ТОЙМ: Оюу толгойн хувь нийлүүлэгчдийн хамтарсан мэдээлэл | хэлэлцээрийн үр дүнТОЙМ: Оюу толгойн хувь нийлүүлэгчдийн хамтарсан мэдээлэл | хэлэлцээрийн үр дүн
Нийтэлсэн 2026 оны 9 сарын 18
Оюу толгой компанийн хувь нийлүүлэгчид болох Монгол Улсын Засгийн газар, Рио Тинто групп хоёр жил орчим үргэлжилсэн хэлэлцээрээ амжилттай дуусгаж, талууд 17 жилийн дараа Хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахаар болсноо зарласан билээ.
Энэхүү хэлэлцээрийн үр дүн болон Хувь нийлүүлэгчдийн гэрээнд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар Рио Тинто группийн Монгол Улс дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Дуламсүрэн, Эрдэнэс Оюу толгой ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Тэлмүүн, Оюу толгой компанийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Энэ удаагийн мэдээллийн онцлог нь Оюу толгой компанийн хоёр хувь нийлүүлэгчийн төлөөлөл анх удаа хамтдаа сууж, хэлэлцээрийн үр дүнгийн талаар сэтгүүлчдийн асуултад хариулсан явдал байв. Өөрөөр хэлбэл, олон жилийн дараа хувь нийлүүлэгч талууд Оюу толгойн асуудлаар хамтдаа сууж, байр сууриа илэрхийллээ.
Уулзалтын эхэнд Оюу толгой компанийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх 2026 оны эхний найман сарын борлуулалт, санхүү, үйл ажиллагааны онцлох үзүүлэлтүүдийг танилцуулсан юм.
Оюу толгой компанийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх: Оюу толгойн гүний уурхайн үйл ажиллагаа эрчимжиж байна. Эхний найман сард гүний уурхайгаас 7.8 сая тонн хүдэр олборлохоор төлөвлөж байсан бол 9.4 сая тонн олборлож, төлөвлөгөөгөө 1.8 сая тонноор давуулан биелүүллээ. Ерөнхийдөө гүний уурхайн хүдрийн агуулга өндөр учраас зэс, алтны агуулга, үйлдвэрлэл нэмэгдэж байна.
Э.Мөнхцэцэг нь iToim агентлагийн хамтран үүсгэн байгуулагч. Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй, 2017 оноос iToim.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна. Сэтгүүл зүйн салбарт 14 дэх жилдээ ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Алтны үнэ өндөр байгаатай холбоотойгоор ил уурхайн хэсгээс алтны агууламж өндөртэй судлыг эрчимтэй олборлож эхэлсэн. Энэ нь алтны агуулга, үйлдвэрлэл төлөвлөгөөнөөс давахад нөлөөлж байна. Эхний найман сард зэсийн олборлолтыг 251.7 мянган тонн байхаар төлөвлөсөн бол 276 мянган тонн, алтны хувьд 286 мянган унц төлөвлөснөөс 339 мянган унц алт үйлдвэрлэсэн байна.
Найман сарын байдлаар 3.6 тэрбум ам.долларын орлого олохоор төлөвлөснөөс гүйцэтгэл 5.5 тэрбум ам.долларт хүрсэн. Төлөвлөгөөгөөр 1.7 тэрбум ам.долларын чөлөөт мөнгөн урсгал бий болгоно гэж тооцсон бол гүйцэтгэлээр 2.8 тэрбум ам.долларт хүрээд байна.
Гүний уурхайн олборлолтыг дагаад металлын агуулга өсөж, төлөвлөгөөгөө 10-15 хувиар давуулан ажиллаж байна. Үүнээс гадна зэс, алтны үнэ дэлхийн зах зээлд өндөр байгаа нь орлого өсөхөд нөлөөлж байна.
Оны эхний найман сарын байдлаар Оюу толгой компани 899 сая ам.доллар буюу 3.2 их наяд төгрөгийн татвар, хураамжийг улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Оны эцэс гэхэд 1.4 тэрбум ам.долларын татвар, хураамжийг төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөж ажиллаж байна.
Үүний дараа хувь эзэмшигч талууд хэлэлцээрийн үр дүнгийн талаар байр сууриа илэрхийллээ.
Б.Тэлмүүн: Оюу толгой төслөөс хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх нь бидний үндсэн үүрэг
Эрдэнэс Оюу толгой компанийн гүйцэтгэх захирал Б.Тэлмүүн: Миний хувьд энэ ажлыг хүлээн аваад гурван сар болж байна. Оюу толгойн хувь нийлүүлэгчид анх удаа хамтдаа сууж ярьж байгаа тохиолдол гэж ойлгож байна. Хэлэлцээрээр ярьж, тохирсон зүйлээ хамт суугаад ярья гэдгийг уриалгахан хүлээн авсан.
