С.Өлзийзаяа: Японы урьдчилан сэргийлэх багц амьдралын хэв маягт суурилсан гэдгээрээ онцлог
Нийтэлсэн 2026 оны 9 сарын 25
Интермед IUHW эмнэлгийн Урьдчилан сэргийлэх хөдөлмөрийн эрүүл мэндийн тасгийн эмч С.Өлзийзаяатай ярилцлаа.
-Ковидоос хойш улс даяар эрт илрүүлгийн аян өрнөж Монголд эрт илрүүлэг гэх ойлголтыг хүмүүс сайн мэддэг болсон. Харин энэ идэвхжил сүүлийн жилүүдэд буурч байх шиг байна. Интермед эмнэлэгт хандаж байгаа хүмүүсийн дунд эрт илрүүлэгт хамрагдах байдал хэр байна вэ?
-Эрүүл мэндийн сайдын тушаалаар эрт илрүүлгийн үзлэг сүүлийн 4-5 жил нэлээд сайн хэрэгжсэн. Интермед эмнэлгийн хувьд жил бүр эрт илрүүлэгт ордог үйлчлүүлэгчийн тоо буураагүй. Харин ч өсөж байгаа гэж хэлж болно. Үүнийг хүмүүсийн дунд эрт илрүүлэг чухал юм байна, тодорхой хугацаанд биеэ үзүүлж, эрүүл мэндээ хянаж байх хэрэгтэй гэсэн ойлголт харьцангуй түгээмэл болж байгаатай холбоотой гэж бодож байна.
Манай эмнэлгийн Урьдчилан сэргийлэх тасгийн онцлог нь үйлчлүүлэгчдэд олон төрлийн багц шинжилгээний сонголт санал болгодог. Хувь хүн өөрийн хүссэн багцдаа хамрагдахаас гадна байгууллагууд ажилтнуудаа урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамруулдаг. Тиймээс байгууллагын үзлэгүүд ч их ирдэг. Эдгээр үзлэгийн үеэр өмнө нь өөрт нь мэдэгдээгүй байсан олон төрлийн өвчин, эмгэгийг эрт үед нь илрүүлэх тохиолдол байдаг. Би энэ эмнэлэгтээ ажиллаад 7 жил болж байна. Энэ хугацаанд ажиглахад эрэгтэйчүүдийн эрт илрүүлгийн үзлэгт хамрагдалт харьцангуй бага. Ер нь эрэгтэйчүүд биеэ үзүүлэхдээ хойрго талтай. Ирсэн ч өөрийн хүсэлтээр гэхээсээ илүү гэр бүл, ойр дотныхныхоо шаардлагаар, эсвэл ямар нэг байдлаар ятгуулж ирэх тохиолдол нь олон.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Эрүүл мэндийн статистик үзүүлэлтүүдийг харахад ч энэ байдал тодорхой хэмжээнд ажиглагддаг. Хамгийн сүүлд гарсан 2025 оны үзүүлэлтээр эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс ойролцоогоор 10 жилээр бага байна. Мэдээж дундаж наслалтад олон хүчин зүйл нөлөөлнө. Гэхдээ эрэгтэйчүүд эрүүл мэнддээ тогтмол анхаарах, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах тал дээр эмэгтэйчүүдээс харьцангуй хойрго байдаг нь үүнд нөлөөлж байгаа нэг хүчин зүйл юм.
-Эрт илрүүлгээр хүмүүсийн дунд ямар өвчлөл өндөр байна вэ?
