Загасны ой санамж 8 секунд, харин монголчуудынх хэд вэЗагасны ой санамж 8 секунд, харин монголчуудынх хэд вэ
Нийтэлсэн 2026 оны 10 сарын 5
Загасны ой санамж найман секунд гэдэг. Энэ тоо хаанаас гарсан, хэн найман секунд тутам шалгасныг мэдэхгүй. Ямартаа ч аквариумынхаа нэг захаас нөгөөд хүрээд цоо шинээр амьдралаа эхэлж, урьд өмнө хэн байсан, хэрхэн аж төрж байсан, хэзээ төрсөн гэх зэрэг бүгдийг мартаж орхидог байх нь. Тэр ч яах вэ, загас ийм байлаа гэхэд хүн төрөлхтөн хавь илүү ойтой нь тодорхой. Гэхдээ монголчуудынх хэд вэ гэдэг тодорхойгүй.
Аа саналаа. Одоогоос 12 жилийн өмнө баруун дөрвөн замын нэгэн оффисын дөрөвдүгээр давхарт төрийн албыг 60 тэрбум төгрөгөөр “зарах” төлөвлөгөөг тухайн үеийн Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй боловсруулан намын дарга М.Энхболддоо танилцуулсан. Уг схемийн видео 2016 оны сонгуулийн үеэр нийтэд цацагдаж, 60 тэрбум байтугай зургаан сая ч хол сонсогдох ажилчин ард цочролд орж байв. Энэ мөнгийг аваад идчихсэн хэрэг биш ч нийгмийг цочроож, төрийн эрх мэдлийг хууль бусаар авахаар оролдсон Ц.Сандуйг 2019.02.18-нд МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлэв. Дараа нь, мөн оны наймдугаар сард прокуророос түүний туслах А.Ганбаатарын хамт холбогдох хэргээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлснээр 2019.10.31-нд тэдэнд тус бүр дөрвөн жилийн ял оноож байлаа.
Гэтэл төд удалгүй давж заалдах шатны шүүх анхан шатны шийдвэрийг хүчингүй болгосон байдаг. Ингээд бүхэл бүтэн улсын төрийн албыг наймаалцахаар зэхэн, схем боловсруулсан тэд ердөө 128 хоног хоригдож, эцэст нь чөлөөнд гарсан. Уг нь, МАН гишүүнчлэлээс түдгэлзүүлсэн хэн бүхэнд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэдэг ч 2023 онд тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Япон дахь Улаанбаатар хотын төлөөлөгчөөр Ц.Сандуйг томилон “шагнав”.
Харин М.Энхболд өөрт нягт холбоотой 60 тэрбумын гороор 01-ийн өрсөлдөөнд өвдөг шороодохын зэрэгцээ намаа ч өгөв, спикерийн суудлаас ч буув. Ингээд хов ярьсан хэл биш хов сонссон чих бурууддагийн жишгээр Ц.Сандуй Японы зүг хөлгийн жолоо залж, М.Энхболд гэрийн зүг гэлдэрч энэ хэрэг сарнижээ. Угтаа схемийн яриа үнэхээр байсан эсэх, хэрэгжүүлэхээр тохирсон эсэх, хэрэгжсэн эсэх, мөнгө төлсөн эсэх, мөн албан тушаал худалдаж авсан эсэх нь тус бүрдээ нотлогдох ёстой байв. Гэвчиг үүнийг бид мартжээ.
Сэтгүүлч Л.Гантөгс нь iToim.mn сайтад 2022 оноос ажиллаж байна. Нийгэм болон спортын мэдээ сурвалжлага бэлтгэдэг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Аа саналаа. ЖДҮХС тойрсон асуудал 2018 онд дэлбэрлээ. Арав гаруй жилийн түүхтэй улсын төсвөөс 30.8 тэрбум төгрөгийн эх үүсвэртэй байгуулагдсан энэ сан эрх баригчдын гарт “амь үрэгджээ”. Тухайлбал, УИХ-ын 16, Засгийн газрын хоёр гишүүн болон түүний харьяа байгууллагуудын эрх бүхий албан тушаалтнууд санг тонолцсон байдаг.
