УИХ-ын намрын чуулганы үйл ажиллагаа эхлээд 7 хонолоо. 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсвийн төслийн хэлэлцүүлгүүд ид өрнөх ёстой ч УИХ-ын үйл ажиллагаа сандал суудлын хэрүүлтэй, нам бүлэглэл доторх толхилцооноос хэтэрхээ болилоо. Хоёр долоо хоногийн өмнө эхэлсэн 2026 оны төсвийн тодотголоо ч баталж чадсангүй. Үүнээс болж багш нар аравдугаар сарын цалин хөлсөө авч чадахгүй байдалд ороод байна.
УИХ 126 гишүүнтэй болоод ч өнөөх л ирц хүрдэггүй, нам бүлэглэлээрээ хуваагдаж хуралдаанаа бойкотолдог үзэгдэл байсаар л байна. Өнгөрсөн пүрэв гарагт гэхэд Хууль зүй, дотоод хэргийн сайдын томилгоог УИХ-д танилцуулах байсан ч олонхын бүлэг дахиад л ирцээ бүрдүүлж чадсангүй. Эрх баригч намын хагарал эцэстээ төрийн гацаа болж, хууль тогтоох дээд байгууллагын нэр хүндийг унагасаар байна.
Монголын нийгэм, улс төрийн хандлагыг сар бүр тогтмол хэмжих “National Opinion” буюу үндэсний санал бодлын барометр судалгааны дүн төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд иргэдийн өгч буй үнэлгээ сул байгааг харуулсаар байна.
“National Opinion” судалгааны баг сүүлийн зургаан сарын турш иргэдээр төрийн институцүүдийн үйл ажиллагааг тогтмол үнэлүүлжээ. Тодруулбал, Улсын Их Хурал, Засгийн газар, Ерөнхийлөгчийн институц, шүүхийн үйл ажиллагааг 0–10 оноогоор үнэлүүлсэн байна. Судалгааны дүнгээс харахад төрийн институцүүдийн үйл ажиллагаанд иргэдийн өгч буй үнэлгээ сүүлийн саруудад буурах хандлагатай байна. Тухайлбал, УИХ-ын үйл ажиллагааны үнэлгээ гуравдугаар сард 4.24 байсан бол зургадугаар сард 4.56 болж 0.32 оноогоор өсжээ. Харин наймдугаар сард 4.08 болж, зургадугаар сараас 0.48 оноогоор буурснаар сүүлийн зургаан сарын хамгийн доод түвшинд хүрсэн байна.