Э.Мэндтүвшин: Төрийн бүх түвшинд нэг баг болж, нэг зарчимтай ажиллавал баялагтаа эзэн болж чадахыг Оюу толгойн хэлэлцээрийн үр дүн харууллааЭ.Мэндтүвшин: Төрийн бүх түвшинд нэг баг болж, нэг зарчимтай ажиллавал баялагтаа эзэн болж чадахыг Оюу толгойн хэлэлцээрийн үр дүн харууллаа
Оюу толгой компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Э.Мэндтүвшинтэй ярилцлаа. Тэрээр Монгол Улсын Засгийн газрын Рио Тинто групптэй хэлэлцээр хийх багт ажилласан юм. ТУЗ-ийн гишүүнээр 2024 оны арваннэгдүгээр сард томилогдоод манай редакцтай анхны ярилцлагаа хийж байсан бөгөөд тухайн үед Оюу толгой ХХК санхүүгийн зардлыг буулгах дээр анхааран ажиллана гэж хэлж байсан билээ.
-Монгол Улсын Засгийн газар Оюу толгойн төслийн хөрөнгө оруулагч Рио Тинтотой групптэй хийсэн хэлэлцээр үр дүнд хүрч, талууд Хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахаар болсноо зарласан. Та хэлэлцээрийн багт ажилласан хүний хувьд Оюу толгойн хувь нийлүүлэгчдийн тохирсон асуудлаар уншигчдад эхлээд мэдээлэл өгөхийг хүсье.
-Есдүгээр сарын 11-ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал болон Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Саймон Тротт нар хамтарсан мэдэгдэл хийсэн. Энэхүү мэдэгдлээр өнгөрсөн нэг жил хагасын хугацаанд үргэлжилсэн хэлэлцээрийн үр дүнг баталгаажуулж, хоёр талаасаа үндсэн Хувь нийлүүлэгчдийн гэрээндээ нэмэлт, өөрчлөлт оруулж, гэрээгээр эрх үүргээ баталгаажуулсан. Гэрээнд ямар нэмэлт, өөрчлөлт оруулсан бэ гэвэл нэгд, олон жил ярьж байгаа хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүгийн түвшнийг бууруулсан. Намайг ажил авч байхад энэ зээлийн хүү хамгийн өндөр түвшинд буюу 12 хувь хүрч байсан. Үүнээс хойш хэлэлцээр хийсний үр дүнд SOFR-ийн хувьсах хүүтэй нийлээд ойролцоогоор 8.0 хувьд хүргэхээр болж байна. Хоёрт, Оюу толгой компанийн Рио Тинто группэд төлдөг менежментийн төлбөрийг 6 хувь байсныг 3.95 хувь руу бууруулсан. Мөн 2015 онд байгуулсан Дубайн гэрээний дагуу давхардсан үйлчилгээнээс зардал авч байсан. Энэ давхардсан үйлчилгээнүүдийг хасаж, зардлын хэмнэлт гаргасан. Нийт уурхайн бүтээн байгуулалт болон үйл ажиллагааныхаа цаг хугацаанд 50 хувийн хэмнэлт гаргах тооцоолол гарсан. Энэ хоёр асуудал дээр үр дүн гарсан учраас гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж хоёр талаасаа баталгаажуулсан.
Э.Мөнхцэцэг нь iToim агентлагийн хамтран үүсгэн байгуулагч. Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй, 2017 оноос iToim.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна. Сэтгүүл зүйн салбарт 14 дэх жилдээ ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
-Мөн хэлэлцээрийн үр дүнд Хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг хөндөн ярилцах 7 жилийн хугацааг 3 жил болгохоор болсон гэсэн. Тэгэхээр зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалаад гурван жил тутам хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг хөндөн ярилцах эрх зүйн боломж нээгдсэн гэж ойлгож болох уу?
-Тийм ээ. Бидний тавьсан хамгийн суурь зарчим бол Оюу толгойн санхүүжилтийн схем, зохицуулалт олон улсын зах зээлийн түвшинд нийцэх ёстой. Монгол Улсын болон Оюу толгой компанийн өөрийнх нь үндсэн эрсдэл дээр суурилсан, сунгасан гарын зарчмаар тогтдог байхыг шаардсан. Түүнээс илүү зүйл шаардаагүй. Энэ зарчмын дагуу зээлийн хүү болон Рио Тинтогоос авч байгаа бусад үйлчилгээг зах зээлийн зарчимд нийцүүлэх байр суурьтай хэлэлцээрт орсон. Энэ дагуу ямар ч байсан гурван жил тутам зээлийн хүүгийн асуудлыг эргэж харахаар болсон. Ахиц гарах нөхцөл үүссэн бол ахиц гаргаад явна. Одоо 2029 онд зээлийн хүүгийн асуудлыг ярих эрх зүйн боломжтой болсон гэсэн үг.
