Ж.Айганым: Хосууд салсны дараа биш салахаасаа өмнө сэтгэлзүйчид ханддаг болох хэрэгтэй
Нийтэлсэн 2026 оны 9 сарын 22
СЭЗИС-ийн ИТС-ийн сэтгэл судлалын танхимд ахлах багшаар ажилладаг Ж.Айганымтай ярилцлаа. Тэрээр 2013 онд МУИС-ийг төгсөж, мэргэжлээрээ 10 гаруй жил бусдад сэтгэлзүйн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа юм. Мөн “Maxwell Leadership Mongolia” олон улсын байгууллагад сургагч багшаар ажиллаж, удирдлага манлайллын чиглэлээр компаниудад сургалт ордог байна.
-Сүүлийн үед хүмүүс сэтгэлзүйн хувьд хамгийн их ямар асуудлаар мэргэжлийн тусламж хүсэж байна вэ. Өөрчлөгдсөн, шинээр нэмэгдэж байгаа сэтгэлзүйн асуудал байна уу?
-Манай төвд хандаж байгаа хүмүүсийн асуудлыг харахад сэтгэл түгшилт, харилцааны асуудал түгээмэл байна. Ялангуяа хосын харилцаа, гэр бүл салалттай холбоотой асуудлууд ихээр тулгамдаж, хүмүүс сэтгэлзүйн тусламж авахаар хандаж байгаа. Үндэсний статистикийн хорооны 2024 оны мэдээллээс харахад тухайн онд 14,200 орчим хос гэр бүлээ батлуулсан бол 4000 орчим гэр бүл салсан байна. Хамгийн харамсалтай нь хосууд салахаасаа өмнө харилцаагаа засах, ойлголцох, асуудлаа шийдвэрлэх зорилгоор сэтгэлзүйчид хандах нь харьцангуй цөөн. Ихэнх тохиолдолд салсны дараа, тэр дундаа эмэгтэйчүүд салалтаа яаж даван туулах вэ гэдэг асуудлаар сэтгэлзүйн дэмжлэг авахаар ирдэг.
Мөн сүүлийн үед хүүхэдтэй холбоотой сэтгэлзүйн асуудлууд ихээр тулгамдаж байна. Эцэг эхчүүд хүүхдийнхээ сэтгэлзүйд анхаарч, мэргэжлийн хүнээс тусламж авч байгаа нь мэдээж сайн хэрэг. Гэхдээ хүүхдийн сэтгэлзүйн асуудлыг зөвхөн хүүхдээр хязгаарлаж ойлгож болохгүй. Учир нь хүүхдийн зан байдал, сэтгэл хөдлөлд эцэг эхийн харилцаа, гэр бүлийн орчин ихээхэн нөлөөлдөг. Тиймээс эцэг эх өөрсдөө ямар нэгэн асуудалтай байгаа бол түүнийгээ шийдэхгүйгээр хүүхдэд бүхнийг тохох, хүүхдийн асуудал мэтээр харах нь буруу. Хүүхдэд туслахын тулд зарим тохиолдолд эхлээд эцэг эх өөрсдийнхөө асуудал, харилцаа, сэтгэлзүйн нөхцөл байдлыг анхаарч, шийдвэрлэх шаардлагатай.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
-Хосын болон гэр бүлийн харилцаанд хүмүүсийн хамгийн түгээмэл гаргадаг сэтгэлзүйн алдаа юу вэ. Жишээлбэл, асуудлаа ярилцахын оронд дотроо хадгалах, нөгөө хүнийг ойлгохоосоо өмнө буруутгах, хэт хүлээлт тавих зэрэг нь харилцаанд ямар нөлөөтэй вэ?
