Сурвалжилга: Боловсрол, шинэ бизнес, залуу боловсон хүчнийг дэмжих зорилготой “Өсөлт хөгжлийн төв” нээлээ
Сурвалжилга: Боловсрол, шинэ бизнес, залуу боловсон хүчнийг дэмжих зорилготой “Өсөлт хөгжлийн төв” нээлээ
Нийтэлсэн 2026 оны 9 сарын 24
Сонгинохайрхан дүүргийн Баянхошуунд хүүхэд, залуучууд болон бичил бизнес эрхлэгчдэд шинэ боломж нээх зорилготой “Өсөлт хөгжлийн төв” үүд хаалгаа нээлээ. Нийслэлийн Бизнес, инновацын газар болон “Рио Тинто Монгол” ХХК хамтран байгуулсан тус төв нь иргэдийн бизнес эрхлэх, ур чадвараа хөгжүүлэх, хөдөлмөрийн зах зээлд бэлтгэхэд чиглэсэн сургалт, хөтөлбөрүүдийг нэг дор хэрэгжүүлэх юм.
“Өсөлт хөгжлийн төв” нь албан ёсны нээлтээ хийхээс өмнөх хоёр сарын хугацаанд туршилтын байдлаар ажиллаж, үйл ажиллагааныхаа эхний үр дүнг гаргажээ. Энэ хугацаанд 60 гаруй бичил бизнес эрхлэгч бизнесээ эхлүүлэх, өргөжүүлэх чиглэлээр дэмжлэг авсан бол 300 гаруй хүүхэд, залуус англи хэлний сургалтад хамрагдсан байна. Мөн 120 хүүхэд Жюү Жицү спортоор тогтмол хичээллэж, 150 гаруй залуусыг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх сургалт, хөгжлийн хөтөлбөрт хамруулжээ. Түүнчлэн зарим залуус “Оюу толгой” компанийн ханган нийлүүлэгч байгууллагуудад дадлага хийж, ажлын туршлага хуримтлуулах боломжийг нээсэн байна.
Энэ төвийг Баянхошуун дахь иргэдийн хэрэгцээнд тулгуурлан байгуулжээ. Тус бүсэд 60 мянга гаруй хүн амьдардгаас 31,865 нь хөдөлмөрийн насныхан байна. Төслийг хэрэгжүүлэхийн өмнө хийсэн орон нутгийн хэрэгцээний судалгаагаар иргэдийн 53 хувь нь ажлын байрны боломжийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзсэн бол 71.6 хувь нь хүүхэд, залуучуудад зориулсан хөгжлийн орон зай шаардлагатай гэж хариулжээ. Тиймээс “Өсөлт хөгжлийн төв” нь зөвхөн сургалт зохион байгуулах орон зай бус, иргэдэд өөрсдийн ур чадвар, санаачилгаа хөгжүүлж, бизнесээ эхлүүлэх, ажлын байртай болоход нь дэмжлэг үзүүлэх төв болон ажиллах юм.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
“Рио Тинто Монгол” компанийн Төсөл хариуцсан ерөнхий зөвлөх С.Энхнаран: Манай төсөл хэрэгжиж эхлээд хоёр сар болж байна. Төслийн гол зорилго нь хүүхдийн боловсролыг дэмжихэд чиглэж байгаа. Үүний зэрэгцээ залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор “Зориг сан”-тай хамтран ажиллаж байна. Бид нийт 500 залуусыг хамруулах зорилт тавьсан бөгөөд одоогоор 150 орчим залуус хамруулаад байна. Төслийн хэрэгжилтийн эхний хоёр сарын үр дүн маш сайн гарч байна. Энэ хугацаанд давхардсан тоогоор 8300 гаруй хүн энэхүү төвөөр үйлчлүүлсэн. Харин давхардаагүй тоогоор нийт 1137 хүн төслийн үр шимийг хүртээд байна.