-Оюу толгойн хувь нийлүүлэгчдийн хэлэлцээрийг Ерөнхий сайд Н.Учрал дүгнэж хэлэхдээ, Монголын тал 30 их наяд төгрөгийн хэмнэлт хийж чадлаа гэсэн. Энэ тооцоолол хэрхэн хийгдсэн юм бэ?
-Өнөөдрийн бидний хэлэлцээрийн асуудал дандаа Оюу толгой компани болон Рио Тинто хоорондын харилцааны асуудлууд юм. Нэгд, Оюу толгой компани зээлийн хүү дээрээ хэмнэлт гаргана. Хоёрт, төлж байгаа үйлчилгээний төлбөр дээр хэмнэлт гарна. Энэ бүх төлбөр, зардлын хэмнэлтийг Оюу толгойн уурхайн насжилтад шилжүүлж тооцохоор 30 их наяд төгрөгийн хэмнэлт гаргахаар тооцоолсон.
Цаашдаа бид хоорондын харилцааны асуудалдаа илүү анхаарах шаардлагатай. Оюу толгойтой холбоотой асуудал гарах бүрд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд, Сангийн сайд, эвсэл Монгол Улсын Ерөнхий сайд оролцож шийдвэр гаргадаг механизмыг таслан зогсоох ёстой. Оюу толгой бол Монгол Улсад бүртгэлтэй ХХК. Энэ компанийн үйл ажиллагааны шийдвэрийг хамгийн дээд түвшиндээ ТУЗ болон Хувьцаа эзэмшигч нар авч явах ёстой. Энэ тохиолдолд хувьцаа эзэмшигчийн талаасаа Чингис хаан баялгийн сан нэгдэл хариуцна. Тэрний дор Эрдэнэс Оюу толгой компани өдөр тутмын хувьцаа эзэмшигчийн үүргээ гүйцэтгэнэ. Түвшин түвшиндээ ямар асуудлыг шийдэх үү гэдгээ тодорхойлж, тэр түвшиндээ асуудлыг шийддэг механизмаа бүрдүүлэх хэрэгтэй. Эс тэгвээс дахиад хэдэн жилийн дараа Засгийн газар, УИХ-ын түвшинд Оюу толгойн асуудлыг яриад байх нь зохимжгүй юм.
Энэ удаагийн хэлэлцээрээр мөнгөн дүнтэй асуудлаар том ахиц гарлаа гэж харж байна. Цаашдаа засаглал талаасаа Оюу толгой аль нэг улс төрийн нам, аль нэг Ерөнхий сайд, ямар нэгэн улс төрийн давлагаанд автахгүйгээр тогтвортой үйл ажиллагаа явуулах нь Монгол Улсад хамгийн үр өгөөжтэй бөгөөд үндэсний эрх ашигт нийцнэ. Энэ талаас нь харж дараагийн ажлуудаа үргэлжлүүлэх ёстой юм.
Улс төрийн өнгө аясаас илүү хувьцаа эзэмшигчийн үүрэг гүйцэтгэж байгаа Эрдэнэс Оюу толгой компани дээр түүхийн Institutional memory гэдэг зүйлийг төлөвшүүлж, бэхжүүлэх нь илүү чухал юм байна гэж харсан. Өмнөх түүх, үйл явдлаа мэдэж байж бид дараагийн алхмаа хэрхэн хийх үү, юун дээр өмнө нь алдсан, сургамж нь юу байсан гэдгээ мэдэж, цаашид алдахгүй байхад анхаарч ажиллах ёстой.
Э.Мэндтүвшин:
-Засгийн газар өөрчлөгдөх бүрд Оюу толгойн маргаантай асуудлыг хөндөөд улстөржүүлээд байдаг тал бий. Яг таны ярьж байгаа шиг, жишээ нь компанийн ТУЗ-ийн түвшинд Монголын талын гурван гишүүн асуудлаа дэвшүүлээд, шийдүүлээд явах нөхцөл нь хэр сайжирсан бэ?