-Хосын харилцаанд түгээмэл тулгамддаг нэг асуудал бол бие биетэйгээ ойлголцож, ярилцаж чадахаа болих явдал. Дийлэнх хосууд бид ойлголцохоо больчихсон гэж хэлдэг. Нэг нь ярьж байхад нөгөөх нь сонсохын оронд “Аан, чи ингэж хэлж байгаа юм уу, тэгвэл би ингэнэ” гээд шууд өөрийгөө өмөөрөх, шүүмжлэх, буруутгах хандлага гаргадаг. Ингэснээр харилцаанд улам зай үүсдэг. Тиймээс хосууд нэг нэгэндээ тодорхой хэмжээнд буулт хийж, би болон чи гэсэн хоёр тусдаа хүн гэхээсээ илүү бид нэг тал гэдгээ ойлгох хэрэгтэй. Зөвхөн өөрийнхөө өнцгөөс харж, чи тэгсэн, би ингэсэн гэж хандсаар байвал харилцаа аажмаар хөрөх эрсдэлтэй.
Уг нь хосууд 3-5 удаагийн зөвлөгөөнд хамрагдахад л “Би чинь үнэхээр ийм алдаа гаргаад байсан юм байна”, “Миний сул тал энэ байжээ” гэдгээ ойлгох тохиолдол байдаг. Мэргэжлийн сэтгэлзүйч гаднаас нь харж, чиглүүлэг өгснөөр харилцаа арай өөр болж эхэлдэг.
Зарим хос “хоёулаа ярилцахаар дандаа маргалдаад дуусдаг” гэдэг. Тэгээд маргалдахаас зайлсхийж, асуудлаа ярилцахгүй дотроо хадгалсаар байх нь ч бий. Гэхдээ хэлэхгүй, ярилцахгүй явсаар байгаад хуримтлагдсан зүйл нь дараа нь илүү хурцадмал байдлаар тэсэрч гарч ирэх эрсдэлтэй. Тиймээс хосын харилцаанд ярианы хэв маяг маш чухал. Ярьж байхдаа нэгнээ шүүмжилж, буруутгаж, довтолж болохгүй. Асуудлаа тайван ярилцаж, нөгөө хүнийхээ байр суурийг сонсох хэрэгтэй.
Мөн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн сэтгэлзүйн онцлог, хүмүүжлийн ялгаа тодорхой хэмжээнд байдаг. Манай нийгэмд эрэгтэй хүүхдийг хатуу бай, эрэгтэй хүүхэд уйлдаггүй гэж хүмүүжүүлэх нь түгээмэл. Ингэснээр хүүхэд өөрийнхөө сэтгэл хөдлөл, мэдрэмжийг илэрхийлэхээсээ илүү дотогшоо болгож, хааж сурдаг. Тэгээд ийм байдлаар өссөн эрэгтэй хүн насанд хүрээд хосдоо сэтгэл хөдлөл, мэдрэмжээ хэрхэн хуваалцах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Мэдрэмжээ хэлбэл хүүхэн шиг шалчигнасан болно гэх мэт буруу ойлголт ч байдаг.
Харин эмэгтэйчүүдийн хувьд хосдоо өндөр хүлээлт тавих тохиолдол их. Надад хайртай л юм бол намайг ойлгох ёстой гэж боддог. Гэтэл хүн нөгөө хүнийхээ дотор юу болж байгааг гаднаас нь хараад шууд мэдэх боломжгүй. Тиймээс хоорондоо маш сайн ярилцах хэрэгтэй. Ялангуяа чухал асуудлаа илэн далангүй ярилцахгүйгээр “маргаан болчихно” гээд тайван байдлаа хадгалах гэж хойшлуулаад байж болохгүй. Ярьж, ойлголцож байж асуудлаа шийдэх хэрэгтэй.
