хүн өөрийн эрүүл мэндэд анхаарч, үзлэг шинжилгээндээ цаг гаргах шаардлагатай. Мөн хавдрын үед өвөрмөц бус шинж тэмдэг илэрч болно. Хүмүүс “ходоод руу хатгаж өвдөөд байна”, “аюулхай орчим эвгүйрхээд байна” гэж ярьдаг. Заавал маш хүчтэй өвдөлт байх албагүй. Ходоод, аюулхай орчимд өмнө нь байгаагүй бага зэрэг эвгүй оргих, зовуурилах зэрэг өөрчлөлтийг ч тоолгүй өнгөрөөж болохгүй. Ийм үед эмнэлэгт үзүүлж, шаардлагатай бол дурангийн шинжилгээ хийлгэх хэрэгтэй.
Цаашдаа, тийм ч холын ирээдүй биш, ойрын хугацаанд маш олон шинэ биомаркер эмнэлзүйн практикт нэвтрэх боломжтой гэж бодож байна. Шинэ, сайн биомаркер нээгдсэн ч түүнийг эмнэлзүйн практикт нэвтрүүлэх хүртэл наад зах нь 10 орчим жил шаарддаг. Тэгэхээр ирээдүйд хавдрыг эрт илрүүлэх шинжилгээнүүд улам шинэчлэгдэж, зөвхөн цус, шүлс, шээс зэрэг сорьцоос шинжилгээ авах замаар хавдрын эрсдэлийг илрүүлэх, эрт оношлох боломжууд нэвтрэх байх.
Ийм шинэ технологиуд манайх шиг газарзүйн онцлогтой, хүн ам тархай суурьшсан оронд нэвтэрч чадвал хавдрыг эрт үед нь илрүүлэх боломжийг ихээхэн нэмэгдүүлнэ гэж бодож байна. Гэхдээ иргэд тэр шинэ нээлтүүдийг хүлээгээд сууж болохгүй. Одоогийн боломжит үзлэг, шинжилгээндээ тогтмол хамрагдаж байх нь хамгийн чухал.
Дэлхий дахинд хавдар харьцангуй залуу насанд илрэх үзэгдэл ажиглагдаж байгаа бөгөөд энэ нь Монголд ч мөн харагдаж байна. Ялангуяа 40 наснаас доош насныханд хавдар илрэх нь хэвийн үзэгдэл биш учраас үүний шалтгааныг тодруулах асуудалд дэлхийн судлаачид ихээхэн анхаарч байна. Гэхдээ нийт хавдрын дотор залуу насанд тохиолдож байгаа хавдрын эзлэх хувь харьцангуй бага гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Нөгөө талаас, монголчуудын дундаж наслалт өмнөх үетэйгээ харьцуулахад ихээхэн нэмэгдсэн. Манай эмээ, өвөөгийн үед хүмүүс 50 насныхаа найрыг тэмдэглэж, энэ нь нэлээд өндөр насалсанд тооцогддог байсан. Дундаж наслалт нэмэгдэхэд нөлөөлсөн зүйл нь өнөөдөр манай улс өндөр хөгжилтэй орнуудын түвшинд хүрээгүй ч эрүүл мэндийн суурь үйлчилгээнүүдээ сайжруулсан. Үүний үр дүнд дундаж наслалт нэмэгдэж, хүний амьдралын чанар сайжирч байна. Гэхдээ хүн урт наслах тусам хавдар үүсэхэд нөлөөлж болох эрсдэлт хүчин зүйлсийн нөлөөнд илүү удаан хугацаагаар өртөж байна гэсэн үг.
Жишээлбэл, бүдүүн гэдэсний хавдар, хөхний хорт хавдар, нойр булчирхайн хавдар, уушгины хавдар зэрэг олон төрлийн хавдар харьцангуй хожуу насанд эхлэх магадлалтай байдаг. Улс орны хөгжил, хүн амын насжилт, амьдралын хэв маяг өөрчлөгдөхийн хэрээр эдгээр хавдрын тохиолдол нэмэгдэх хандлага ч бий. Гэхдээ зарим төрлийн хавдрыг сэргийлж, бууруулах боломжтой. Харин дийлэнх хавдрын хувьд бодит байдлыг аваад үзэхэд өвчлөлийг богино хугацаанд бууруулах боломжгүй, тодорхой хугацаа шаарддаг. Магадгүй зохих түвшинд хүрч, үр дүнтэй арга хэмжээнүүдийг олон жил тогтвортой хэрэгжүүлж чадвал ходоодны хавдар гэх мэт зарим хавдрын тохиолдлыг бууруулах боломжтой. Бусад улс орны практикийг харахад үүнд 30-40 жилийн хугацаа шаардагдах тохиолдол бий. Тиймээс хавдраас сэргийлэхийн зэрэгцээ хавдар үүсэх эрсдэлийг аль болох хойшлуулах тухай ойлголт чухал. Хүн өөрийн зүгээс боломжтой хэмжээнд эрүүл, зөв амьдралын хэв маягийг баримтлах хэрэгтэй.