-ТУЗ-ийн тогтолцоо 3/6 харьцаатайг бүгд мэднэ. Бүх шийдвэрийг Рио Тинто дангаараа гаргах бүрэн боломжтой. Цаашдаа энэ механизмыг анхаарах ёстой. Танд өгсөн өмнөх ярилцлагадаа Монголын талын ТУЗ-ийн гишүүдийн оролцоотой шийдвэр гаргаж байх ёстойг хэлж байсан. Одоо ч энэ зарчим хэвээрээ. Оюу толгойтой холбоотой санхүүжилт, уурхайн лиценз, үр өгөөж, ирээдүйн стратегитай холбоотой гэх мэт асуудлууд дээр заавал монгол талын оролцоог хангах ёстой. Тэгэхгүй бол цаашдаа ч дуусдаггүй маргаанууд байсаар байна.
Миний хувьд Оюу толгойн ТУЗ-д 2024 оноос ажиллаж эхэлснээс хойш зээлийн хүүгийн асуудлыг хөндөж ирсэн. Энэ асуудал дээр Монголын талын гишүүд компанийн гүйцэтгэх удирдлагад даалгавар өгч үзсэн. Харамсалтай нь, даалгаврын дагуу үйл ажиллагаа үргэлжлээгүй, удааширсан учраас уг асуудлыг Хувь нийлүүлэгчдийн түвшинд хүргэж, 7 жилд нэг удаа гэдэг циклээ ашиглан энэ удаагийн хэлэлцээрт үр дүн гаргасан гэж болно. Цаашдаа бид иймэрхүү асуудлыг ТУЗ дээрээ ярилцаад, шийдвэрээ олж, зах зээлийн түвшинд нийцүүлэх арга хэмжээгээ аваад явдаг л байх ёстой.
Оюу толгой дээр Хувь нийлүүлэгчдийн зээлээс гадна бусад компани, банк санхүүгийн байгууллагаас авсан зээлийн асуудал бий. Энэ асуудлуудыг бид ТУЗ дээрээ хэлэлцээд, шийдлээ гаргаад гүйцэтгэх удирдлагадаа даалгавар болгож, хэрэгжүүлж ажиллах л зарчим руу орох ёстой. Хэрвээ хамгийн өндөр дүнтэй, өндөр хүүтэй зээлийн нөхцөл сайжирч байгаа бол бусад зээлийн хүү сайжрах боломжтой. Бусад 15 банк санхүүгийн байгууллагаас авсан 3.5-4.5 тэрбум ам.долларын зээл бий. Энэ зээлийн нөхцөлийг сайжруулах арга хэмжээг хамтдаа авч хэрэгжүүлэх ёстой. Дараагийн ажил нь Оюу толгойн Хувь нийлүүлэгчдийн зээлээс гадна Оюу толгойн компанийн бүтэн санхүүгийн нөхцөл байдлыг яаж сайжруулж, өөрийн хөрөнгийг хэрхэн нэмэгдүүлэх вэ, зээлийн зохистой байдлыг зөв хангах замаар ногдол ашиг хуваарилах зарчим руу шилжих нь чухал байгаа.
-Зээлийн асуудал дээр тодруулж асуухад, өнөөдрийн байдлаар Оюу толгойн компанийн авсан нийт зээлийн хэдэн хувийг хувь нийлүүлэгчдийн зээл эзэлж байгаа вэ. Мөн Оюу толгой компани зээлийн хүүд өдөрт 15 тэрбум төгрөг төлдөг гэж өмнөх ТУЗ-ийн гишүүд ярьдаг. Энэ хэр үндэслэлтэй тоо бэ?
-Хувь нийлүүлэгчдийн зээл буюу Рио Тинтогоос Оюу толгойд зээлүүлсэн зээл нийт зээлийн дийлэнх буюу 60 гаруй хувийг эзэлж байна. Энэ зээлийн нөхцөл дээр бид ахиц гарсан учраас нийт зээлд эергээр нөлөөлнө.