“Өсөлт хөгжлийн төв” төсөл 100 хувь “Рио Тинто”-гийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа. Харин Нийслэлийн Бизнес, инновацын газар энэхүү төвийн 420 метр квадрат талбайг түншлэлийн гэрээний хүрээнд үнэ төлбөргүй ашиглаж байгаа юм. Төслийн хэрэгжүүлэгч агентлагаар “Хөгжлийн шийдэл” болон “Зориг сан” ТББ ажиллаж байна. Цаашид энэ төслөө зөвхөн одоо хэрэгжүүлж байгаа хэлбэрээр нь үргэлжлүүлэх бус, 2027 онд илүү олон чиглэлтэй, хүртээмжтэй байдлаар өргөжүүлэн хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Бие бялдарын хөгжлийг дэмжинэ
Төслийн хүрээнд Монголын Жюү Жицүгийн холбоотой хамтран ажиллаж, “Өсөлт хөгжлийн төв”-д албан ёсны 41 дүгээр Жюү Жицүгийн клубийг нээн ажиллуулж байгаа аж. Хоёр сарын хугацаанд тус клуб 125 хүүхдэд хүрчээ. Цаашдаа багшийн тоог нэмэгдүүлж, үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөж байгаа учраас хамрагдах хүүхдийн тоо ч нэмэгдэх боломжтой.
Одоогоор хүүхдүүд долоо хоногт 3-4 удаа тогтмол хичээллэж байгаа бөгөөд хөтөлбөр эхний ээлжид зургаан сарын хугацаанд хэрэгжинэ. Хөтөлбөрийг цаашид тогтвортой үргэлжлүүлж чадвал хүүхдүүд зөвхөн бие бялдрын хувьд чийрэгжихээс гадна сэтгэлзүй, эрүүл мэндийн хувьд зөв дадал хэвшилтэй болж, өөртөө итгэлтэй, тэсвэр хатуужилтай болон төлөвших боломжтой юм.
Монголын Жюү Жицүгийн холбооны Гүйцэтгэх захирал О.Болд-Эрдэнэ: Өнөөдрийн байдлаар 80 гаруй хүүхэд гурван багшийн удирдлага дор тогтмол хичээллэж байна. Захын хорооллуудад спортын орчин, нөхцөл нь бүрдсэн төв харьцангуй ховор байдаг. Тиймээс энэ төв нээгдэхэд ангиуд маш хурдан дүүрсэн. Одоогоор хүүхдүүд Жюү Жицүгийн суурь техник болон бусад үндсэн чадваруудыг суралцаад явж байна. Хүүхдийн хөгжилд чиглэсэн ийм төсөл хэрэгжиж, хүүхдүүдэд зориулсан боломж, шинэ орчин бүрдэж байгаад маш их баяртай байна.
Шинэ бизнес, шинэлэг санааг дэмжинэ
Энэхүү төсөл нь бичил болон өрхийн бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд “Хурдасгуур” цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж, бизнес эрхлэгчдэд бүтээгдэхүүнээ хөгжүүлэхээс эхлээд зах зээлд хэрхэн нэвтрүүлэх, борлуулалтын сувгаа хэрхэн тэлэх, шинээр борлуулалтын суваг бий болгох талаар зөвлөгөө, дэмжлэг үзүүлнэ. Мөн AI-д суурилсан маркетинг гэж юу болох, бизнесийн үйл ажиллагаандаа хэрхэн ашиглах, санхүүгийн эх үүсвэртэй хэрхэн холбогдох зэрэг бизнес эрхлэгчдэд шаардлагатай мэдлэг, ур чадварыг цогцоор нь олгох сургалт, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм.
Одоогийн байдлаар 60 бизнес эрхлэгч, бойжигч энэхүү инкубатор хөтөлбөрт хамрагдаж байгаа аж. Дараагийн ээлжид мөн 60 бизнес эрхлэгчийг сонгон шалгаруулж, хөтөлбөрт хамруулахаар төлөвлөжээ.
Бизнес эрхлэгч Ш.Алтансүх: Манай компани 2023 онд байгуулагдсан. Тухайн үед бүтээгдэхүүнийхээ судалгааг хийж, технологио боловсруулсны дараа 2024 онд анхны “Охь” брэндээ гаргаж, дөрвөн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн. Харин одоо үйл ажиллагааныхаа хоёр дахь жилийг угтаад шинээр хоёр төрлийн бүтээгдэхүүн худалдаанд гаргахад бэлэн болоод байна. Бид бүх төрлийн хоол, салатанд амт оруулах зориулалттай, шууд шахаж хэрэглэхэд бэлэн нухаш үйлдвэрлэдэг. Тухайлбал, яншуй, цагаан гааны нухашийг усанд найруулж цай болгон хэрэглэх боломжтойгоос гадна майонезтай хольж соус болгон ашиглаж болно. Бүтээгдэхүүний маань гол онцлог нь Монголдоо тарьж ургуулсан хүлэмжийн аж ахуй эрхлэгчдээс түүхий эдээ авдаг нь юм.