-Таны судалсан шинэ биомаркеруудыг Монголд практикт нэвтрүүлэхийн тулд ямар лабораторийн тоног төхөөрөмж, технологи, хүний нөөц шаардлагатай вэ. Үүнийг хэрэгжүүлэх боломж хэр байна вэ?
-Шууд нэвтрүүлж болно л доо. Гэхдээ тэр олон нээлтүүд дотроос эмнэлзүйн практикт хамгийн үр дүнтэй, хамгийн ач холбогдолтой гэж үзсэн нээлтүүдээс эхэлж нэвтрүүлдэг. Ерөнхийдөө ямар нэгэн шинэ нээлтийг эмнэлзүйн практикт нэвтрүүлэхийн тулд маш их цаг хугацаа зарцуулдаг.
Яагаад гэвэл тухайн нээлтийг илүү нарийвчлан судлах, яг ямар нөхцөлд, хэрхэн илрүүлж болох вэ, эмнэлзүйн хувьд хэр үр дүнтэй вэ гэдгийг цааш нь үргэлжлүүлэн судлах шаардлагатай болдог. Нээлт хийлээ гээд бүх зүйл шууд дуусчихдаггүй. Тэр нээлтийг бодит эмчилгээ, оношилгоонд ашиглах хүртэл маш олон үе шат дамждаг.
Тэр бүх шатны судалгаа, туршилт, үнэлгээнүүдийг давж байж эцэст нь эмнэлзүйн практикт нэвтэрч, цаашлаад үйлдвэрлэгдэх боломжтой болдог. Тиймээс шинжлэх ухааны ямар нэгэн нээлт хийсэн гэдэг нь шууд өвчтөнд хэрэглэнэ гэсэн үг биш. Нээлтээс эмнэлзүйн хэрэглээ хүртэл нэлээд урт хугацаа, олон шат дамжлага шаарддаг.
-Ходоодны мэс засал хийх шаардлагатай болсон өвчтөнүүдийн хувьд хавдрын үе шат, байрлал, тархалт зэргээс шалтгаалан мэс заслын арга хэрхэн өөрчлөгддөг вэ. Сүүлийн жилүүдэд ямар шинэ мэс заслын технологи түлхүү хөгжиж байна вэ?
-Мэс засал өөрөө их эртний шинжлэх ухаан. Ходоодны мэс заслын хувьд ч гэсэн ямар цар хүрээтэй, ямар мэс заслыг хийх вэ гэдэг нь аль хэдийн тогтчихсон зүйл. Дэлхийн эрдэмтэд олон жилийн өмнө, 40-50 жилийн өмнөөс ямар тохиолдолд ямар мэс засал хийж болох вэ гэдгийг судалж, тодорхойлсон байдаг. Харин бид тэрхүү зөвлөмж, стандартын дагуу мэс заслын цар хүрээг зөв тогтоож, нарийн хийх хэрэгтэй. Мэс заслын технологийн хувьд бол дэлхий дахинд илүү жижиг зүслэгтэй мэс засал руу явж байна. Гэхдээ энэ нь мэс засал өөрөө чанартай, стандартын дагуу хийгддэг болсны дараа яригдах асуудал. Тиймээс дурангийн болон роботын тусламжтай мэс засал нэлээд эрчимтэй хөгжиж байна. Роботын мэс засал хөгжиж байгаа нь технологийн дэвшилтэй холбоотой. Робот болон хиймэл оюун ухааныг ашигласнаар хүний биеийн бүтцүүдийг хооронд нь ялгах, мэс заслын үед илүү нарийн ажиллах зэрэг маш олон боломж гарч ирж байна. Мөн алсын зайн мэс засал хийх боломж ч үүнд хамаарна. Өөрөөр хэлбэл, тив алгасаж мэс засал хийх зэрэг нь роботын технологийг хөгжүүлэх үндсэн шалтгаануудын нэг байсан.
