Р.Даваадорж: Хоёрхон жилийн дотор Засгийн газрын өр 20 их наядаар нэмэгдэх гэж байна. Энэ бол Монголын түүхэнд байгаагүй аймшигтай үзэгдэл
Нийтэлсэн 2026 оны 10 сарын 1
Арваннэгдүгээр сарын 1-ээс хэрэгжүүлэх 2026 оны төсвийн тодотголыг одоо хүртэл батлаагүй байна. Үүнтэй зэрэгцээд Засгийн газраас өргөн барьсан 2027 оны төсвийн төсөлд зарлага энэ жилийнхээс 9.6 их наяд төгрөгөөр нэмэгдэж, Засгийн газрын өр ДНБ-ий 50 хувьд хүрэхээр төлөвлөөд байгаа. Засгийн газар 2026 оны төсвийн тодотголыг өргөн барихдаа 1.4 их наяд төгрөгөөр бүсээ чангалж байгаа гэж мэдэгдсэн ч эдийн засагчид төсвийн тэлэлт инфляцыг өдөөнө гэж анхааруулсаар байна. Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны хараат бус гишүүн, эдийн засагч Р.Даваадоржтой 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсөв, өрийн дарамтын талаар ярилцлаа.
-2026 оны төсвийн тодотголыг арваннэгдүгээр сарын 1-ээс хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ч одоогоор батлаагүй байна. Хугацаандаа батлагдахгүй бол ямар эрсдэл үүсэх вэ?
-Төсвийн тодотголд төрийн үйлчилгээний болон төрийн захиргааны албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх зардлыг тусгасан. Эдгээр мөнгийг арваннэгдүгээр сарын 1-ээс олгож эхлэх зорилготой. Хэрэв тодотгол батлагдахгүй бол энэ мөнгийг авч чадахгүй гэсэн айдас нийгэмд байх шиг байна. Миний харж байгаагаар тодотголын нэг, хоёрдугаар хэлэлцүүлэг хийгдсэн учраас амжиж батлагдах байх.
-Төсвийн тодотголын эхний хоёр хэлэлцүүлгийг хийсэн. Засгийн газрын өргөн барьсан төсөлд өөрчлөлт оруулж чадсан уу. Төсвийн ийм хэмжээний тэлэлт хувийн хэвшилд ямар нөлөө үзүүлэх вэ?
Р.Эрдэнэчимэг нь 2022 онд Их засаг их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
-Засгийн газраас өргөн барьсан тодотголыг багасгана гэсэн ойлголт байхгүй. Эхний хэлэлцүүлгүүд нь явчихсан учраас тэр чигээрээ батлагдана. Ер нь бид нэг аюултай тойрогт орчихлоо. Юмны үнэ өслөө, төрийн албан хаагчийн цалин нэмлээ. Энэ нь эргээд эрэлтэд нөлөөлж, инфляцыг өдөөж, үнэ дахин өсгөдөг. Тодорхой хугацааны дараа тэтгэвэр, цалин хүрэхгүй байна гээд дахин нэмнэ, нөгөө талд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дахиад өснө. Сүүлийн дөрвөн жил бид яг ийм тойрогт орчихсон. Эндээс гарах туйлын хүндрэлтэй.
Энэхүү тойрог нь нийгэмд хамгийн том бүтээн байгуулалт хийж, төсвийн дийлэнхийг бүрдүүлдэг хувийн хэвшилд хамгийн их хор хөнөөл учруулж байна. Хувийн хэвшилд 1 сая 130 мянган хүн ажиллаж байна. Бүртгэлтэй 220 мянган компаниас 70 мянга нь НӨАТ төлдөг. Эдгээр компанийн байдал туйлын хүнд болж байна. Учир нь тэд төрийн албан хаагчид шиг цалингаа нэмэх боломжгүй. Цомхотгол хийх, бараа бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөх, эсвэл хаалгаа барих гэсэн л сонголт үлдэж байна.Бид ийм буруу замаар будаа тээж явна.