-Иргэдийн дунд эрт илрүүлэг гэхээр зөвхөн хавдрыг эрт илрүүлэх тухай ойлголт давамгайлаад байдаг. Мэдээж хавдрыг эрт үед нь илрүүлэх нь маш чухал. Гэхдээ хавдарт хүргэхгүй ч гэсэн удаан хугацаанд үргэлжилбэл хүний амьдралын чанарыг бууруулж, цаашлаад ноцтой хүндрэлд хүргэж болох өвчнүүд бас бий. Тухайлбал, хамгийн түгээмэл нь чихрийн шижин, цусны даралт ихсэлт. Ялангуяа эрэгтэйчүүдийн дунд цусан дахь өөх тос ихсэх, цусны даралт ихсэх, чихрийн шижин зэрэг өвчлөл түгээмэл тохиолддог. Хүн цусны даралт ихэссэнээ мэдэхгүй удаан явснаар цус харвах, зүрхний шигдээс болох эрсдэл нэмэгддэг. Тиймээс эдгээр өвчнийг эрт илрүүлэхийн ач холбогдол маш өндөр. Үзлэгт хамрагдаж, эмчид үзүүлснээр хүн өөрийнхөө холестерины хэмжээ өндөр байгаа эсэх, цусан дахь сахарын хэмжээ ямар байгаа, цусны даралт нь ихэссэн эсэх буюу эрүүл мэндийн байдлаа мэдэж авна. Хэрэв ямар нэг өөрчлөлт илэрвэл эртнээс амьдралын хэв маягаа өөрчлөх, хооллолтдоо анхаарах шаардлагатай тохиолдолд эмчилгээ хийлгэх боломжтой болно.
Эрт илрүүлэг нь иргэдэд суурь эрүүл мэндийн боловсрол олгож, өөрийн эрүүл мэндээ хэрхэн хянах, цаашид юунд анхаарах ёстойг ойлгуулдгаараа том давуу талтай.
С.Өлзийзаяа
-Эрт илрүүлгээр маш нарийн шинжилгээний хариу гарч ирдэг гэдгийг хүмүүс тэр бүр сайн мэддэггүй болов уу. Энэ талаар нарийн тайлбарлаж өгвөл?
-Жишээ нь цусны даралт ихсэлттэй холбоотой ДЭМБ-аас гаргасан судалгаанууд байдаг. Үүнээс харахад насанд хүрсэн хүмүүсийн нэлээд хэсэг нь цусны даралт ихэссэнээ мэдэхгүй явдаг. Өөрөөр хэлбэл, тухайн хүнд ямар нэгэн тодорхой шинж тэмдэг илрэхгүй байж болно. Гэтэл урьдчилан сэргийлэх үзлэгт байгууллагаараа орж байхдаа даралтаа үзүүлтэл маш өндөр гарч, тэр хүн анх удаагаа өөрийгөө даралт ихтэй гэдгээ мэдэж авах тохиолдол бий. Тиймээс эрт илрүүлгийн гол ач холбогдол нь хүн өөрийнхөө эрүүл мэндийн байдлыг мэдэж авахад оршиж байгаа юм.
Мөн цусны энгийн шинжилгээгээр тухайн хүн цаашдаа даралт ихсэх, зүрх судасны өвчлөлийн эрсдэлтэй болж байгаа эсэхийг тодорхой хэмжээнд үнэлэх боломжтой. Жишээлбэл, цусан дахь өөх тос өндөр байх, сахарын хэмжээ ихсэх, хэвлийн таргалалттай байх зэрэг нь өөрөө зүрх судасны өвчлөлийн эрсдэл нэмэгдэж байгааг харуулдаг.
Нөгөө талаас, урьдчилан сэргийлэх үзлэг бол зөвхөн өвчин илрүүлэх, онош тавих ажил биш. Эрүүл мэндийн боловсрол олгох нэг том чиглэл гэж харж байгаа. Үзлэгт орсноороо хүн өөрийнхөө эрүүл мэндийн ямар үзүүлэлт хэвийн, ямар зүйл дээр анхаарах хэрэгтэйгээ мэдэж авна. Ингэснээр цаашдаа өөртөө анхаарах, амьдралын хэв маягаа өөрчлөх боломжтой болдог.
Гэхдээ хүмүүсийн бас нэг нийтлэг хандлага нь нэг удаа үзлэгт орчихоод дараагийн 4-5 жилдээ огт үзүүлдэггүй явдал. Энэ нь эрт илрүүлгийн үр дүнд сөргөөр нөлөөлж болно. Жишээлбэл, эрт илрүүлгээр бамбай булчирхайн эхо шинжилгээнд зангилаа илэрлээ гэж бодъё. Тухайн зангилааг тодорхой хугацаанд, тухайлбал 6 сар тутамд эхо шинжилгээгээр хянах шаардлагатай. Гэтэл нэг удаа үзүүлчихээд 6 жилийн дараа эргэж ирвэл эрт илрүүлгийн үр дүн гэж байхгүй юм. Тиймээс эрт илрүүлэг гэдэг нь нэг удаа үзлэгт ороод дуусдаг зүйл биш. Өөрийн эрүүл мэндийн байдлыг мэдэж аваад, шаардлагатай тохиолдолд тогтмол хянуулж, цаашид өөртөө анхаарч явах үйл явц юм.