Мөн гэр бүл болохоосоо өмнө нэгнээ сайн таних нь маш чухал. Зан чанар, үнэт зүйл, амьдралын хэв маяг, асуудалд хэрхэн ханддагийг нь таних хэрэгтэй. Гэр бүл салалтын шалтгааны талаар ярихад архи, дарсны асуудал, гэр бүлээс гадуурх харилцаа, мөн хамгийн түгээмэл дурдагддаг зүйлсийн нэг нь үл ойлголцол байдаг. “Би энэ хүнийг ерөөсөө таниагүй юм байна”, “Ийм хүн байсан юм уу” гэдэг асуудал гэр бүл болсны дараа гарч ирдэг. Тиймээс гэр бүлийн боловсрол маш чухал. Үүнийг зөвхөн гэр бүл болсны дараа биш, хүүхэд байхаас нь эхлээд ойлгуулах хэрэгтэй. Ялангуяа ахлах ангиас нь харилцаа, гэр бүлийн үнэ цэнэ, сэтгэл хөдлөлөө зөв илэрхийлэх, нэгнээ сонсох, зөрчилдөөнийг хэрхэн шийдвэрлэх талаар тодорхой хэмжээнд боловсрол олгох нь чухал юм.
-Хүн өөрийн сэтгэлзүйн байдлаа муудаж байгааг ихэнхдээ хэзээ анзаардаг вэ. Удаан хугацаанд гуниглах, уур уцаартай болох, юу ч хийх хүсэлгүй болох, хүмүүсээс зайгаа барих зэрэг энгийн мэт харагддаг өөрчлөлтүүд ямар үед мэргэжлийн тусламж авах дохио болдог вэ?
-Хүмүүсийн өдөр тутмын амьдралын хэв маягт өөрчлөлт орж, ажил, сургууль, хөдөлмөртөө өмнөх шигээ дуртай, сонирхолтой байхаа болих, “Яаж хийх вэ, өнөөдрийг яаж давах вэ” гэсэн байдал ажиглагдах тохиолдол байдаг. Өөрөөр хэлбэл, аливаа зүйлд дургүй болох, сэтгэлээр унах, өөртөө итгэх итгэл буурах зэрэг сэтгэлзүйн шинжүүд илэрч болно.
Гэхдээ эдгээр шинж тэмдэг түр зуур илрээд өнгөрөх үү, эсвэл тодорхой хугацаанд үргэлжилж байна уу гэдэг нь чухал. Хэрэв ийм байдал багадаа 14 хоногоос дээш хугацаанд үргэлжилж, аажмаар сайжрахгүй, өдөр тутмын амьдрал, ажил хөдөлмөр, сурч боловсроход нь нөлөөлөөд байвал мэргэжлийн сэтгэлзүйчид хандаж, зөвлөгөө, дэмжлэг авах хэрэгтэй.
-Ажлаас халшрах хам шинж өнөөдөр хэр түгээмэл асуудал болж байна вэ. Энгийн ядаргаа, ажлын стрессээс юугаараа ялгаатай бөгөөд хүн өөрийгөө халшралд орж байгааг ямар шинжээр таних вэ?
-Сүүлийн жилүүдэд ажлаас халшрах хам шинж түгээмэл болж байна. Энэ нь мэдээж тухайн хүний ажлын орчноос гадна нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай ч холбоотой. Ар гэрийн асуудал, санхүүгийн дарамт, нэг хүний нуруун дээр ирж байгаа ачаалал ихсэх, мөн ирээдүй нь тодорхойгүй мэт санагдах зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг. Жишээлбэл, зээлээ яаж төлөх вэ, ирээдүйд яаж амьдрах вэ, Монголд сайхан амьдрах орчин нөхцөл байна уу гэх мэт байнгын санаа зовнил, тодорхойгүй байдал нь хүний сэтгэлзүйд нөлөөлж, улмаар ажлаас халшрах хам шинж үүсэх нэг шалтгаан болдог.
