Монголбанк 2027 онд гал унтраах аргаас татгалзаж, системийн шинэчлэл хийнэМонголбанк 2027 онд гал унтраах аргаас татгалзаж, системийн шинэчлэл хийнэ
Нийтэлсэн 2026 оны 10 сарын 5
Монголбанк Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийн төслөө УИХ-д өргөн бариад байна. Уг төсөлд үнийн тогтвортой байдал, банкны салбарын тогтвортой байдал гэсэн үндсэн хоёр чиглэлийн хүрээнд нийт 17 бодлогын арга хэмжээг тусгажээ. Энэ удаагийн үндсэн чиглэл нь өнгөрсөн 15 жилийн бодлогын сургамжийг дүгнэн өмнөх шиг “гал унтраах” арга барилаас татгалзаж, Төв банкны хараат бус байдлыг хангахад чиглэснээрээ онцлог аж. Монголбанк 2027 онд мөнгө хэвлэх замаар асуудал шийдэхээс татгалзаж, төсөв-мөнгөний бодлогыг уялдааг хангах, 6.9 их наядын алдагдлаа цэгцлэх, валютын зах зээлд оролцогч бус зохицуулагч болох шинэчлэл хийхээр зорьж байна.
Инфляцыг дунд хугацаанд 5 хувьд тогтворжуулна
Сүүлийн 15 жилд инфляц зорилтдоо хүрсэн нь ердөө 5 жил. Энэ оны эхний наймдугаар сарын байдлаар жилийн инфляц 12.5 хувьтай байна. Гэхдээ үүний 60 гаруй хувь нь мах, шатахуун болон төрөөс зохицуулалттай бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс үүдэлтэй. Харин Мөнгөний бодлогоор нөлөөлөх боломжтой суурь инфляц 7 орчим хувьд байгаа бөгөөд оны эцэст 7.7 хувьд хүрнэ гэж төсөөлжээ. Мах, шатахууны үнийн өсөлт бусад бараанд дамжихаас сэргийлж Монголбанк наймдугаар сард бодлогын хүүг 12.5 хувь, заавал байлгах нөөцийг 14.5 хувь болгон чангаруулсан. Цалингийн өсөлт, шатахууны эрсдэл өндөр хэвээр байгаа тул инфляц зорилтдоо хүрэх хүртэл мөнгөний хатуу бодлогоо үргэлжлүүлнэ гэж Монголбанк мэдэгдсэн. Иймээс ирэх онд ч энэ бодлого хэвээр үргэлжлэх төлөвтэй байна. Төв банк ирэх онд инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд (±2 нэгж хувь) тогтворжуулах зорилт тавьжээ.
Төсөв, мөнгөний бодлогын уялдааг хуульчилна
Р.Эрдэнэчимэг нь 2022 онд Их засаг их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Баримт бичгийн тооцоогоор сонгуулийн өмнөх жил төсвийн зарлага дунджаар 28.1 хувь, сонгуулийн жил 27.1 хувь өсдөг бол дараа жил нь ердөө 3 хувь өсдөг. 2027 оны төсвийн төслийг 43.6 их наяд төгрөгийн зарлагатай буюу өнгөрсөн оныхоос 9.6 тэрбум төгрөгөөр өссөн дүнгээр өргөн бариад байгаа. Монголбанкны хамгийн их санаа зовж буй асуудал нь цалин, тэтгэвэр зэрэг байнгын шинжтэй зардлыг төрийн өмчит компаниудын 6.7 их наяд төгрөгийн ногдол ашиг зэрэг нэг удаагийн, эрсдэлтэй орлогоор санхүүжүүлэхээр төлөвлөсөн явдал гэв. Энэ орлого бүрэн төвлөрөхгүй бол төсвийн алдагдал тэлж, зардлаа танах эсвэл дахин өр тавих шаардлага үүснэ. Монголбанкны тооцоогоор төсөв энэ чигээрээ батлагдвал цалин, тэтгэврийн өсөлтөөр дамжин эрэлт хөөрөгдөж, инфляц ирэх оны эцэст хүлээлтээс 3 орчим хувиар өндөр гарах эрсдэлтэй. Энэ нь мөнгөний бодлогыг улам хатууруулж, хувийн хэвшлийн санхүүжилтийг хүндрүүлнэ. Иймээс Төв банкны тухай хуулийн шинэчлэлийн хүрээнд төрөөс мөнгөний бодлогын талаар баимтлах үндсэн чиглэлийг УИХ-аас батлахдаа инфляцын зорилт,төсвийн зарлагын хязгаар, алдагдал нөхөх ЗГҮЦ-ны хэмжээ гэсэн 3 үзүүлэлтийг тусган УИХ-аар батлуулдаг шинэ тогтолцоонд шилжих эрх зүйн орчныг бүрдүүлэх аж.