-Интермед эмнэлэгт эрт илрүүлгийн ямар хөтөлбөр, багц шинжилгээ байдаг вэ. Бусад эмнэлгээс юугаараа ялгардаг вэ?
-Манай эмнэлэг урьдчилан сэргийлэх багц үзлэг, шинжилгээ үйлчилгээг тасралтгүй 12 дахь жилдээ явуулж байна. Одоогийн байдлаар 20-иос дээш төрлийн багцын сонголттой. Эрхтэн тогтолцоо бүрээр, тухайлбал зүрх судас, бөөр, эмэгтэйчүүд гэх мэт арай нарийвчилсан багцууд бий. Мөн насны ангиллаас хамаараад сонголт олон янз. Жишээ нь ахмадын багц их эрэлттэй байдаг. Тухайн насны хүнд зайлшгүй үзэх шаардлагатай үзүүлэлтүүдийг нь түлхүү хамруулсан байдаг гэсэн үг. Сүүлийн үед хүмүүсийн эрт илрүүлэгт хамрагдах хандлагыг харахад дурангийн шинжилгээ их сонирхдог болсон. Ялангуяа ходоод, бүдүүн гэдэсний дурангаар өвчнийг, тэр дундаа хавдрыг эрт үед нь илрүүлэх боломжтой. Илэрсэн тохиолдолд нь эрт үед нь эмчилгээ, ажилбар хийх боломжтой учраас хүмүүс дурангийн үзлэгт орох сонирхол нэмэгдэж байна. Тиймээс бид тухайн жилийнхээ эрэлт, хандлага, өвчлөлийн онцлогийг харж байгаад дуранд суурилсан багц зэрэг шинэ багцуудыг гаргадаг. Манай урьдчилан сэргийлэх багийнхан жилдээ дунджаар 15-20 мянган хүнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Өнгөрсөн жил гэхэд 25 мянган хүнд тусламж үйлчилгээ үзүүлсэн.
Одоо манай эмнэлэгт хэрэгжиж эхэлж байгаа Япон урьдчилан сэргийлэх багцын онцлог нь Японы эрүүл мэндийн системд 30 жилийн хугацаанд цугларсан дата мэдээллийн сан дээр ажилладаг алгоритмтай. Энэ алгоритм нь зөвхөн тухайн хүний шинжилгээний хариуг харахаас гадна өмнө нь ямар өвчтэй байсан, эрүүл мэндийн байдал нь ямар байсан, амьдралын хэв маяг нь ямар вэ зэрэг олон хүчин зүйлтэй нь уялдуулж ажилладаг. Жишээлбэл, дасгал хөдөлгөөн бага хийх, жингийн илүүдэлтэй байх нь чихрийн шижин үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг гэдгийг олон судалгаагаар харуулсан байдаг.
Тиймээс тухайн хүн өдөр тутамдаа ямар ажил хийдэг, хэр хөдөлгөөнтэй байдаг, юу идэж уудаг, жингийн байдал ямар байдаг, удамд нь ямар нэгэн өвчин байдаг эсэх зэрэг мэдээллийг авч, шинжилгээний үр дүнтэй нь уялдуулан тухайн хүний эрсдэлийг тооцдог гэсэн үг. Өөрөөр хэлбэл, амьдралын хэв маягт суурилсан урьдчилан сэргийлэх үзлэг болж байгаа нь энэ багцын гол онцлог. Хамгийн гол нь зөвхөн өвчин илрүүлэх биш, буруу амьдралын хэв маягийг нь засах, эрүүл мэндийн боловсрол олгох замаар сууриас нь урьдчилан сэргийлэхийг зорьж байгаа юм.
