Эрчим хүчний яам Говийн бүсийн цахилгаан хангамжийг 99.5 хувийн найдваржилттай, тогтвортой нийлүүлэх сэргээгдэх эрчим хүчний төслийн аукционы сонгон шалгаруулалтыг өнгөрсөн наймдугаар сард зарласан. Энэ хугацаанд аукционд оролцохоор 10 компани саналаа илэрхийлснээс хоёр компани оролцох шаардлагыг хангаж, дэнчингээ байршуулжээ. Тодруулбал, Энвижн Монголиа Нью Энержи ХХК, Энвижн Энержи ХХК, Шанхай Рүйжин Энержи Технологи ХХК-иудын түншлэл, “Нет Зеро Тек ХХК”, “М Си Эс Интернейшнл ХХК, “Өвөр Монголын Эрчим хүчний олон улсын хамтын ажиллагаа ХХК”-ийн түншлэл өрсөлдөв. Сэргээгдэх эрчим хүчний аукцион өнөөдөр 10 цагт эхэлж, дуудлага худалдааны үнийн дээд хязгаарыг 9.50 ам.цент/кВт.цагаар тогтоосон бөгөөд оролцогчид үүнээс доогуур үнэ санал болгон өрсөлдлөө. Нэгдүгээр компанийн санал нь нийт 268 МВт-ын эрчим хүчний хангамжийг нарны цахилгаан станц (PV), салхин цахилгаан станц (WPP) болон IMPIC-ээс импортлох цахилгаан эрчим хүчийг хослуулах замаар бүрдүүлэх шийдэлтэй. Хоёрдугаар компанийн санал нь нарны цахилгаан станц, салхин цахилгаан станц, батарей хуримтлуурын систем болон хийн цахилгаан станц гэсэн эх үүсвэрүүдийг хослуулан Оюу толгойн тасралтгүй, найдвартай эрчим хүчний хэрэгцээг хангахаар төлөвлөжээ.Ингээд нээлттэй аукционоор эхний компанийн санал буюу М Си Эс Интернейшнл ХХК тэргүүтэй түншлэл 7.90 америк центийн үнэ санал болгосноор энэхүү төслийг хэрэгжүүлэхээр боллоо.