Ер нь энгийн ядаргаа, ажлын стресс, ажлаас халшрах хам шинж гэдэг гурван зүйл хоорондоо ялгаатай. Энгийн ядаргааны үед хүн нойр, хооллолтоо зохицуулж, хангалттай амарч, амралтын өдрүүдээ үр дүнтэй өнгөрүүлснээр эрч хүч нь эргээд нөхөгддөг. Харин ажлын стрессийн үед хүн ажлаа хийхдээ бага зэрэг дарамттай, яарч сандарсан, түгшүүртэй байж болно. Гэхдээ тухайн нөхцөл байдал сайжрахад стресс нь буурч, эргээд хэвийн ажиллах боломжтой болдог.
Ажлаас халшрах хам шинжийн хувьд сэтгэл судлаачдын авч үздэг үндсэн хэд хэдэн шинж байдаг. Үүний хамгийн эхнийх нь сэтгэл хөдлөлийн туйлдал буюу сэтгэлзүйн хувьд маш их ядарсан байдал. Өмнөх шөнө нь хангалттай унтаж, амарсан байсан ч өглөө нь ядарсан мэдрэмжтэй сэрнэ. Өнөөдрийг яаж давж туулах вэ гэж бодох хэмжээнд сэтгэлзүйн хувьд туйлдсан байдаг.
Үүнтэй зэрэгцээд ажлынхан болон эргэн тойрныхоо хүмүүст хандах хандлага нь өөрчлөгдөж эхэлдэг. Хүмүүсийг тоохоо болих, хүйтэн хөндий харилцах, өмнө нь чухал санагддаг байсан зүйлдээ хүртэл сонирхолгүй болох зэрэг шинж илэрч болно. Шинэ даалгавар өгөхөд хүртэл ямар ядаргаатай юм бэ, дахиад ийм ажил хийх юм уу гэж хүлээж авах, тэр ажил нь дааж давшгүй далай шиг санагдах байдлаар илэрдэг. Ингэж явсаар ажлын бүтээмж нь буурч эхэлдэг. Улмаар “Би энэ ажилд тохирохгүй юм байна”, “Би ерөөсөө юм хийж чаддаггүй юм байна” гэх мэт өөрийнхөө талаар сөрөг бодол, хандлага бий болж, ажилдаа дургүй болох хандлага нэмэгддэг.
Ажлаас халшрах хам шинж нь биеийн энгийн зовуурьтай адил хэд хоног эм уугаад, эсвэл эмнэлэгт хэвтээд шууд арилчихдаг зүйл биш. Тиймээс өөртөө анхаарч, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн сэтгэлзүйчээс зөвлөгөө, дэмжлэг авах хэрэгтэй. Тухайн хүний нөхцөл байдал, шинж тэмдгээс шалтгаалаад зургаан сараас нэг жилийн хугацаанд хэвийн болох боломжтой.
Ажлаас халшрах хам шинж үүсэхэд ажлын орчин, ажлын ачаалал, дарамт зэрэг олон зүйл нөлөөлнө. Нэг хүнд хэт их ажил үүрүүлэх, байнга өндөр ачаалалтай ажиллуулах, эсвэл нэг хэвийн, давтагдмал ажлыг удаан хугацаанд хийлгэх нь эрсдэлийг нэмэгдүүлж болно. Өөрөөр хэлбэл, хүн ажлаасаа шинэ зүйл сурах, хөгжих, өөрийгөө сорих, урам авах боломжгүй болж, өдөр бүр нэг л зүйлийг дахин, дахин хийсээр байвал ажлаас халшрах байдал үүсэх магадлал нэмэгддэг. Тиймээс ажлаас халшрах хам шинжийг зөвхөн ажилдаа дургүй болсон гэж ойлгож болохгүй. Ажлын орчин, ачаалал, харилцаа, тухайн хүний амьдралын нөхцөл байдал гээд олон хүчин зүйл давхардаж байж үүсдэг. Тиймээс шалтгааныг нь зөв олж хараад, тухайн хүнд тохирсон байдлаар арга хэмжээ авах нь чухал.