Жишээ нь энэ жил тухайн хүн тамхи татдаг, зүрх судасны эрсдэл өндөр, цусны даралт нь өндөр гарлаа гэж бодъё. Эмчийн зөвлөгөөгөөр тамхинаас гараад дараа жил нь дахин шинжилгээ өгөхөд үзүүлэлтүүд нь сайжирсан байж болно. Тэгвэл тухайн хүн өөрөө “Тамхи надад үнэхээр муу нөлөөтэй байсан юм байна. Тамхинаас гарсан чинь шинжилгээний хариу ингэж сайжирч байна” гэдгийг өөрийнхөө үзүүлэлтээр харьцуулж ойлгоно. Энэ нь амьдралын хэв маягаа өөрчлөхөд маш чухал үндэс болдог. Ер нь хүмүүс эм уугаад л зүгээр болчихно гэж бодох тохиолдол байдаг. Жишээ нь холестерин бууруулах эм уугаад холестерины хэмжээ буурч болно. Гэхдээ амьдралын хэв маягаа өөрчлөхгүй бол дахин өндөрсөх эрсдэлтэй. Тиймээс зөвхөн эмчилгээ хийхээс гадна тухайн өвчин, өөрчлөлтөд хүргэж байгаа шалтгаан, амьдралын хэв маягийг нь хамтад нь авч үзэх нь чухал.
Дараагийн нэг чухал зүйл нь давхар баталгаажуулалт. Хүн алдаа гаргахгүй байна гэж бараг байхгүй. Тиймээс тодорхой хэмжээний алдаа, дутагдлыг бууруулах, анзааралгүй орхигдож болох дата мэдээллийг алдахгүй байх, эхний болон хоёр дахь эмчийн дүгнэлт хоорондоо таарч байна уу гэдгийг шалгах нь чухал. Манай багцын дүрс оношилгоо болон бусад шинжилгээний үр дүнг Японы эмч, профессорууд давхар баталгаажуулах тогтолцоотой ажиллана. Ингэснээр тухайн хүн заавал гадаад руу явж үзүүлэх шаардлагагүйгээр олон улсын түвшний давхар хяналт, баталгаажуулалтыг эндээс авах боломж бүрдэх юм.
Өөр нэг онцлог нь хооллолтын үйлчилгээ. Зүгээр нэг хоол өгөөд гаргах биш, эрүүл амьдралын хэв маягт хооллолт маш чухал гэдгийг тухайн хүнд мэдрүүлэх, зөв хооллолтын соёлыг ойлгуулах зорилготой. Үүнийг манай нөхцөлд хэрхэн зөв нутагшуулах вэ гэдэг дээр бид анхаарч ажиллаж байгаа. Тухайлбал, Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу монгол хүний өдөрт авах ёстой килокалорийн хэмжээг тооцож, тэнцвэртэй хооллолтод тулгуурлан үр тариа, хүнсний ногоо, уураг зэрэг үндсэн шим тэжээлийн агууламжийг нь тооцсон өдрийн хоолоор үйлчилнэ. Өөрөөр хэлбэл, ам руу орж байгаа зүйл эрүүл байж л хүн өөрөө эрүүл байна гэдэг ойлголтыг өгөх үүднээс хооллолтын үйлчилгээг багтаасан.
-Хооллолтын үйлчилгээгээр дамжуулан иргэд, хэрэглэгчдэд яг юу хүргэхийг, юу ойлгоосой гэж хүсэж байгаа вэ?
-Манай урьдчилан сэргийлэх үзлэгийн бусад газруудаас ялгарах нэг онцлог нь бүх багцын шинжилгээнд хоол зүйн зөвлөгөө байдаг. Манай тасагт гурван клиник хоол зүйч ажиллаж байна. Мэргэжлийн хоол зүйчид хүн бүрийн биеийн бүтцийн шинжилгээ буюу inbody дээр гарч байгаа үзүүлэлтүүдэд үндэслэн тухайн хүнд тохирсон хооллолтын зөвлөгөө өгдөг. Бид яагаад бүх багцдаа хоол зүйн зөвлөгөөг оруулдаг вэ гэхээр монголчуудын хооллолтын хэв маягтай холбоотой асуудлууд их бий. Цөөн төрлийн хүнс хэрэглэх, хооллолтын буруу дадлаас шалтгаалаад таргалалт, ялангуяа хэвлийн таргалалт нэмэгдэх, цаашлаад чихрийн шижин болон бусад өвчлөлийн эрсдэл нэмэгдэж байна. Тиймээс зөв, эрүүл хооллох дадлыг бий болгох нь өөрөө урьдчилан сэргийлэх анагаах ухааны нэг чухал хэсэг гэж бид үздэг.