Таны асуусан өдрийн 15 тэрбум төгрөг төлж байна гэдэг асуудал дээр би тайлбар өгч байсан. Энэ нь Оюу толгой компанид ногдож байгаа нийт зээлийн хүүгийн асуудал юм байна лээ. Түүнээс Монголбанк, Сангийн яамнаас өдөр болгон 15 тэрбум төгрөгийг Рио Тинтод төлж байгаа гэсэн ойлголт биш. Бодитоор ийм юм болж байгаа юм уу гэвэл үгүй. Энэ бол нийт зээлийн хүүгийн төлбөрийг өдөрт хувааж, илүү хялбар тайлбарлах аргачлал.
-Оюу толгойн хувь нийлүүлэгчид 2027 ондоо ямар ч байсан ногдол ашиг хуваарилъя гэдгээ тохирсон. Харин ногдол ашигт яг хэдийг хуваарилах уу, яаж хуваарилах уу гэдэг нарийн тооцоолол байхгүй юм байна гэж харсан, зөв үү?
-Ногдол ашиг хуваарилах хэлэлцээрийн багийг Сангийн сайд З.Мэндсайхан ахлаад үргэлжлүүлэн ажиллаж байгаа. Энэ асуудал дээр өнгөрсөн хугацаанд бодит үр дүнгүүд гарсан. Энэ мөчийг хүрэхэд өмнө явж байсан хэлэлцээрүүдийн үр дүн маш чухал нөлөөтэй байсан. 2022 оны хэлэлцээрийн баг Монголын Засгийн газарт ногдож байсан 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэж чадсан. Энэ хэлэлцээрийн үр дүнд бид өнөөдөр Оюу толгой компаниас ногдол ашиг хүртэх хугацаа наашилсан гэдгийг хэлэх нь зүйтэй. Эс тэгвээс Монголын тал өөрт ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг төлж дууссаны дараа ногдол ашгийн тухай асуудал ярих байсан. Тэгэхээр өмнөх Засгийн газруудын ахиц гаргасан ажлыг хүлээн зөвшөөрч, үүн дээрээ суурилж дараа дараагийн хэлэлцээрээ үргэлжлүүлсэн. Цаашдаа энэ байдал үргэлжилнэ гэж найдаж байна. Мэдээж ганц, хоёр хэлэлцээрээр Оюу толгойтой холбоотой асуудал дуусна гэж байхгүй. Энэ удаа зээлтэй холбоотой асуудлаар ахиц гаргалаа. Өмнө нь Рио Тинто болон Оюу толгойн удирдлагууд зээлтэй байхад ямар ч ногдол ашиг хуваарилах асуудал ярихгүй гэдэг байр суурьтай байсан. Энэ дагуу зээлээ төлж дуусах хугацаа 2037, 2040, 2050 он хүртэл үргэлжлэх эрсдэлтэй байсан. Энэ хугацааг наашлуулж, 2027 он болгож чадсан нь маш том ахиц гэж харж байна.
Талууд зарчмын хувьд тохиролцоонд хүрсэн. Рио Тинтог төлөөлөх бүрэн эрхтэй гүйцэтгэх захирал нь ногдол ашиг хуваарилахад анхаарна гэдгээ мэдэгдсэн. Техникийн түвшиндөө хэлэлцээрийн үр дүнгээ баталгаажуулж, ногдол ашгаа яаж, хэдийд тогтвортой хуваарилах зарчим руугаа орох вэ гэдгийг Сангийн яамныхан болон З.Мэндсайхан сайд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болов уу.
-Ногдол ашиг дээр дахин нэг зүйлийг тодруулахад, “талууд өр зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна” гэдэг нь ХөОГ, Хувь нийлүүлэгчдийн гэрээнд байдаг заалт уу, эсвэл зөвхөн хөрөнгө оруулагчдын барьдаг зарчим юм уу. Хэрвээ гэрээний заалт юм бол 2027 оноос ногдол ашиг хуваарилахаар болбол энэ заалтаа өөрчилнө гэсэн үг үү?
-Хувь нийлүүлэгчдийн гэрээнд яг ийм заалт байдаг. Товчхондоо, компанийн бүх өр зээл төлөгдсөний дараа ногдол ашиг хуваарилна гэсэн утгатай. Энэ заалтыг өөрчлөх эсэх асуудлыг ярилцаж таарна. Сангийн сайдаар ахалсан Ажлын хэсэг энэ асуудал дээр ажиллана.