-Сошиал медиа, байнгын мэдээллийн урсгал хүний сэтгэлзүйд хэрхэн нөлөөлж байна вэ. Өөрийгөө бусадтай харьцуулах, бусдын амьдрал надаас илүү гэх мэдрэмж, мэдээ мэдээллийн хэт их хэрэглээ нь сэтгэл түгших, өөртөө итгэх итгэл буурахад хүргэдэг үү?
-Сошиал медиа хүний сэтгэлзүйд маш их нөлөөлдөг. Өнөөдөр бид дэлгэцийн хэрэглээнээс шалтгаалаад маш олон төрлийн мэдээллийн урсгал дунд амьдарч байна. Ялангуяа маш богино хэмжээний шорт, рийлүүдийг ихээр үздэг болсон. Үүнтэй холбоотойгоор удаан хугацаанд нэг зүйлд анхаарлаа төвлөрүүлэх чадвар буурах зэрэг өөрчлөлт ажиглагддаг.
Нөгөө талаас, хүмүүс сошиал медиа дээр өөрийнхөө амьдралын хамгийн сайхан хэсгийг л түлхүү харуулах хандлагатай байдаг. Өөрийнхөө ололт амжилт, сайхан төрх, аялал зугаалга гээд аль болох гоё зүйлсээ зураг, бичлэг болгож оруулдаг. Харин үүнийг харж байгаа хүнд “Би хангалттай сайхан амьдарч чадахгүй байна”, “Бусад хүмүүс ингэж амьдарч байхад би яагаад ингэж амьдарч байгаа юм бол” гэсэн бодол төрж болно. Өөрөөр хэлбэл, сошиал орчинд харагдаж байгаа амьдрал бодит амьдралтай харьцуулах хүлээлтийг бий болгож эхэлдэг.
Үүний зэрэгцээ бидний тархи маш их хэмжээний мэдээллийг байнга хүлээж авч, боловсруулах ачаалалтай байна гэсэн үг. Бодит амьдрал дээр ажил, сургууль, хөдөлмөр, хүмүүсийн харилцаа, үүрэг даалгавар гээд хангалттай ачаалалтай амьдарч байхад дээрээс нь утас, сошиал орчноос байнга мэдээлэл авах нь хүний сэтгэлзүйд эергээр нөлөөлөхгүй. Мэдээж энэ нь хувь хүн өөрөөс нь ихээхэн шалтгаална. Гэхдээ хэрэглээгээ хянаж, тодорхой хэмжээнд зохицуулалттай байх хэрэгтэй.
Бид хүүхдүүдийнхээ дэлгэцийн хэрэглээ, утасны хамааралд их анхаардаг. “Хараа нь муудна”, “Ингээд байвал сурах чадварт нь нөлөөлнө” гээд хүүхдүүддээ тодорхой хязгаар тавьдаг мөртлөө насанд хүрсэн хүмүүс өөрсдийгөө тэр хэмжээнд анхаардаггүй. Ажлаа тараад гэртээ ирээд, хоолоо идчихээд өөртөө зарцуулж байгаа чөлөөт цагаа амрахын оронд утсаа үзэхэд зарцуулах нь түгээмэл болсон.
Дэлгэцийн хэрэглээ хэт ихэссэн үед хамгийн түрүүнд мэдрэгддэг зүйлсийн нэг нь нойрны асуудал. Хүн орой унтахын өмнө утсаа удаан үзээд байвал дэлгэцийн гэрэл нь нойрны хэмнэлд нөлөөлж, унтаж амрахад хүндрэл учруулж болно. Уг нь оройн цагаар бие организм унтахад бэлдэж, мелатонин ялгарах ёстой байдаг. Гэтэл унтахын өмнө дэлгэц ширтээд байвал энэ үйл явцад сөргөөр нөлөөлөх боломжтой. Мөн бид өдөржин ажиллаж, тодорхой хэмжээний ачаалал, стресстэй явдаг. Үүний дараа нойроо хангалттай авч чадахгүй бол өглөө нь амарсан мэдрэмжтэй сэрэхгүй. Тэгээд тухайн өдөр ядарсан, ууртай, уцаартай байх, сэтгэл хөдлөлөө тогтвортой байлгахад хүндрэлтэй болох зэрэг асуудал гарч болно.