Тэр жил 1,544 иргэн, аж ахуйн нэгж зээл хүссэнээс 216 төсөлд зээл олгосон байдаг. Өөрөөр хэлбэл, мянга гаруй хүн хүсэлт гаргасан ч цөөн хэсэг нь л зээл авчээ. Харин зээл авсан хүмүүсийн дунд тухайн үеийн улс төрийн албан тушаалтнууд, тэдэнтэй хамаарал бүхий компаниуд улайм цайм шалгаруулалтаас хасагдсан хэр нь зээл авч чадсан байлаа. Ингээд хэрэг бүртгэл нээж, АТГ-т шилжүүлсэн. Улмаар тухайн үеийн ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг хамаарал бүхий компаниудад давуу байдал олгосон асуудлаар шалгагдаж, 2019 онд гэм буруугаа хүлээн зөвшөөрөн 40 сая төгрөгөөр торгуулж, нийтийн албанд томилогдох эрхээ таван жилээр хасуулсан. УИХ-ын гишүүн асан Г.Солтан “Монгол шаазан”-тай холбоотой 950 сая төгрөгийн зээлийн хэргээр гурван жил, УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир “Сафир стоун”-той холбоотой 1.2 тэрбум төгрөгийн хэргээр 3.6 жил, УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа “Доктор МЭИК”-тай холбоотой 800 саяын хэргээр 2.6 жилийн ял авч байв. Шүүх алх цохиж, гэм буруутайд тооцогдсон нь эдгээр боловч их хуралд байсан, байгаагүй, эрх мэдэлд ойр гэхчлэн 40 гаруй хүнд АТГ хэрэг нээн шалгасан байдаг. Гэвчиг үүнийг бид мартжээ.
Аа саналаа. 60 тэрбумын дараа ЖДҮ, ЖДҮ-ийн дараа Хөгжлийн банк гарч ирэв. Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилготойгоор 16 жилийн өмнө ЗГ-аас байгуулсан эл банк дампуурахад сөөм зай үлдсэн аймшигт мэдээг ард нийтээр сонсож, нүд чихэндээ итгэмгүй үйл явдал боллоо. Юу болсон гэхээр тус банкны олгосон нийт зээлийн 53 хувь буюу нэг их наяд 882.2 тэрбум төгрөг нь чанаргүй зээл болсныг тухайн үеийн гүйцэтгэх удирдлага нь мэдэгдэж, түүнээс ердөө 16 тэрбумыг эргэн төлсөн байв. Ингээд УИХ-аас анх удаа Хянан шалгах түр хороог байгуулан, сонсгол гээчтэй монголчууд танилцсан. Гэтэл Хөгжлийн банктай холбоотой 125 хуулийн этгээд, найман иргэн, нийт 133 зээлдэгч улс төрийн хамааралтай, дээрээс нь шууд санхүүжүүлсэн төслүүдийн ердөө 18.3 хувь нь зориулалтын дагуу зарцуулагдсан, 74.2 хувь нь зориулалт бүрэн бус, 7.4 хувь нь бүрэн зориулалт бусаар ашиглагдсан нь түр хороогоор илрэв. Гэвчиг үүнийг бид мартжээ.
Аа саналаа. 44 их наяд гэдгийг монголчууд анх удаа сонслоо. Тийм тоо тооны машинд хийж үзсэн байтугай сонссон нь цөөхөн. Эхлээд 40, дараа нь 44 их наяд. Хүн тус бүрд ирэх бараг 12 сая төгрөгийг хулгайлчхаж гээд шуурч орхив. Шуурахын хувьд шуурлаа. Сар гаруй талбай эзэнгүй байсангүй.
Бүртгэлгүй 5.2 сая тонн нүүрс, “Эрдэнэс Тавантолгой”, оффтейк гэрээ, үнийн зөрүү, авлига, ордуудын хэлцлүүд ч сөхөгдөв. Удалгүй өнөө 17 нүүрсчний нэрсийг зарлаж, эцэстээ ХМБ-ууд хүртэл нүүрсчин болсноор замхарсан. Гэвчиг үүнийг бид мартжээ.
Аа саналаа. Хулгай олон төрөлтэй. Түүний нэг нь боломж. Боломжийн хулгайн тод жишээ Боловсролын зээлийн сан. Энэ санг эрх баригчид, мэдээлэлд ойр тэдгээр хүмүүс, тэдгээрийн хүүхдүүд үгүйрүүлэн, хоосолсон. Сангийн гол зорилго дэлхийн ТОП-100 сургуульд тэнцсэн ч эдийн засаг, нийгмийн боломжоосоо улбаалан мөрөөдлийн сургууль, мөрөөдлийн мэргэжлээ эзэмших боломжгүй оюунтнуудыг дэмжих замаар улс орныхоо хөгжил, боловсон хүчнээ зузаатгах байв. Гэвчиг ТОП-100 сургууль гэх шаардлага хангаагүйгээс гадна, эргэн төлөөгүй, улсад ажиллаагүй, чөлөөлөгдсөн, мөн улстөрчид түүний хамаарал бүхий хүн хамрагдсан гэхчлэн түм буман зөрчил илэрч, үймээн тарилаа.