Бүтээмжийг нэмэлгүйгээр, нэмүү өртөг бүтээлгүйгээр зах зээл рүү мөнгө оруулбал үнэ өсдөг гэдгийг хүн бүр мэднэ. Энэ талаар мэдээж маш том шүүмжлэл байна. Харамсалтай нь манай төрийн бодлого богино хугацааны алга ташилтын төлөө улс орныхоо эдийн засагт сөрөг үр дүн үзүүлэх шийдвэрүүдийг гаргаад хэвшчихлээ. Энэ тойргоос хэзээ гарахаа ч бид мэдэхгүй байна. Бусад улсын жишээг харвал Шри Ланка, Непал зэрэг улс яг ийм замаар явсан. Бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөөр төрийн албан хаагчдынхаа цалинг нэмж, тэр мөнгийг бүтээмж, экспортын үйлдвэрлэлээс олсон орлогоор бус гадаад өрөө нэмэх замаар санхүүжүүлж, төсвөө тэлсэн. Эцэстээ нийгмийн эмх замбараагүй байдалд хүрч, маш аюултай нөхцөл байдал үүссэн. Хүмүүс нэг өдөр гэнэт уурлаж бухимдаад гарч ирдэггүй. Эдийн засгийн бодлого тодорхой хугацаанд буруу тойрогт орсноор тэсэрдэг. Өнөөдөр бид яг тэр тойргоор явж байна.
-Тодотгол батлагдвал инфляц хэр өсөх талаар янз бүрийн тооцоо гарч байна. Монголбанк төсвийн зарлага 1 их наядаар нэмэгдэх бүрт инфляц 0.4-0.6 нэгж хувиар өснө гэж тооцсон бол Банкны холбоо оны эцэст инфляц 18 хувьд хүрч болзошгүйг анхааруулсан. Бодит байдал дээр инфляцын дарамт хэр байх вэ?
-Банкны холбоо инфляцын төсөөллийн талаар маш өндөр тоо хэлсэн. Одоогоор гурав, дөрвөн өөр тоо гарч, хүмүүсийн толгойг эргүүлээд байна. Бодит тоо хэд байх нь төсвийн тодотголоор ямар мөнгийг юунд зарцуулахаас шалтгаална.
Монголбанкны гаргасан 0.4-0.6 гэсэн тоо хамгийн оновчтой. Төсвийн зарлагыг 1 их наядаар нэмэхэд инфляц 0.4-0.6 нэгж хувиар өсөх магадлалтай гэсэн тооцоо. Энэ бол хамгийн багаар тооцсон, ямар ч улстөржилт, хийрхэлгүй бодит тоо тул маш сайн анхаарах ёстой. Одоо 2027 оны төсвийг хэлэлцэж байна. Энэ төсвийн зарлага бараг 10 их наядаар нэмэгдсэн. Хамгийн багаар бодоход л инфляц 4 нэгж хувиар нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, инфляц хоёр оронтой тоонд баттай орно гэж хэлж болно. Мэдээж төсөв батлагдангуут маргааш нь нөлөөлөхгүй, хоёр улирлын дараагаас мэдрэгдэж эхэлнэ.
