УИХ-ын дарга С.Бямбацогт парламентын цахим платформын шинэчлэлийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр чуулган болон байнгын хорооны ирц бүрдэхгүй байгаа талаар УИХ-ын дарга С.Бямбацогт сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Тэрээр "УИХ-ын гишүүд ард түмний элч. Нийт иргэн, улсын эрх ашгийг эрхэмлэнэ гэж тангараг өргөдөг. Энэ үүднээсээ төрийн ажлыг тасалдуулахгүй явуулах ёстой.УИХ төсөв батлах гэж байгаа. Төсвийн тодотголыг хурдан баталбал ахмадуудын тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалин арваннэгдүгээр сарын 1-ээс нэмэгдэнэ. Ургацаа хурааж авахад зардал мөнгө хэрэгтэй байна. Арваннэгдүгээр сарын 1-ээс төсвийн тодотголын хууль хэрэгжиж эхэлнэ. Одоо нэг 7 хоног алдвал арваннэгдүгээр сарын 1-ээс өмнө төсвийн тодотголоо баталж амжихгүй. Тиймээс гишүүд хуралдаа сууж, асуудал байвал ярих хэрэгтэй. Тэгэхгүй ирц бүрдүүлэхгүй, ажлаа хийхгүй, чуулганы үйл ажиллагаа алдагдуулбал хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна гэсэн үг.Өмнө нь төсвийг аравдугаар сарын 1-нд өргөн бариад арваннэгдүгээр сарын 15-нд батлах хуультай байсан. Төсвийн нэгдэх хэлэлцүүлгийг хийсэн. Энэ 7 хоногт ганцхан баасан гарагт чуулганы хуралдааныг товлосон. Төсөв хуулийн хугацаандаа батлагдах боломжтой байгаа.