1.Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын эхнэрийн эгч дүүс О.Мичид, О.Алтан
2. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дүү У.Отгонбаяр
3.Г.Занданшатарын хүүхдүүд З.Должинсүрэн, З.Алтангэрэл
4.С.Амарсайханы хүү А.Эрдэнэхүслэн
5.Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр
6.М.Оюунчимэг хүү Б.Энхмөрөн
7.Д.Оюунхорол хүү Ж.Төрбол
8.Ө.Энхтүвшин хүү Ө.Золбоо
Энэ зэргээр боломжийн “хулгайчид” хөвөрч, бүр тэдгээр улстөрч, эрх баригчдын зээлийг чөлөөлж хулгайд нэмэрлэсэн нь ч байх юм. Тухайлбал, Боловсролын сайд Ц.Цогзолмаа 2017–2019 онд 73 зээл буюу 6.3 тэрбум, Ё.Баатарбилэг 2019–2020 онд 82 зээл буюу 8.5 тэрбум, Л.Цэдэвсүрэн 2020–2021 онд 26 зээл буюу 1.9 тэрбум, Л.Энх-Амгалан 2021–2023 онд 89 буюу 9.05 тэрбум төгрөгийг чөлөөлжээ.
Угтаа улс орнуудын хөгжлийн нууцыг судалбал хүн өөрөө бий. Хүн нь хөгжиж гэмээнэ хөгжил дагаж ирдэг учиртай. Дайны дараа үнсэн товрог болсон Япон, өлсгөлөнд нэрвэгдсэн Солонгос, Сингапур, Финланд гээд бүгд боловсрол, боловсон хүчнийхээ ачаар өнөөгийн өндөрлөгт хүрчээ. Харин бидний боловсролын хандлага ийм аж. Үүнийг бид мартжээ.
Тэд чаджээ. Улсаа, иргэдээ, ахуй амьдралаа гөлөөг ч гэж тоолгүйгээр нэгнээ амлан авч, тамлан нанчилдаж чадаж байна. Эхлээд Л.Оюун-Эрдэнэ бас У.Хүрэлсүх. Дараа нь Д.Амарбаясгалан, Г.Занданшатар. Саяхан С.Амарсайхан дахиад Г.Занданшатар. 30,38. Ерөнхийдөө Л.Оюун-Эрдэнэ, У.Хүрэлсүх л дээ. Цаашаа жагсаалтынх, тойргийнх. АН-ынх, МАН-ынх гээд хэр хол, хэр удаан үргэлжлэхийг таашгүй.
Улсаа хөгжүүлэх уралдаанд ингэж уралцдаг бол баллаад тавихаар байна. Даанчиг эрх мэдлийн төлөө “би хар бол чи бүр хар” гэсэн шиг нэг нэгнийхээ бузар булхайг гайхацгаан, уралцсаар хоёр жилд гурван засаг солиод амжлаа. Дахиад ч солих юм гэнэ. Ийн хоёр жилийн хугацаанд хамгийн олон удаа Засгийн газар нь огцорсон, огцруулсан улс болж, анхдагчдын өлгий Булган нутгийнхнаас анхдагч гэсэн амжилтыг нь улстөрчид булаан авч дэлхийн тавцанд гаргахад ойрхон байна. Магад улс нь хөгжөөгүй ч, улс төр нь улирал тутам, сар тутам, өдөр тутам огцруулах хэмжээнд хөгжин, дараагийнхаар сольдог болвол яах вэ?
Яг үнэндээ тэдний хэн нь ч ялгаагүй. Бүгд нэг намынх, нэг тогооных гэдгийг бид мэднэ. 60 тэрбумыг, ЖДҮ-г, Хөгжлийн банкийг, нүүрсний хулгайг, ногоон автобусыг, БЗС-г, бүр “Гэрэгэ таурыг” ч мэднэ. Өнгөрсөн арван жилд тасралтгүй засагласан тэдний алхам бүр ард түмний нүдэнд ил. Харин мартсан эсэхийг л мэдэхгүй.
Загасны ой санамж найман секунд гэдэг. Харин биднийх хэд вэ?