Төсвийн тодотголоор дундаж тэтгэврийг 200 мянган төгрөгөөр нэмнэ. Гэтэл хоёр улирлын дараа үнийн өсөлт 300 мянган төгрөгтэй тэнцэх хэмжээнд хүрнэ. Өөрөөр хэлбэл, 200 мянган төгрөг үнийн өсөлтийг гүйцэхгүй, энэ нэмэгдэл ямар ч үр дүнгүй болно. Тэгээд дахиад "цалингаа нэм" гэж орилж бархирч эхэлнэ. Нэг уут хүнсний бүтээгдэхүүнийг 2016 онд 30 мянгаар авч байсан бол дараа нь 80-100 мянга, одоо 300 мянга боллоо гээд бухимдана. Тэр үед Засгийн газар дахиад цалин, тэтгэвэр нэмнэ. Энэ хэдий хүртэл тэсэж, хэзээ тэсрэхийг мэдэхгүй. Өнөөдөр 500 мянган ахмад тэтгэвэр нэмэгдсэнд баярлаж байгаа байх. Би үүнийг дэмжиж байна. Тэд тэтгэврийн нэмэгдлээрээ өмнө нь авч чаддаггүй байсан даралтныхаа эмийг аваад ууна. Гэхдээ хоёр улирлын дараа тэр 200 мянган төгрөг хор болно. Хамгийн гол нь хувийн хэвшлээ чирч, улс орныхоо эдийн засагт сөргөөр нөлөөлнө. 10 ажилтантай байгууллага 7-8 хүнтэй болох байх. Тэр хэмжээгээр цалин нэмэгдэхгүй. Ний нуугүй хэлэхэд амьдрал ийм хүнд байна. Хүмүүсийн цалингийн орлого амьдралд нь хүрэхгүй байна. Буруу бодлого ийм хортой байдаг.
-Монгол Улс уул уурхайн түүхий эдийн үнэ өссөн үед төсвийн зарлагаа тэлдэг, харин үнэ буурахад төсөвт хүндрэл үүсдэг бүтэцтэй болчихсон. Түүхий эдийн үнэ өндөр байгаа энэ үед орлогоо ямар зарчимд тулгуурлан зарцуулах ёстой вэ?
-Бид уул уурхайгаас хараат эдийн засагтай улс. Зэс, нүүрсний үнэ өсөхөөр төсвөө тэлдэг өвчтэй. Энэ жил манай гадаад худалдаа маш сайн үзүүлэлттэй байна. Оны эхний долоон сарын статистикаар нүүрсний экспорт өнгөрсөн оныхоос 2 тэрбум ам.доллар илүү байна. Зэсэн дээр ч ялгаагүй, 2 тэрбум ам.долларын ашиг олсон. Гэхдээ түүхий эдийн үнэ үргэлж өндөр байдаггүй. Үнэ унавал тэтгэвэр, цалингаа өгч чадахгүй нөхцөлд хүрнэ. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өссөн үед тогтмол зардлаа нэмчихвэл дараа нь цалин, тэтгэврийг бууруулж болохгүй, заавал өгөх ёстой. Ингээд хүнд байдалд ороод гадаад өр авахаас өөр аргагүй болдог. Гадаад өрийн хэмжээ, хязгаартай. Манай улс гадаад өрийн маш хүнд нөхцөлд орчихсон улсуудын нэг шүү дээ.
Төсвийн тодотголоор ерөнхийдөө нэг их наядын зардал нэмэгдэж байна. Засгийн газар 1.4 их наядаар бүсээ чангалж байна гэж яриад байгаа ч Засгийн газрын гадаад, дотоод өр 2 их наядаар өсөж байна. Өөрөөр хэлбэл, өрөө нэмж цалин, тэтгэврээ өсгөж байна гэсэн үг. Энэ бол ирээдүйдээ том дарамт үлдээгээд өнөөдөр алга ташуулаад өнгөрч байгаа хэрэг. Харамсалтай нь энэ өр Монголын ирээдүй болсон хүүхэд багачууд, хувийн хэвшил, улсын эдийн засагт ирэх ачаа дарамт болно.
-2027 оны төсвийн зарлагыг 43.6 их наяд, орлогыг 41.3 их наяд, алдагдлыг 2.3 их наяд төгрөг байхаар өргөн барилаа. Өнөө жилийн төсвөөс зарлага нь 9.6 их наядаар нэмэгдэж байна. Ийм өндөр зардалтай төсвийг батлах нь эдийн засагт ямар эрсдэлтэй вэ?
