Монгол Улсын Төв банкны хуримтлагдсан алдагдал 6.9 их наяд төгрөгт хүрч, өөрийн хөрөнгө нь 4.8 их наяд төгрөгийн дутагдалтай болсныг Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа дурджээ.
Төв банкны өөрийн хөрөнгө ийнхүү сөрөг үзүүлэлттэй болсон нь мөнгөний бодлогоо бие даан хэрэгжүүлэх чадавх, инфляцын эсрэг авах арга хэмжээ болон Төв банканд итгэх итгэлд хэрхэн нөлөөлөх вэ гэсэн асуултыг дагуулж байна. Мөн хуримтлагдсан алдагдлыг эцэст нь улсын төсөв буюу татвар төлөгчдийн мөнгөөр нөхөх үү гэсэн болгоомжлол ч бий.
Тэгвэл С.Наранцогт энэ асуудлыг шийдвэрлэхдээ улсын төсвөөс 6.9 их наяд төгрөгийг бэлнээр гаргахгүй, харин Засгийн газраас “тусгай үнэт цаас” гарган Монголбанканд эзэмшүүлэх хувилбар санал болгож байгааг тайлбарлажээ.
Тодруулбал, Засгийн газраас жил бүр 1.5 их наяд төгрөгөөс доошгүй хэмжээний тусгай үнэт цаас гаргаж, 2027–2031 онд нийт 7 орчим их наяд төгрөгийн үнэт цаасаар Төв банкны өөрийн хөрөнгийн дутагдлыг нөхөхөөр тооцсон байна. Ингэснээр Монголбанк зах зээл дэх илүүдэл мөнгийг татахдаа өөрийн өндөр хүүтэй Төв банкны үнэт цаас гаргахын оронд Засгийн газрын үнэт цаасыг ашиглах боломжтой болж, хүүгийн зардал жилд 0.3–0.4 их наяд төгрөгөөр буурна гэж тооцжээ.
Түүнчлэн хуримтлагдсан алдагдлыг нөхөхөөс гадна дахин алдагдал үүсгэх шалтгааныг хязгаарлах шаардлагатай ярилцлагаа онцолжээ. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд 147 мянган зээлдэгчид олгосон 11.2 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн 73 хувь буюу 8.2 их наяд төгрөгийг Монголбанк санхүүжүүлжээ. Харин одоо 54 мянган иргэн нийт 7.9 их наяд төгрөгийн ипотекийн зээл хүсэж хүлээж байгаа бөгөөд өмнөх тогтолцоогоор санхүүжилтийг үргэлжлүүлэх нь инфляцад нэмэлт дарамт учруулах эрсдэлтэйг тайлбарласан байна.