Төв банк дахин мөнгө хэвлэхгүй
Өмнө нь мах, шатахууны үнэ өсөхөөр Төв банк “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” нэрээр мөнгө хэвлэдэг байсан. Үүний уршгаар Төв банкны алдагдал нэмэгдэж, хэвлэсэн мөнгө нь далд инфляц болж байв. Монголбанк энэ алдааг давтахгүй бөгөөд “Нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилт” буюу зах зээлийн аргаар шийдэхээр зорих аж. Тодруулбал, үйлдвэрлэгч, бэлтгэн нийлүүлэгчид стандартын шаардлага хангасан агуулахад бараа, махаа нөөцөлсөн бол түүнийгээ барьцаалж, арилжааны банкнаас хэвийн зээл авч эргэлтийн хөрөнгөө шийдэх эрх зүйн орчныг Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран бүрдүүлэхэд анхаарна. Ипотекийн хөтөлбөр бол мөнгө хэвлэлтийн хамгийн том жишээ. Өнгөрсөн хугацаанд 147.6 мянган зээлдэгчид олгосон 11.2 их наяд төгрөгийн зээлийн 73 хувийг Монголбанк санхүүжүүлжээ. Банкуудын хувь 14.7, Засгийн газрынх 12.3 хувь байна. Одоогоор 54.7 мянган хүн 7.9 их наяд төгрөгийн зээл хүлээж байгаа тул хөтөлбөрийг Засгийн газарт бүрэн шилжүүлэхээр тусгасан.
Төв банкны алдагдлаа ил тод шийднэ
2025 оны эцсийн байдлаар Монголбанкны хуримтлагдсан алдагдал 6.9 их наяд, өөрийн хөрөнгийн дутагдал 4.8 их наяд төгрөгт хүрсэн. Энэ нь ДНБ-ий 4.2 хувьтай тэнцэхүйц тоо. Мөн алдагдлын 74 хувь нь хүүгийн зардлаас үүдэлтэй. Төв банкны үнэт цаасны үлдэгдэл 11 их наядад хүрч, жилд ДНБ-ий 1 хувь орчим хүү төлж байна. Хятадын Ардын банктай хийсэн 1.8 тэрбум ам.долларын свопт жилд дунджаар 188 тэрбум төгрөгийн хүү төлдөг. Арга хэмжээ авахгүй бол өөрийн хөрөнгийн дутагдал 2030–2031 онд 7.0 их наядад хүрэх тооцоо гарчээ. Иймээс үүнийг шийдэхийн тулд Засгийн газар тусгай үнэт цаас гаргаж, Монголбанканд эзэмшүүлэх олон улсын жишигт нийцсэн хуулийн төслийг боловсруулжээ. Төслийн дагуу Засгийн газар жил бүр 1.5 их наяд төгрөгөөс доошгүй хэмжээний тусгай үнэт цаас гаргаж, 2027–2031 онд нийт 7 орчим их наяд төгрөгөөр дутагдлыг нөхнө. Энэхүү үнэт цаасыг Засгийн газрын өрийн хязгаарт тооцохгүй. Үр дүнд нь Төв банкны үнэт цаасны хүүгийн зардал жилд 0.3–0.4 их наяд төгрөгөөр буурч, алдагдал дахин хуримтлагдахгүй гэж тооцжээ. Цаашид Төв банк төсвийн шинжтэй аливаа хөтөлбөр санхүүжүүлэхийг хуулиар хориглох саналыг ч тусгасан. ОУВС-ийн үнэлгээгээр Монголбанкны хараат бус байдлын индекс 0.69 буюу "хангалтгүй" бөгөөд Төв банкны тухай хуульд 30 жилд 22 удаа өөрчлөлт орсон байна.