Бүр алсдаа энэ технологийн зорилго нь мэс заслын тодорхой хэсгүүдийг хүнээс хамаарал багатайгаар хийхэд оршиж байгаа. Технологийн компаниудын хувьд робот өөрөө мэс заслын тодорхой хэсгийг гүйцэтгэдэг болохыг зорьж байна. Цаашдаа хүний оролцоог улам багасгаж, бүр тодорхой хэмжээнд хүний шууд оролцоогүйгээр робот өөрөө мэс засал хийх боломж руу хөгжүүлэх зорилготой. Энэ бол технологийн хөгжлийн талаасаа ач холбогдолтой зүйл. Харин өвчтөн талаасаа аваад үзвэл мэс заслын технологид маш том дэвшлүүд гарч байна. Гэхдээ одоо бид зөвхөн мэс заслын технологио хөгжүүлэхээс гадна стандартын дагуу мэс засал хийх, мөн ямар хүнд мэс засал хийх вэ, ямар хүнд мэс засал хийхгүй байх вэ гэдэг шийдвэр гаргалтад илүү анхаардаг болсон.
Өмнө нь хавдар гэдэг нь ерөнхийдөө мэс заслын эмчийн л өвчин байсан. Харин одоо бага багаар тийм биш болж байна. Учир нь шинэ эмүүд, шинэ биомаркерууд, хавдрын эсийг устгах шинэ технологиуд гарч ирэх тусам хавдрыг заавал мэс заслаар эмчлэх шаардлагагүй болж байна. Мэс засал нь хавдрын цогц менежментийн чухал хэсэг байсаар байх боловч энэ цогц эмчилгээний дотор мэс заслын эзлэх жин ирээдүйд аажмаар буурах хандлагатай байна. Учир нь мэс заслын оронд эсвэл мэс засалтай хослон хэрэглэх шинэ эмчилгээ, шинэ технологиуд улам бүр хөгжиж байгаа юм.
-Хавдрын тусламж үйлчилгээг илүү бүсчилж, өвчтөнд байгаа газарт нь стандартын дагуу чанартай тусламж үзүүлэхийн тулд манай эрүүл мэндийн тогтолцоонд хамгийн түрүүнд ямар өөрчлөлт хийх шаардлагатай вэ?
-Монголчуудын дундаж наслалт бага багаар ч гэсэн уртасаж байгаа. Хавдар өөрөө насжилттай маш их хамааралтай өвчин учраас хүн амын насжилт нэмэгдэхийн хэрээр ихэнх хавдрын тохиолдол өсөх хандлагатай байдаг. Монгол Улс улаан хоолой, ходоод, элэг зэрэг зарим төрлийн хавдрын өвчлөлөөр дэлхийд өндөр үзүүлэлттэй ордог болохоос нийт хүн амтай харьцуулсан хавдрын тохиолдлын түвшнээрээ 50-60 дугаар байр орчимд байдаг. Гэхдээ хавдрын нас баралт бол өндөр. ХСҮТ-ийн ачаалал буурсан гэж хэлэхээр ажиглагдсан зүйл одоогоор байхгүй. Гэхдээ өвчтөнүүдийн сонголт, тусламж үйлчилгээний боломжууд нэмэгдэж байна. Зөвхөн ХСҮТ гэлтгүй клиникийн бусад томоохон эмнэлгүүд ч хавдрын тусламж үйлчилгээг үзүүлээд явж байгаа. Орон нутгийн эмнэлгүүдийн чадавх ч сайжирч байна. Миний хувьд Япон руу явахаасаа өмнө орон нутгийн тусламж үйлчилгээг сайжруулах тал дээр анхаарч Хөвсгөл аймагт очиж ажилласан.
Баруун бүсийн хувьд, манай чиглэлээр Увс аймаг зонхилон тохиолдох хавдрын мэс заслын эмчилгээнүүдийг өөрсдөө хийх чадавхтай болохын төлөө нэлээд эрчимтэй ажиллаж байгаа. Миний мэдэж байгаагаар Хөвсгөл аймгийн хувьд мэс заслын суурь чадавх маш сайн болсон. Нэг талаараа алслагдсан газруудын эмнэлгийн хөгжил сайн байдаг юм билээ.
Зүүн аймгуудад ч гэсэн зонхилон тохиолдох хавдрын мэс заслын болон бусад эмчилгээг өөрсдөө нэвтрүүлээд явж байгаа тохиолдол олон болсон. Би үүнийг их зөв зүйл гэж боддог. Эдгээр тусламж үйлчилгээг стандартын дагуу, маш өндөр түвшинд хийх ёстой. Тэгж байж эмнэлгийн тусламж үйлчилгээг хүндээ ойртуулж чадна. Ингэж чадвал хот руу, тэр дундаа ХСҮТ рүү ирэх өвчтөнүүдийн ачааллыг тодорхой хэмжээнд бууруулах боломжтой.
