Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийг хамарсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэг өнөөдрөөс улс орон даяар эхэлж, арванхоёрдугаар сарын 1-н хүртэл үргэлжлэх юм байна.
Энэ удаагийн үзлэгт 270689 хүүхэд хамрагдахаар тооцоолжээ.
Тодруулбал, цэцэрлэгийн дунд бүлгийн гурван настай 53 598 хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн зургаан настай 75 838, зургаадугаар ангийн 11 настай 74 751, аравдугаар ангийн 15 настай 66 502 сурагч эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулах аж.
Үзлэгийг сургууль, цэцэрлэгт суурилан зохион байгуулах бөгөөд хүүхдийн нас, хөгжлийн онцлогт тохирсон эрүүл мэндийн цогц үнэлгээ хийх юм. Тухайлбал, хүүхдийн өсөлт, хөгжил, харааны чадал болон харааны эмгэг, зүрхний цахилгаан бичлэгт суурилсан үнэлгээ, нурууны муруйлт, хавтгай тавхай зэргийг шалгана. Мөн хүүхдийн хөгжлийн хоцрогдол, аутизмын хүрээний эмгэгийн эрсдэлийг илрүүлэх үзлэг, тандалт хийхээс гадна өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ хийхээр төлөвлөжээ.
Эрт илрүүлгийн үеэр ямар нэгэн эрүүл мэндийн асуудал илэрсэн тохиолдолд хүүхдийг шаардлагатай тусламж, үйлчилгээтэй холбож, цаашдын эмчилгээ, хяналтыг зохион байгуулах аж.