Дээр нь ногдол ашгаас гадна цаашдаа тогтвортой үйл ажиллагааг явуулахын тулд хоорондын үл ойлголцлыг арилгах нь чухал. Хоёр талаасаа идэвхтэй ажиллах, харилцан итгэлцэлтэй, ил тод ажиллахын тулд засаглалаа сайжруулах, дүрэм журмыг шинэчлэх ажлыг эхэлсэн. Өмнө нь үүссэн асуудлыг цэгцлэх зарчим руугаа явж байна гэж харж байгаа.
Миний хувьд Оюу толгойн сонсголоос өмнө нь ажиллаж байсан хүмүүс ямар нөхцөлд, ямар шийдвэр гаргаж байсан, цаашдаа юунд анхаарах ёстой зэрэг асуудлыг олон талаас нь харж, өөр өөр ойлголтыг авсан. Улс төрийн өнгө аясаас илүү хувьцаа эзэмшигчийн үүрэг гүйцэтгэж байгаа Эрдэнэс Оюу толгой компани дээр түүхийн Institutional memory гэдэг зүйлийг төлөвшүүлж, бэхжүүлэх нь илүү чухал юм байна гэж харсан. Өмнөх түүх, үйл явдлаа мэдэж байж бид дараагийн алхмаа хэрхэн хийх үү, юун дээр өмнө нь алдсан, сургамж нь юу байсан гэдгээ мэдэж, цаашид алдахгүй байхад анхаарч ажиллах ёстой.
-ТУЗ-д өгсөн мэдээллээр Оюу толгойн компанийн санхүүгийн нөхцөл байдал ямар байгаа вэ. Өнгөрсөн жилээс эерэг мөнгөн урсгалтай ажиллаж эхэлсэн гэж байсан. Энэ жил ямархуу байх бол?
-Санхүүгийн нөхцөл байдлын суурь нь зэсийн баяжмалын борлуулалт бөгөөд газрын гүнээс хэр хурдан хүдрээ олборлож чадахаас шууд хамааралтай юм. Өнгөрсөн жил гүний уурхайн үндсэн бүтээн байгуулалтын ажлаа дуусан. Ингэснээр маш хурдан хугацаанд бага зардлаар их хэмжээний зэсийн баяжмалыг боловсруулах чадвартай болсон. Үүнийг дагаад санхүүгийн байдал сайжирч байна. Дээр нь олон улсын зах зээл дээр түүхий эдийн үнэ өсөлттэй байгаа нь боломжууд нээж байна. Энэ бүх эерэг нөлөөгөөр Оюу толгойн санхүүгийн байдал ч сайжрах төлөвлөгөөтэй байна. Борлуулалт, орлого өнгөрсөн жилээс нэлээд өндөр үзүүлэлттэй гарах хүлээлттэй байгаа.
-Шийдэгдээгүй нэг чухал асуудал байгаа нь Онтре ресурс компанийн эзэмшиж буй хоёр лицензтэй холбоотой. Оюу толгой ХөОГ-нд таван лиценз хамааруулсны хоёр нь Онтрегийн мэдэлд байгаа шүү дээ. Энэ асуудлыг талууд хэрхэн шийдвэрлэх хүлээлттэй байна вэ?
-Онтрегийн асуудал дээр УИХ-аар маш тодорхой шийдвэр гарсан байгаа. Тусдаа Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж шийдэх ёстой гэж үзсэн. Үндсэн хуулийн 6.2 заалтад нийцүүлэх ёстой. Энэ зарчмаар шийдэгдээд явах болов уу гэж харж байна. Энэ асуудлаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням сайдаар ахлуулсан Ажлын хэсэг ажиллаж байгаа.
-Онтрегийн эзэмшиж байгаа хоёр лицензид хамаарах талбай нь Оюу толгойн нийт нөөцөд хэр чухал нөлөөтэй вэ?
-Маш том нөөцөд тооцогдоно. Хүдрийн агууламж өндөр хэсэг хамаарч байгаа тул Оюу толгойн хувьд чухал нөөц, мөн хөрөнгийнх нь нэлээд хувийг эзэлнэ.
-Оюу толгой компанийн гүйцэтгэх захирлаар анх удаа монгол хүн томилогдсон. Удирлагын багийг монгол хүн ахалснаар ямар нэгэн давуу тал байна уу?