-Төсвийн тодотголоор тэлсэн нэг их наядыг шүүмжилж байтал араас нь зарлагыг 9.6 их наядаар нэмсэн төсөв оруулаад ирж байна. Төсвийг дураараа нэмж болдог юм уу, үүнд хууль дүрэм байдаггүй юм уу. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд маш тодорхой тоон үзүүлэлтүүд заачихсан байдаг. Бид дараагийн гурван жилд төсвийг ямар хэмжээнд зарцуулахаа төсвийн хүрээний мэдэгдлээр тавдугаар сард УИХ-ын чуулганаар баталсан. 2027 оны төсвийн зарлагыг 33-34 их наяд төгрөг байхаар тусгасан. Гэтэл одоо 43 их наяд болгох гэж байна. Хуулиа зөрчиж байна гэхээр хуулиа өөрчлөх санал бариад орж ирдэг. "Бид буруу тооцоолол хийчихсэн" гээд ердөө гуравхан сарын өмнө УИХ-аар баталсан хязгаараа давж, 33 их наядыг 43 болгож байна. Энэ нь Монгол Улсад хууль үйлчилдэггүй, хуулийн замаар явдаг улс биш гэдгийг харуулж байгаа юм.
-Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд төсвийн зарлага, алдагдал, өрд тоон хязгаар тогтоосон байдаг. 2027 оны төсвийн төсөлд энэ хязгаарыг давсан байна. Ер нь энэ хууль анх ямар зорилгоор батлагдсан бэ, одоо үүргээ гүйцэтгэж чадаж байна уу?
-Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг 2010 онд баталсан. Манайх шиг түүхий эдээс хараат улс орнууд ийм хууль хэрэгжүүлдэг. ОУВС Чили улсын туршлагыг санал болгож, "Танайх шиг зэс, нүүрс гэсэн хоёрхон бүтээгдэхүүнээс хараат улсад ийм хууль хэрэгтэй" гэсэн. Учир нь түүхий эдийн үнэ үргэлж өндөр байдаггүй. Үнэ өсөж байх үед төсвөө тэлчихвэл дараа нь гадаад өрөнд орж, эдийн засаг хүндэрнэ. Харамсалтай нь энэ хуулийг 2022 онд өөрчилсөн. Энэ оны тавдугаар сард төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж байхад "Та нар хий хоосон тоо ярьж байна, гурван сарын дараа өөрчилнө" гэж хэлсэн. Яг гурван сарын дараа бүх юм өөрчлөгдлөө. Монгол Улс төсвийн сахилга батгүй улсын нэг. Төсвийн ямар ч сахилга бат, тооцоолол байхгүй.
Төсвийн тодотголын гол зорилго нь боловсролын салбарын цалинг нэмэх асуудал. УИХ боловсролын салбарын ажилтнуудын цалинг нэмэх хуулийг баталчихаад, үүнд шаардлагатай 765 тэрбум төгрөгийг 2026 оны төсөвт тусгаагүй. Ийм хэмжээний мөнгийг мартсан гэдэг чинь юу гэсэн үг вэ. Ерөөсөө л хариуцлагагүй явдал. Төсвийн алдаанд хариуцлага тооцдог тогтолцоо огт байхгүй. Тоогоо дураараа оруулж ирж, дураараа хэлэлцдэг. Ирээдүйд улсын өр хэр болох, үнийн өсөлт хэзээ зогсох нь хэнд ч хамаагүй болжээ.
Уул уурхайн бүтээгдэхүүн зарж олсон мөнгөө зөв зүйлд, тухайлбал экспортын үйлдвэрлэл бий болгоход зарцуулж байна уу гэдгийг ярьж байгаа хүн ч алга. Олсон мөнгөө хувааж идчихээд, дараа нь мөнгө хүрэхгүй байна гэж сууна. Монголын төрд хариуцлага гэдэг зүйл үгүй болсон. Үүнийг сэргээх том, цогц шийдэл гаргахгүй бол ний нуугүй хэлэхэд улс орон маш буруу замаар явж байна.
Гадаадаас олж буй 10 ам.доллар тутмын наймыг уул уурхайгаас олдог бөгөөд үүний дөрвийг нь нүүрс, үлдсэнийг зэс бүрдүүлж байна. Нүүрсний үнэ унаж, нийлүүлэлт багасвал бид ОУВС-ийн хөтөлбөрт шууд ороход бэлэн болчихсон байна.