-Хүүхдийн сэтгэлзүйн асуудлыг эцэг эхчүүд хэр их анзааралгүй өнгөрөөдөг вэ. Хүүхэд дуугүй болох, ууртай болох, хичээлдээ дургүй болох, найз нөхдөөсөө тусгаарлагдах зэргийг хүүхдийн ааш гэж харах уу, эсвэл цаана нь ямар нэгэн асуудал байгаа эсэхийг анхаарах хэрэгтэй юу?
-Хүүхэд ямар нэг байдлаар ааш зангаа өөрчлөхөд эцэг эхчүүд “Өсвөр насныхан ийм байдаг”, “Орчин үеийн хүүхдүүд ийм болчихсон” гээд өнгөрөөх тохиолдол байдаг. Гэхдээ хүүхдийн нойр, хооллолт өөрчлөгдөх, дотогшоогоо чимээгүй болох, ганцаараа байхыг хүсэх зэрэг өөрчлөлт ажиглагдвал хамгийн түрүүнд эцэг эхчүүд ярилцаж үзэх хэрэгтэй.
Эцэг эхчүүдийн гаргадаг түгээмэл алдаа бол хүүхдээ сонсохгүй байх. Хүүхэд ямар нэг зүйл ярих гэхэд аан, мм гээд өнгөрөөх, эсвэл “Одоо завгүй байна, дараа ярья” гээд яриаг нь таслах тохиолдол байдаг. Мөн ярилцахдаа дандаа шүүмжилж, өөрийнхөө өнцгөөс хандах нь буруу. Жишээлбэл, “Юундаа ингэдэг юм бэ? Чи сургуульдаа явж байна, бүрэн бүтэн хувцастай байна. Ийм байхад чамд яг юу хэрэгтэй байгаа юм бэ?” гэж хэлэх нь хүүхдийн мэдэрч байгаа асуудлыг ойлгоход тус болохгүй.
Мэдээж өнөөдрийн нийгмийн нөхцөл байдлаас шалтгаалаад эцэг эхчүүд өөрсдөө маш их ачаалалтай, стресстэй, олон ажлыг зэрэг амжуулж амьдарч байна. Үүнээс болоод хүүхэдтэйгээ тулж, анхаарч ярилцах цаг, боломж нь бага байх тохиолдол бий. Гэхдээ хүүхдийн зан авирт ямар нэгэн хэвийн бус өөрчлөлт ажиглагдвал үүнийг анзаарах нь маш чухал. Харамсалтай нь зарим эцэг эх хүүхдийнхээ зан байдал өөрчлөгдсөнийг их хожуу анзаардаг. Тиймээс хүүхэдтэйгээ ярилцахдаа шүүмжлэхээс илүү “Бид чамайг сонсож байна”, “Чамд юу тохиолдож байгааг ойлгохыг хүсэж байна” гэсэн мэдрэмжийг төрүүлэх хэрэгтэй. Хүүхэд өөрийг нь сонсож, буруутгахгүй гэдгийг мэдэрсэн үедээ асуудлаа илүү нээлттэй ярьж эхэлдэг.
Хүүхдийн зан авирын өөрчлөлтийн цаана олон янзын шалтгаан байж болно. Тухайлбал, үе тэнгийнхний дээрэлхэлт, өөрийгөө үнэлэх үнэлэмжийн асуудал, найз нөхөдтэйгөө холбоотой харилцааны хүндрэл зэрэг нь байж болно. Тиймээс эцэг эхчүүд хүүхэдтэйгээ нээлттэй, халуун дулаан байдлаар ярилцахыг хичээх хэрэгтэй. Хэрэв өөрсдөө ярилцаад асуудлыг нь ойлгож, шийдвэрлэхэд хүндрэлтэй байвал мэргэжлийн сэтгэлзүйчид хандах нь зөв.