Анх 2025 онд “Хөгжлийн шийдэл”-ийнхэнтэй хамт Сонгинохайрхан дүүргийн ЖДҮ-ийн сургалтад хамрагдаж байсан. Харин одоо “Өсөлт хөгжлийн төв” байгуулагдаад, энд зохион байгуулж байгаа сургалт, хөтөлбөрүүдэд тогтмол хамрагдаж байгаа. Энд бид бизнесийн санаагаа хэрхэн хөгжүүлэх, сав баглаа боодлын дизайнаа сайжруулах, компанийн засаглал зэрэг бизнес эрхлэгчдэд хэрэгтэй олон зүйлд суралцаж, зөвлөгөө авдаг. Ингэснээр зөвхөн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхээс гадна бизнесийнхээ бусад талуудыг сайжруулж, цаашид илүү хөгжүүлэх боломжтой болж байгаа юм.
Хүүхдүүдийн боловсролыг дэмжинэ
Хүүхдүүдийн гадаад хэлний боловсролыг дэмжих зорилгоор “Жет” англи хэлний сургуультай хамтран ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд хүүхдүүдийн англи хэлний түвшинг дээшлүүлэх танхимын сургалтаас гадна сэтгэлзүйн сургалтуудыг мөн зохион байгуулж байна. Одоогоор 300 гаруй хүүхэд англи хэл болон сэтгэлзүйн сургалтад хамрагдаж байгаа юм.
105-р сургуулийн сурагч Э.Анударь: Би энэ оны есдүгээр сарын 1-нээс эхлээд англи хэлний сургалтад хамрагдсан. Одоо сураад хоёр сар болж байна. Сургалтад суух үнэхээр гоё байсан. Би бага байхдаа англи үсгүүдийг мэддэг байсан ч ярьж чаддаггүй байсан. Харин энэ сургалтад хамрагдаад англиар ярьж чаддаг болсон.
Цаашдаа англи хэлээ маш сайн сураад, гадаадад очихыг мөрөөддөг. Тэгээд ирээдүйд гадаадад бизнес эрхлэгч болохыг хүсдэг. Энэ хоёр сарын хугацаанд англи хэлний сургалтад суухад багш маань их гоё байсан. Манай ангид олон хүүхэд суралцдаг бөгөөд олон сайн найзтай болсон. Өнөөдөр “Өсөлт хөгжлийн төв”-ийн нээлт болсон. Нээлтийн үеэр би англи хэлний түвшин тогтоосон сертификатаа авсан. Англи хэл сурах үнэхээр гоё байгаа.
Баянхошуун дахь захын хороололд байгуулагдсан “Өсөлт хөгжлийн төв” ийнхүү хүүхэд, залуучууд болон бичил бизнес эрхлэгчдэд хэрэгтэй боломжуудыг нэг дор төвлөрүүлж, үр дүн гаргаж чаджээ.
Энэхүү төвд англи хэл сурч эхэлсэн хүүхэд цаашид гадаадад суралцаж, бизнес эрхлэх мөрөөдөлтэй болж, Жюү Жицүд хамрагдсан хүүхдүүд бие бялдар, сэтгэлзүйн хувьд хөгжих боломжтой болж байна. Үүний зэрэгцээ бизнес эрхлэгчид бүтээгдэхүүнээ сайжруулах, зах зээлээ тэлэх, шинэ борлуулалтын суваг нээх, бизнесийн удирдлагаа хөгжүүлэх мэдлэг, зөвлөгөөг нэг дороос авч байна. “Өсөлт хөгжлийн төв” цаашид үйл ажиллагаагаа илүү хүртээмжтэй, олон чиглэлтэй болгон өргөжүүлэх аж. Ийнхүү "Өсөлт хөгжлийн төв" нь боловсрол, спорт, хөдөлмөр эрхлэлт, бизнесийн хөгжлийг зэрэг дэмжих замаар Баянхошуугийн оршин суугчдад өөрсдийн ур чадвар, санаачилгаа хөгжүүлж, цаашдын боломжоо өөрсдөө бүтээх орон зайг бий болгожээ.