Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэл”-ийн төслийг хуульд заасан цаглаврын дагуу Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.09.30/ өргөн мэдүүллээ.
Монголбанкны шинэ удирдлагын баг өмнөх жилүүдийн бодлогын хэрэгжилт, сургамжид тулгуурлан Төв банкны дунд хугацааны зорилт, хөгжлийн чиглэлийг тодорхойлж, 2026–2030 оны стратегийг батлан хэрэгжүүлж эхэлсэн. Үүнтэй уялдуулан боловсруулсан 2027 оны Үндсэн чиглэл нь үнийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангахын зэрэгцээ Төв банкны засаглал, хараат бус байдлыг бэхжүүлэх, цахим шилжилтийг эрчимжүүлэхэд чиглэсэн дунд хугацааны стратегийг хэрэгжүүлэх бодлогын баримт бичиг юм.
Монголбанкны Ерөнхийлөгч төслийг өргөн барих үеэрээ инфляцыг зөвхөн бодлогын хүүгээр удирдахаас илүүтэй төсөв, мөнгөний бодлогын уялдааг сайжруулах, санхүүгийн сахилга батыг хангах, мэдээлэлд суурилсан шийдвэр гаргалтыг хөгжүүлэх зэрэг цогц шинэчлэлд анхаарч байгааг онцоллоо. “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэл”-ийн төсөлд үнийн тогтвортой байдал, банкны салбарын тогтвортой байдал гэсэн үндсэн хоёр чиглэлийн хүрээнд нийт 17 бодлогын арга хэмжээг тусгажээ. Ингэхдээ бодлогын арга хэмжээний хэрэгжилтийг хэмжих, хариуцлагыг тодорхой болгох, инновац, технологийн шийдлийг үе шаттай нэвтрүүлэхэд анхаарч байна.

Үнийн тогтвортой байдлыг хангах хүрээнд инфляцыг дунд хугацаанд 5 орчим хувьд тогтворжуулах, төгрөг болон валютын зах зээлийн дэд бүтцийг хөгжүүлэх, гадаад валютын улсын нөөцийн хүрэлцээ, аюулгүй байдлыг хангахад зорьж байна. Банкны салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх хүрээнд хяналт шалгалтын зохицуулалтыг Базелын стандартад нийцүүлэх арга хэмжээг үргэлжлүүлэх, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын аргачлалыг нэвтрүүлэх, актив удирдлагын тогтолцоог бүрдүүлэхээр тусгалаа. Түүнчлэн гадаадын банкны эрх зүйн орчныг боловсронгуй болгох, чанаргүй зээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах чанаргүй активын хоёрдогч зах зээлийг хөгжүүлэх арга хэмжээг эхлүүлнэ.