Сургуулийн сэтгэлзүйчийн хувьд ихэнхдээ мэргэжлийн хүмүүс ажиллаж байгаа. Гэхдээ хөдөө орон нутагт зарим тохиолдолд нийгмийн ажилтан нь сургуулийнхаа сэтгэлзүйчийн үүргийг давхар гүйцэтгэх тохиолдол байдаг. Ингэснээр мэргэжлийн сэтгэлзүйн тусламж шаардлагатай хүүхдийн асуудлыг бүрэн ойлголгүйгээр “Зүгээр ээ, гайгүй болно” гээд өнгөрөөх эрсдэл бий. Тиймээс хүүхдийн сэтгэлзүйн асуудалтай ажиллахдаа мэргэжлийн хүн байх нь маш чухал. Хүүхдийн зан авирын цаана ямар асуудал байгааг зөв тодорхойлж, шаардлагатай тусламж, чиглүүлгийг мэргэжлийн хүн өгөх хэрэгтэй.
-Сэтгэлзүйчид хандах тухайд манай нийгэмд ямар буруу ойлголт одоо хүртэл байдаг вэ. Хүн заавал хүнд асуудалд орсон үедээ биш, амьдралынхаа аль үед сэтгэлзүйчтэй зөвлөлдөж болох вэ. Мөн өөрийн сэтгэлзүйн эрүүл мэндийг өдөр тутамдаа хамгаалах хамгийн энгийн дадлууд юу вэ?
-Манай монголчуудын дунд нэг нийтлэг хандлага байдаг. Тэр нь “Хүнд муугаа мэдэгдэж болохгүй, асуудлаа өөрөө л давна” гэж боддог. Тиймээс дийлэнх тохиолдолд асуудал нь хүндэрсэн хойно сэтгэлзүйчид ханддаг. Мөн сэтгэлзүйч дээр ямар хүмүүс очдог талаар буруу ойлголт байдаг. Сэтгэлзүйчид сэтгэцийн өвчтэй, архины хамааралтай, эсвэл хамгийн хүнд асуудалтай хүмүүс л очдог гэж ойлгодог. Үнэндээ тийм биш. Өдөр тутмын амьдралаа хэвийн үргэлжлүүлж байгаа ч тухайн хүнд жижиг мэт боловч өөрөө шийдвэрлэж чадахгүй асуудал үүссэн үедээ мэргэжлийн түвшинд зөвлөгөө, тусламж авах гэж сэтгэлзүйчид ханддаг.
Харин сэтгэцийн эмчид хандах нөхцөл нь өөр. Жишээлбэл, архины хамаарал, цахим мөрийтэй тоглоомын донтолт, сэтгэцэд нөлөөт бодисын хамаарал зэрэг илүү нарийн мэргэжлийн тусламж шаардсан асуудалтай хүмүүс сэтгэцийн эмчид хандах шаардлагатай байдаг. Тиймээс сэтгэлзүйч дээр зөвхөн асуудалтай, өвчтэй хүмүүс очдог гэж ойлгож болохгүй. Сэтгэлзүйч дээр эрүүл хүмүүс, өөрийнхөө сэтгэлзүйн эрүүл мэндийг хамгаалах, асуудлаа эрт үед нь шийдвэрлэхийн тулд очдог гэдгийг ойлгох хэрэгтэй.