Р.Даваадорж
-Засгийн газрын өрийн нийт хэмжээ 2027 онд 56.6 их наяд төгрөг буюу ДНБ-ий 50 хувьд хүрэхээр тооцсон. Төсвийн зардал ийнхүү тэлж, өрийн хэмжээ нэмэгдэж байгаа нь цаашид төсөвт ямар эрсдэл үүсгэх вэ?
-Аливаа улс гадаад өр хэт өсөхөөс үргэлж болгоомжилдог. Гадаад өр улсын зээлжих зэрэглэлд сөргөөр нөлөөлөхөөс гадна нийгмийн харилцаа, эдийн засгийн томоохон салбаруудыг хамардаг тул улс орнууд хамгийн түрүүнд анхаардаг. Манайх өмнө авсан зээлийнхээ үндсэн төлбөр, хүүд 3.6 их наяд төгрөг төлж байна. 3.6 их наяд гэдэг бол 10 гаруй жилийн өмнө шуугиан тарьж байсан Чингис бондын хэмжээний мөнгө. Үүнийг зүгээр л өрөнд төлж байна гэсэн үг. Үүнээс илүү хэмжээний өр зээл нэмэх нь үнэхээр байж боломгүй явдал.
Монгол Улсын нийт өр ДНБ-ий 200 хувьтай тэнцэж байна. Тэндээс Засгийн газрын өрийг салгаж авбал 2027 онд ДНБ-ий 50 хувь буюу 56.6 их наядад хүргэнэ гэж байгаа. Засгийн газрын өрийг ДНБ-ий 50 хувьд барьчихвал асуудалгүй гэж ярьдаг. Гэтэл 50 хувьдаа байгаа эсэх нь өөрөө маш маргаантай. Өнгөрсөн хавар зарим өрийг Засгийн газрын өрд тооцохгүй гэсэн агуулгатай хууль баталсан. Тухайлбал, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын өрийг Засгийн газрын өрд тооцохоо больсон. Шатахууны өрийг хүртэл Засгийн газрын өр биш гэж үзэж, жаахан хүүхэд шиг юм хийж байна. Үүнээс өмнө дэд бүтэц, цахилгаантай холбоотой өр зээлийг өрд тооцдоггүй байсан. Ингэж л 50 хувьдаа бариад байгаа. Өөрөөр хэлбэл, тооцоолол нь хүртэл буруу. Өрхөөр зүйрлэвэл "Эрэгтэй хүнээс зээлсэн мөнгөө л өр гэж тооцъё, эмэгтэй хүнээс зээлсэн бол өр биш" гэж гэр дотроо ярьж байгаа тэнэг хүмүүсийн яриа шиг. Улс орон ийм бодлогогүй байж болохгүй.
2026, 2027 онд дараалан Засгийн газрын өр 20 их наядаар нэмэгдэх гэж байна. Энэ бол Монголын түүхэнд байгаагүй хамгийн аймшигтай үзэгдэл. Бид 1990-ээд онд Оросоос авсан 10 тэрбум ам.долларыг Монгол Улсын их өр гэж ярьдаг байлаа. Тэр мөнгөөр социализмын үеийн асар том бүтээн байгуулалт хийж, Монгол Улсыг босгож хөгжүүлсэн. Тэнд хулгайлсан нэг ч доллар байхгүй. Одоо бол дураараа хэрэглэж байна. Хоёрхон жилийн дотор 20 их наяд буюу 5 тэрбум орчим ам.доллар гэдэг чинь Монголын 60-70 жил бүтээн байгуулсан мөнгөний тал. Үүнийг авч цалин, тэтгэвэр нэмэх зэрэг урсгал зардалд зарцуулж, юу хийх нь тодорхойгүй байна.