Мөн дурангийн ажилбар хийлгэсэн зэрэг тодорхой шинжилгээ, ажилбарт орсон тохиолдолд тухайн хүнд тохирсон хооллолтыг санал болгодог. Жишээлбэл, дурангийн дараа зөөлөн хоолны төрөл сонгох гэх мэт. Ингээд бүх концепцээр нь буюу хооллолт, эрүүл амьдралын хэв маяг, шинжилгээгээр илэрсэн өөрчлөлтүүдийг нь хамтад нь авч үзээд тухайн хүнд нэгдсэн дүгнэлт өгнө. Хамгийн гол нь тэр дүгнэлтээрээ зогсохгүй дараа жил нь дахин үзүүлснээр, тухайн хүний эрүүл мэндийн үзүүлэлт хэрхэн өөрчлөгдөж байгааг харахыг чухалчилж байгаа. Өөрөөр хэлбэл, эрүүлжиж байгаа үйл явцыг нь дагаж харах юм. Тэгэхээр иргэд эмчийнхээ зөвлөгөөний дагуу шаардлагатай хугацаанд дахин үзүүлж, эрүүл мэндийн үзүүлэлтүүдээ тогтмол хянадаг болох нь чухал. Ингэж урьдчилан сэргийлж, өөртөө тогтмол анхаарч чадвал монголчуудын эрүүл, урт наслах боломжийг нэмэгдүүлэхэд урьдчилан сэргийлэлт маш чухал үүрэгтэй гэж харж байна.
-Танд төгсгөлд нь манай уншигчдад өгөх зөвлөгөө байгаа юу?
-Сүүлийн 10 жилийн хугацаанд зүрх судасны өвчлөл Монгол Улсад өвчлөлийн тэргүүлэх шалтгаануудын нэг байсаар байна. Монголчуудын дунд зүрх судасны өвчлөл өндөр байгаа нь олон хүчин зүйлтэй холбоотой. Тухайлбал, агаарын бохирдол, утаа, эрс тэс уур амьсгал нөлөөлнө. Мөн өвлийн улирал урт байдагтай холбоотойгоор махан хоол түлхүү хэрэглэх, хооллолтын буруу дадал зэрэг нь бас нөлөөлж байна. Ерөнхийдөө Монгол Улсад амьдралын хэв маягтай холбоотой өвчлөлүүд нэлээд түгээмэл байна. Архи, согтууруулах ундааны хэрэглээ, тамхидалт, хөдөлгөөний дутагдал, илүүдэл жин, цусны даралт ихсэлт зэрэг олон хүчин зүйл зүрх судасны өвчлөлийн эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Тиймээс эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийг зөвхөн хавдар илрүүлэх зориулалттай гэж ойлгож болохгүй. Амьдралын чанарт нөлөөлж байгаа маш олон өвчнийг эрт үед нь илрүүлэх, шаардлагатай эмчилгээ, арга хэмжээг цаг алдалгүй авах, эрүүл мэндийнхээ талаар мэдлэгтэй болох, цаашлаад амьдралын хэв маягаа өөрчлөх бүрэн боломжтой. Хамгийн гол нь өвдсөнийхөө дараа эмнэлэгт хандахаас илүү өвдөхөөсөө өмнө эрүүл мэнддээ анхаарах нь чухал. Тиймээс хүн өөртөө болон ойр дотнын хүмүүстээ хайртай байж, жилдээ нэг удаа ч гэсэн урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлэгтээ хамрагдаж, эрүүл мэндээ тогтмол хянаж байгаасай гэж уриалмаар байна.