Сэтгэлзүйн эрүүл мэндээ хамгаалахын тулд хүн өдөр тутмын амьдралдаа өөртөө анхаарах нь чухал. Чанартай нойр авах, дасгал хөдөлгөөн хийх, хүмүүстэй чин сэтгэлээсээ харилцах, ойр дотнын хүмүүстэйгээ нээлттэй ярилцах хэрэгтэй. Хэрэв эдгээрийг хийж байгаа ч нэг л зүйл дутагдаад, сэтгэлзүйн хувьд болж өгөхгүй, асуудлаа өөрөө шийдэж чадахгүй байвал мэргэжлийн сэтгэлзүйчид хандах хэрэгтэй. Ер нь хүн өөрөө өөртөө хайртай байж, өөрийгөө анхаарч сурах хэрэгтэй. Үүний нэг хэсэг нь гэр бүлдээ ч цаг гаргах. Гэхдээ зүгээр л нэг дор хамт байх биш, чанартай цагийг хамт өнгөрүүлэх нь чухал. Жишээлбэл, гэр бүлээрээ ширээний ард хооллож байхдаа хүн бүр утсаа оролдоод байхын оронд бие биетэйгээ ярилцаж, нэгнээ сонсдог байх хэрэгтэй.
-Танд төгсгөлд нь нэмж хэлэх зүйл байгаа юу?
-Хэрэв таны сэтгэлзүйн байдал нэг л тогтворгүй, ганцаардаж, хоосон мэдрэмж төрөөд, эсвэл одоо байгаа хосын харилцаандаа сэтгэл ханамжгүй болоод “Би яагаад энэ хүнтэй гэрлэсэн юм бол?”, “Ингэж тэвчиж байхаар салсан нь дээр юм биш үү” гэсэн бодол төрж байгаа бол салалт гэдэг харьцангуй амархан шийдвэр байж болно. Харин тэр харилцаагаа яаж эргээд босгох вэ, яаж сэргээх вэ гэдэг талаар бодож үзэх нь чухал. Эргээд “Би энэ хүнд анх яагаад сэтгэл татагдсан билээ" гэдгээ санаж, харилцааныхаа эхлэл рүү эргэж харах хэрэгтэй. Мөн хоёулаа хамтдаа хосын зөвлөгөөнд хамрагдаж, асуудлаа гаднаас нь харж, мэргэжлийн хүний чиглүүлгээр ярилцах нь илүү үр дүнтэй байж болно.
Гэр бүл салалт гэдэг маш эмзэг сэдэв. Нэгэнт гэр бүл болсон бол асуудал гарсан үед шууд салалтыг шийдэл гэж харахаасаа өмнө тэр гэр бүлээ хэрхэн авч үлдэх, харилцаагаа яаж сэргээх боломжтой вэ гэдгийг бодож үзээсэй гэж хэлмээр байна. Харин гэр бүл болохоосоо өмнө нэгнээ сайн таних нь бүр ч чухал. “Энэ хүн үнэхээр миний хань мөн үү, бид хоёрын үзэл бодол, үнэт зүйл, амьдралын зорилго хэр нийцэж байна вэ” гэдгээ сайтар ойлгож байж шийдвэр гаргах хэрэгтэй. Тиймээс яарч гэр бүл болох хэрэггүй.
Мөн гэр бүл, ойр дотнын хүмүүс, нийгмээс ирдэг дарамт шахалтаас болоод шийдвэр гаргаж болохгүй. “Нас оройтлоо”, “Хурдан хүнтэй суу” гэх мэт бусдын үг, хүлээлтэд автаад амьдралынхаа хамгийн чухал шийдвэрүүдийн нэгийг гаргах нь зөв биш. Хэрэв та өөрөө “Би одоохондоо ганцаараа болж байна, бүх зүйл цаг хугацааны явцад болно” гэсэн байр суурьтай байгаа бол тэр шийдвэртээ өөрөө итгэлтэй байх хэрэгтэй. Эцэст нь хэлэхэд, хүн өөрийнхөө амьдралын эзэн байх ёстой. Бусдын хэлсэн, шаардсан зүйлээр биш, өөрийн хүсэл, үнэт зүйл, сэтгэлзүйн байдлаа ойлгож байж шийдвэр гаргах хэрэгтэй. Өөрийнхөө сэтгэлзүйг хайрлаж, өөртөө анхаарч байгаарай гэж хэлмээр байна.