Өнөөгийн Засгийн газар алга ташуулж, асар их өр тавиад, нэг хоёр жил байж байгаад улс орноо хаяад явах гэж байна. Гэтэл тавьсан өр нь бүгд үлдэнэ. Үүнийг Монголын татвар төлөгчид, ирээдүй үе төлнө. Гадаад өрийн хязгаар тогтоогоод, зарим өрийг гадна нь гаргаж тооцох нь өөрсдийгөө хуурч байгаа хэрэг. Гэр бүлээр жишээлбэл, аав нь "хүүхдүүдээ сайхан байлгана, эхнэртээ гоё машин, алтан ээмэг авч өгнө" гээд гэрийнхээ нэр дээр бөөн зээл аваад, "дараа нь юу болсон ч яадаг юм" гээд хаяад явсантай адил. Монголын өнөөгийн удирдлага, эдийн засаг, санхүүгийн асуудлыг харахаар ийм дүр зураг буудаг.
-Гадаад зээлээр бид тодорхой хэмжээний төсөл хэрэгжүүлж, үр дүн гаргасан зүйлүүд байгаа шүү дээ. Тэгэхээр асуудал нь зээлд биш, түүнийг юунд, хэр үр ашигтай зарцуулж байгаад байна гэж ойлгож болох уу?
-Бид тодорхой хэмжээнд төсөл хэрэгжүүлсэн. Ундны цэвэр усны төслийг АНУ-аас санхүүжилт авч хэрэгжүүлж, тодорхой хэмжээнд тус дэмтэй зүйл хийж байна. Дэд бүтэц, зам харгуй ч бий. Гэхдээ хажуугаар нь хулгайн зам гараад ирлээ. Гадаад өрөөр дураараа дургидаг асуудлыг бид саяхан Туулын хурдны зам дээр харлаа. 500 тэрбум төгрөг шилжүүлсэн. Энэ бол байж боломгүй явдал. Хүний халааснаас 5 мянган төгрөг хулгайлбал дор нь бариад хэдэн сар, жилээр ялладаг. Гэтэл 500 тэрбум гэдэг асар их мөнгө. Энэ бол татвар төлөгчдийн мөнгө. Зарим нь "татвар төлөгчдийн биш, зээлийн мөнгө, бондын мөнгө" гэдэг. Гадаад өр бол муу зүйл биш, зөв ашиглавал улс орныг хөгжүүлдэг хэрэгтэй хэрэгсэл. Гэхдээ ийм сахилга батгүй, замбараагүй төрд бодит үүргээ гүйцэтгэж чадахгүй, зүгээр л өр нэмж улс орныг сүйтгэдэг зэвсэг болчихоод байна. Гадаадаас авч буй зээлийн тодорхой хэсэг нь үр ашгаа өгч байгаа ч "дайны хажуугаар дажин" гэгчээр асар их мөнгө шамшигдуулж байгаагийн бодит жишээ энэ.
-Төсвийн бодлого энэ чигээр үргэлжилбэл ОУВС-ийн хөтөлбөрт орох эрсдэлтэй гэж зарим мэргэжилтэн үзэж байна. Одоогийн нөхцөлд ийм эрсдэл бий болсон уу?
-Сүүлийн 30 жилийн түүхийг харвал бид 6-7 удаа ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдсан. Сүүлийнх нь 2016 онд эдийн засаг хүндэрч, 2017 онд хамрагдсан. Тэгээд нүүрсний үнэ өсөнгүүт "за больё" гээд тухайн үед ОУВС-гийн дургүйг хүргэсэн. Сангийн тусламжтайгаар асар их зээл аваад хүнд байдлыг даваад, гайгүй болмогцоо гурван жил хэрэгжих ёстой хөтөлбөрийнхөө дундаас гарсан.
