Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон шатахуун станцийн төлөөллүүд шатахууны нөөц, түгээлт зэрэг асуудлаар мэдээлэл өглөө.
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар АИ92 автобензиний 59000 тонн, дизель түлш 188575 тонн, 11000 тонн онгоцны түлшийг импортоор оруулж ирээд байна. Өнөөдөр гэхэд төмөр замаар 217 вагон буюу 13000 тонн АИ92 автобензин тээвэрлэж байгаа. Сүхбаатар болон Замын–Үүд боомтоор энэ төрлийн бензин тасралтгүй орж ирж байна. Үүнийг ердийн хэрэглээгээр тооцвол 5-6 өдрийн нөөц аж.
Супер 92 ШТС-ын төлөөлөл: ОХУ—ын дайны нөхцөл байдлаас хамааран сүүлийн 3 сар дотоодод нь хомсдол үүссэн. Манай улсад нийлүүлдэг байсан шатахууны нийлүүлэлтийн хэмжээ 20-30 хувиар бага ирж байна. Үүнээс үүдэж шатахууны хомсдол үүсэж байгаа ч өдөр тутамд шатахуун ирж байгаа. Хэрэглэгчид шатахуун тасрах вий, хомсдох вий гэсэн айдсаас болж шатахуун түгээх станц дээр шаардлагагүй дүүргэлт хийх, бөөнөөрөө оочирлож байна. Энэ үйлдэл багасвал аж ахуй нэгжүүд хэд хоногийн нөөц бүрдүүлэх боломжтой. Энгийн үетэй харьцуулахад ачаалал 2 дахин нэмэгдсэн.
М Ойл компанийн төлөөлөл: Бид хувь хүнийг хэчнээн төгрөгийн бензин авахад ямар нэгэн байдлаар нөлөөлөх боломжгүй. Бага үнийн дүнтэй авч байна гэдэг асуудал байгаа. Гэхдээ манайх ямар нэгэн үнийн дүн,лимит заагаагүй. Ирсэн шатахуунаа түгээх станцууд руу гаа хуваарилж олгож байна. Хүмүүсийн дунд шатахуун хомсдол гэсэн айдас бий болсон учраас дундуур банкаа дүүргэх тохиолдолд гарч байна. Үүнээс шалтгаалан хэрэгцээтэй хүмүүс нь шатахуунаа авч чадахгүй байна. Энэ цаг үеийг ард иргэд, шатахууны компаниуд аль аль талаасаа хамтран даван туулж зогсоох хэрэгтэй.