Саяхныг хүртэл манай өмнөд хөршийн алслагдсан бүс нутгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ харьцангуй сул байсан. Харин одоо бодлогын түвшинд, тухайлбал Өвөрмонголд томоохон эмнэлгүүд олноор бий болж байна. Энэ хэрээр монгол өвчтөнүүд гадагшаа явж эмчлүүлэх урсгал нэмэгдэж байна. Энэ нь нэг талаасаа улс орны валют гадагшаа урсаж байна гэсэн үг. Үүний эсрэгээр ажиллах нь дараа дараагийн үеийн, манай үеийн эмч нарын анхаарах ёстой асуудал гэж боддог. Өмнө нь өвчтөнүүд бидэн дээр ирэхээс өөр сонголтгүй байсан бол одоо маш олон сонголттой болсон. Тиймээс бид илүү өрсөлдөх чадвартай болж, шинэ технологийг нэвтрүүлж, гадагшаа явж байгаа энэ урсгалыг сааруулах хэрэгтэй. Ингэхийн тулд ХСҮТ маань зөвхөн олон хүнд масс тусламж үйлчилгээ үзүүлдэг эмнэлэг байхаас илүүтэй, судалгааны чиглэлээр ажилладаг, шинэ технологийг нэвтрүүлдэг томоохон төв болоосой гэж боддог.
Бид нар хүмүүстэй их тулж ажилладаг салбарынхан. Миний мэдэж байгаагаар хотод ч ирж чадахгүй хүнд өвчтэй хүмүүс маш олон байдаг. Тэр байтугай аймгийнхаа төвд ч очиход хэцүү хүн байна. Тиймээс бид бүсчилсэн байдлаар мэс заслын болон нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг хүмүүст аль болох ойртуулах чиглэлд ажиллахаас өөр зам байхгүй. Эцсийн дүндээ хүн бүр Улаанбаатар руу, тэр дундаа ХСҮТ рүү заавал ирж байж тусламж авдаг тогтолцооноос илүүтэй, тухайн хүний байгаа газарт нь чанартай, стандартын дагуу тусламж үйлчилгээг хүргэдэг болох нь чухал.
-Та Японд судалгаа хийж, Монголдоо эргэн ирж ажиллаж байна. Цаашид Монголын хоол боловсруулах замын хавдрын оношилгоо, эмчилгээний чанарыг сайжруулахын тулд хамгийн түрүүнд ямар асуудлыг шийдэх шаардлагатай гэж харж байгаа вэ?
-Нэн түрүүнд бид хүний нөөцийн асуудлыг анхаарах хэрэгтэй. Мэдээж технологийн дэвшил чухал, шинэ технологиудыг нэвтрүүлэх ёстой. Гэхдээ хүний нөөцийн бодлогын хувьд илүү их анхаарах шаардлагатай гэж харж байгаа. Хоол боловсруулах замын мэс засал бол нэг талаасаа эрсдэл өндөртэй, нэлээд хүнд, хариуцлага ихтэй ажил. Одоо ажиглаад байхад эрүүл мэндийн салбарт ийм өндөр эрсдэлтэй чиглэл рүү орж ажиллах хүсэлтэй залуу боловсон хүчний тоо хэмжээ нэлээд нимгэрч байгаа. Дэлхийн олон оронд ч энэ асуудлыг ярьдаг. Монголд ч мөн адил байна.
Бусад нарийн мэргэжлийг сонгоод харьцангуй сайхан нөхцөлд ажиллах боломж байхад яагаад ийм өндөр эрсдэлтэй, хүний амь настай шууд холбоотой, харьцангуй бэрхшээлтэй, дээрээс нь маш удаан хугацаанд сурч байж эзэмшдэг мэргэжлийг сонгох вэ гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Энэ асуудалд бид анхаарах хэрэгтэй болсон гэж боддог. Тэгэхээр мэргэжилтэн сайтай байж л өнөөдрийн тулгамдаж байгаа асуудлуудыг шийднэ. Мэдээж олон бодлого хэрэгжүүлж байгаа байх. Гэхдээ хүний нөөцийн асуудал бол цаашдаа зайлшгүй анхаарах ёстой, нэлээд том асуудал гэж бодож байна.