-Ер нь Оюу толгой компанийн удирдлагын түвшинд маш олон монгол хүн ажилладаг болсон байна. Зарим хурал дээр бид монголоор яриад явдаг болсон байх жишээтэй. Өмнө нь заавал орчуулга, бичлэгтэй явдаг байсан бол шууд асуудлаа чөлөөтэй монголоороо яриад ойлголцоод явж байгаа нь нэг давуу тал гэж харж байна. Үүнээс гадна Оюу толгой компанийн удирдлага монгол хүн болсноор компани доторх ойлголцол арай амар болж, гадаад хүн байснаас илүү илэн далангүй ярилцах уур амьсгал бий болсон байх гэж харж байна.
Гэхдээ зарчмын хувьд үндсэн тогтолцоо бол хэвээрээ байгаа, Рио Тинто талаас томилгоо хийж, Оюу Толгойн менежментийг авч явж байгаа.
-Оюу толгой эрчим хүчний талаар асууя. Сүүлийн үед Оюу толгой төслийг сэргээгдэх эрчим хүчээр хангах тухай асуудал яригдаж байна. Оюу толгой жил бүр Өвөр Монголын өөртөө засах орноос 150 орчим сая ам.доллараар эрчим хүч импортолж байна. Энэ эх үүсвэрийг дотооддоо шингээх боломж, гарц гаргалгаа хэр байна гэж харж байна вэ?
-Зарчмын хувьд Монголын уул уурхайн хамгийн том төсөл дээр эрчим хүч нь өөр орноос хараат байх нь зохимжгүй бөгөөд байж болохгүй зүйл юм. Яаралтай шийдэл гаргаж зохицуулах нь зүйтэй. Анхнаасаа ч гэрээ байгуулахдаа дотоодоос эрчим хүч авах төсөөлөл, хүлээлттэй эхэлсэн байдаг. Харамсалтай нь, ийм олон жилийн хугацаанд ямар нэгэн шийдэл гарсангүй. Манай улсын хувьд эрчим хүч, шатахуун зэрэг бүх талаасаа хараат байдлаа багасгах нь үндэсний эрх ашиг гэж харж байна.
-Ямартай ч хоёр Засгийн газар дамжсан хэлэлцээр амжилттай боллоо. Та дотор нь ажилласан хүний хувьд хэлэлцээр амжилттай болсон үндэслэлийг юу гэж дүгнэсэн бэ?
-Энэ удаагийн хэлэлцээр амжилттай болсон үндэслэлийг эргээд харахаар монголчууд бид нэг талдаа гарч чадсанд оршиж байна гэж бодсон. Олон талаас нь харж, шүүмжлэх хүмүүс бий. Энэ шүүмжлэл хэрэгтэй, бид хүлээн авах ч ёстой. Хамгийн гол нь Монгол төрийн бүх түвшинд нэг зорилготой, нэг баг болж, нэг зарчмаар ажилласны үр дүнд өнөөдрийн хэлэлцээрийн ард гарч чадлаа.
Цаашдаа ямар ч асуудал дээр нэг байр суурьтай, нэг зарчимтай ард нь гарч байгаасай гэж хүсэж байгаа. Ялангуяа Монгол Улсын эрх ашигт нөлөөлөх том төсөл, асуудлууд дээр.
Оюу толгойн асуудлын цаана Монголчууд баялагтаа эзэн болох тухай агуулга бий. Харин олон нийтийн сүлжээгээр лайв хийж, чанга дуугарч хэн нэгнийг харлуулах нь баялагтаа эзэн гэж хэлэхгүй. Олон нийтэд, богино хугацаанд таалагдахын төлөө шийдвэр гаргаж, мөнгө тараах нь мөн баялагтаа эзэн биш юм. Баялагтаа эзэн болохын тулд тэр эзэн байх мэргэжлийн институт бий болгох хэрэгтэй байна. Энэ институт нь хамгийн түрүүнд мэргэжлийн боловсон хүчинтэй, мэдлэгтэй, туршлагатай хүмүүс ажиллуулснаар илүү үр дүн гаргах боломжтойг саяны хэлэлцээрийн үр дүн харууллаа. Хоёрт, энэ институт нь улс төрөөс хараат бус, бие даасан байдлаар ажиллах чухал. Гуравт, энэ институтийн урт хугацаанд тогтвортой ажиллах нөхцөлийг нь бүрдүүлж чадвал баялагтаа эзэн болох зөв алхам руугаа орно гэж харж байна.