Ардчилсан намын Улс төрийн зөвлөл өнөөдөр хуралда, Засгийн газрын асуудлыг хэлэлцэхээр болжээ. Улс төрийн зөвлөлөөс гаргасан шийдвэрийн талаар даваа гарагийн бүлгийн хурлаараа хэлэлцэхээр болсон байна. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт хэлэхдээ "Ардчилсан намын Улс төрийн зөвлөл хуралдана. Ирэх Даваа гаригт УИХ дахь АН-ын бүлгийн ээлжит хурлаараа асуудлуудаа ярина. Ерөнхий сайдын зүгээс шийдвэртэй алхам хийхгүй бол бид эцсийн арга хэмжээ болгож, Засгийн газрыг огцруулах асуудлыг тавина. Бидний зүгээс олон сайд хариуцлага алдаж байна. Олон УИХ-ын гишүүн их наядаар тоологдох хэрэгт холбогдож байна. Энэ бүх асуудлыг МАН-ынхан өөрсдөө ярьж байна" гэсэн юм.Мөн УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Л.Мөнхбаясгалан Засгийн газрыг огцруулах асуудлыг бүлгийн хурлаараа хэлэлцүүлнэ гэсэн. Тэрээр бүлгийн дарга О.Цогтгэрэлийн Засгийн газрыг огцруулахаар цуглуулсан гарын үсгээ УИХ-д өргөн барихыг шаардана гэсэн юм. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Н.Учралын тэргүүлж байгаа Засгийн газрыг унагавал дараагийн Ерөнхий сайдыг томилж, Засгийн газраа байгуулж чадахгүй гэж үзэж байгаа учраас АН-аас Засгийн газрыг огцруулах асуудлыг УИХ-д оруулахгүй. Харин эрх баригч МАН-тай тохирч, Засгийн газарт хамтрах асуудлыг ярьж байгаа аж.