Валютын зах зээлд тоглогч биш зохицуулагч болно
Гадаад валютын улсын нөөц наймдугаар сарын байдлаар 8.4 тэрбум ам.долларт хүрч, импортын 7.5 сарын хэрэгцээг хангах түвшинд хүрсэн. Зээлжих зэрэглэл S&P-ийн BB-, Moody's-ийн Ba3, Fitch-ийн B+ болж ахисан. Гэвч нөөцийн өсөлт экспортын орлогоос илүү банкнуудын гаднаас татсан эх үүсвэр Монголбанкны алт худалдан авалтаас хамаарч байна. Ирэх онд уул уурхайн томоохон компаниудын гадаад өрийн төлбөр үргэлжлэх тул төлбөрийн тэнцэл алдагдалтай гарах төсөөлөлтэй. Иймээс нөөцийг 7 тэрбум ам.доллараас буулгахгүй байх зорилт тавьж, дараах гурван өөрчлөлт хийнэ.
Уул уурхайн төрийн өмчит компаниудын экспортын валютыг Монголбанк 2019 оноос бүрэн худалдан авдаг байсан. Энэ зохицуулалтаас үе шаттай татгалзаж, валютыг дотоодын зах дээр өрсөлдөөнт зарчмаар арилжаална.
Монголбанк своп хэлцлээр ханшийн эрсдэлийг өөрөө үүрэхээ зогсоож, банк, аж ахуйн нэгжүүд форвард, своп хэлцлээр эрсдэлээ өөрсдөө хаадаг болно.
Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ) болон Үндэсний баялгийн сангийн орлогыг валютаар нь Засгийн газрын дансанд шууд төвлөрүүлнэ.
Банкны салбарт өрсөлдөөн бий болгоно
Монголбанк банкны салбарт өрсөлдөөн бий болгож, зээлийн хүүг бууруулах шинэчлэл эхлүүлэхээр болжээ.
Гадаадын банк Улсад охин компани байгуулах журамыг батална. Банкны хувьцааны нэг хүний эзэмшлийг 20 хувиар хязгаарласан зохицуулалтыг нээлттэй хувьцаат компанид 34 хувь, хаалттайд 51 хувь болгож, хэрэгжүүлэх хугацааг 2029 он хүртэл сунгах санал гаргасан.
Шүүхэд дунджаар 6.2 жил гацаж буй 2.3 их наяд төгрөгийн чанаргүй зээлийг цэвэрлэх Үндэсний актив удирдлагын компани байгуулна. Эрсдэлийн сангийн зардлыг тал хувь бууруулж чадвал зээлийн хүү 0.7–0.8 нэгж хувиар буурах боломжтой гэж тооцжээ.
Банкууд Базелын 24 стандартаас ердөө 6-г нь хэрэгжүүлж байгаа. Монголбанк шинэчлэсэн журмыг 2027 онд батлаж энэ тоог 22-т хүргэж, эрсдэлд суурилсан урьдчилан сэргийлэх хяналт руу шилжинэ.
Түүнчлэн 2029–2030 онд олон улсын Санхүүгийн салбарын үнэлгээ (FSAP)-д хамрагдаж, ФАТФ-ын саарал жагсаалтад дахин орохоос сэргийлэх зорилт тавьжээ.
Сэжигтэй гүйлгээг түр саатуулах, дансыг бүртгэх нэгдсэн систем нэвтрүүлнэ
Баримт бичигт иргэдийн өрийн дарамт өсч буйг анхууруулжээ. Тухайлбал, тэтгэврийн зээл жилд 89.8 хувиар өсөж 3.2 их наядад хүрсэн. Энэ төрлийн зээлдэгчдийн 87 хувь нь орлогынхоо талаас илүүг зээлийн төлбөрт өгч байна. Цалингийн зээлийн хувьд хамгийн эрсдэлтэй бөгөөд анхааруулах хандуулах болон чанаргүй зээл нь 854.7 тэрбумд хүрчээ. Энэ нь банкны системийн дунджаас хоёр дахин өндөр байна. Түүнчлэн зээлийн эрэлт зохицуулалт сул салбар луу шилжиж байна. Ломбардны зээл гэхэд жилд 66.8 хувиар өсөж 1.1 их наядад хүрсэн. Иймээс өр, орлогын харьцааны хязгаарыг банк, банк бус санхүүгийн байгууллагад нэгдсэн байдлаар мөрдүүлнэ.
Оны эхний хагаст бүртгэгдсэн 27.2 мянган гэмт хэргийн 34.4 хувь нь цахим орчинд үйлдэгдсэн бөгөөд тэдний 76.5 хувь нь цахим залилан байна. Монголбанк хууль сахиулах байгууллага, банкуудтай хамтран сэжигтэй гүйлгээг түр саатуулах, дансыг бүртгэх нэгдсэн систем нэвтрүүлэхээр зорьж байна.