Одоо ч нөхцөл байдал давтагдах магадлалтай, нүүрсний үнэ унахад л шууд хөтөлбөрт орно. Гадаадаас олж буй 10 ам.доллар тутмын наймыг уул уурхайгаас олдог бөгөөд үүний дөрвийг нүүрс, үлдсэнийг зэс бүрдүүлж байна. Нүүрсний үнэ унаж, нийлүүлэлт багасвал бид ОУВС-ийн хөтөлбөрт шууд ороход бэлэн болчихсон байна. Энэ жил гадаад худалдааны үзүүлэлт маш сайн байлаа.
Нүүрс Монголын түүхэнд байгаагүй өндөр үнэтэй, биет хэмжээгээр ч маш их гарлаа. Зэсийн үнэ ч аятайхан байна. Оюу толгойн далд уурхайг ашиглаж эхэлснээр зэсийн экспорт хоёр дахин нэмэгдлээ. Зөв ашиглавал бидэнд ийм сайхан боломжууд байна. 3.5 сая хүнээ зовоогоод байх шаардлагагүй. Харамсалтай нь буруу бодлого явуулж байгаа учраас өөрсдийн ухсан нүхэндээ унаж байна.
-Монголбанк бодлогын хүүгээ 12.5 хувьд хүргээд байгаа. Мөн төсвийн зардал буурахгүй бол мөнгөний бодлогоор төгрөгийн ханшид ирэх дарамтыг бууруулах боломж хязгаарлагдмал гэдгийг анхааруулсан. Гэтэл төсвийн тодотгол болон 2027 оны төсвийг харахад зардал бүр илүү тэлээд орж ирлээ. Энэ хоёр бодлого хоорондоо зөрчилдөж байна гэж үзэх үү?
-Үүнийг манай УИХ-ын гишүүд ч ойлгодоггүй. Гэхдээ хамгийн чухал асуудал. Улс орныг төсвийн болон мөнгөний бодлогоор авч явдаг. Энэ хоёр нэг чиглэлд, нэг зорилготой явах ёстой. Өөрөөр хэлбэл, төсөв хэт тэлж болохгүй, 10 их наядаар тэлж болохгүй. Нөгөө талд мөнгөний бодлого хатуу байна. Монголбанк төсөв тэлж байгаа тул зах зээл рүү хэт их мөнгө орохоос сэргийлж бодлогын хүүгээ 12.5 хувьд хүргэсэн. Энэ хоёр бодлого эсрэг тийшээ харж явна. Нэг нь төсвөө тэлж, нөгөө нь бодлогын хүүгээ чангалж байна. Төсөв тэлснээр зах зээл рүү асар их мөнгө орж ирэхэд Монголбанк бодлогын хүүгээ өсгөж, зах зээл дээр эргэлдэж буй мөнгийг эргүүлэн татаж байна. Төв банкны үнэт цаасаар дамжуулан арилжааны банкуудаас 12.5 хувийн хүүтэйгээр мөнгө татдаг бөгөөд энэ нь өнөөдөр 14 их наядад хүрсэн. Мөн заавал байлгах нөөцийн хувьд банкууд валютаар байршуулсан 100 доллар тутмаас 19-ийг нь барьж байна. Ингэж бодлогын хүү, заавал байлгах нөөц, төв банкны үнэт цаас гэсэн хуулиар олгогдсон гурван хэрэгслээр Монголбанк зах зээлээс мөнгө сорж байна. Нөгөө талд нь цалин, тэтгэврээ нэмээд байна.
Энэ хоёр бодлого зөрчилдөж, гор зовлонг нь татвар төлөгчид үүрч байна. Зээл авч үйл ажиллагаа явуулж, төсөвт мөнгө төлж байгаа хувийн хэвшил өндөр хүүтэй зээлийн дарамтад сүйрч байна. Дээр нь төрийн албан хаагчид цалингаа нэмүүлж байгааг хараад ажилчид нь ч цалингаа нэмэхийг шаардаж байна. Үнийн өсөлт өндөр учраас аргагүй. Бодлого нь хоёр тийшээ харсан улсад үнийн өсөлт зайлшгүй бий болдог. Үүний хохирогч нь хувийн хэвшил, ард иргэд, тухайн улсын хөгжил, эдийн засаг байдаг.