Эрдэнэс Оюу толгой компани Монголын ард түмнийг төлөөлж, Оюу толгой төслийн 34 хувийг эзэмшдэг. Тэгэхээр миний үндсэн үүрэг бол энэ төслөөс хүртэх өгөөжийг ахиулах, түүнийгээ Баялгийн сан болон төсөвт оруулах юм.
Энэ чиглэлд баримталж байгаа бодлогын нэг нь ногдол ашиг. Оюу толгой төслөөс хүртэх үндсэн өгөөж бол ногдол ашиг. Саяын хэлэлцээрийн хүрээнд талууд ногдол ашгийн асуудлыг хэлэлцээрийн ширээний ард сууж ярилцахаар тохиролцсон. Ногдол ашгийн талаар маш олон мэдээлэл явдаг. 2037, 2040 он гэж яригддаг байсныг 2027 он болгож, наашлуулахаар талууд тохирсон.
Хоёрдугаарт, Оюу толгойгоос Монголын өгөөж татвараар дамжин орж ирж байгаа.
Гуравдугаарт, ногдол ашиг, татвараас өөр ямар хэрэгсэл, аргачлалаар өгөөж хүртэж болох вэ гэдгийг эрэлхийлж, судалж ажиллаж байна. Хувь нийлүүлэгчдийн түвшинд хүүгийн орлого олох боломж байна уу, эсвэл хамтдаа хүүгийн зардлаа бууруулах боломж байна уу гэдэг чиглэлээр ажиллана.
Засгийн газрын түвшинд Оюу толгойтой холбоотой маш олон хэлцэл явж байгаа. Саяын хэлэлцээрээр бүх асуудал дууссан гэсэн үг биш. Цаашид ярилцаж, шийдэх олон асуудал бий.
Зарчмын хувьд тохирсон зүйлүүдийг гэрээ, хэлцэл дээр үг үсэг, цэг таслалтай нь буулгаж, бүх талууд эцэслэн гарын үсэг зурах нь дараагийн шатны том ажил. Бид сая хэлэлцээрээр хүрсэн үр дүнгээ баталгаажуулсан.
Хувь нийлүүлэгч компаниудын түвшинд асуудлаа мэргэжлийн түвшинд тавьж, нэгнийгээ сонсож, харилцан итгэлцэлтэй ажиллавал шийдэх боломжгүй асуудал цөөхөн байна гэдэг итгэл үнэмшил төрлөө.
Б.Дуламсүрэн: Хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг SOFR+6.5 хувь байсныг SOFR+4 болгож бууруулна
Рио Тинтогийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Дуламсүрэн: Рио Тинто компани Монгол Улсын урт хугацааны түншийн хувьд нэлээд хичээл зүтгэл, чармайлт гаргасны үр дүнд Засгийн газартай ойлголцолд хүрсэндээ баяртай байна. Хоёр үндсэн асуудлаар хэлэлцээр хийж, тохиролцоонд хүрч чадсан.
Нэгдүгээрт, хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг 40 орчим хувиар бууруулахаар болсон. Өмнө нь SOFR+6.5 хувь байсан бол SOFR+4 хувь болж байна.
Хоёрдугаарт, менежментийн төлбөрийг 50 хувиар бууруулахаар тохирсон.
Оюу толгой бол Рио Тинто, Монголын Засгийн газрын хамтарсан компани. Тэгэхээр хамтарсан компани байгуулсан талуудын хувьд хэн нэг нь ялсан, ялагдсан гэдэг талаас харахгүй. Хамгийн чухал нь хамтарсан үр дүнд хүрч, Оюу толгой төсөл урт хугацаанд тогтвортой явах нөхцөлийг баталгаажуулсан явдал юм. Тиймээс ийм шийдэлд хүрсэндээ сэтгэл өндөр байгааг хэлэх нь зүйтэй.
Гурав дахь зүйл нь ногдол ашгийн асуудал. Ногдол ашгийн асуудлыг ярилцаж, өнгөрсөн баасан гарагт Ерөнхий сайд Н.Учрал, Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Саймон Тротт нар тохиролцоонд хүрсэн.
Сэтгүүлчийн хувьд оролцогч талуудын өгсөн мэдээлэл болон хувь нийлүүлэгчдийн хооронд хийсэн хэлэлцээрийн үр дүнг тодруулж, дараах асуултуудыг тавилаа.
-Оюу толгой компаниас Рио Тинто группэд төлж буй менежментийн төлбөрийг 50 хувиар бууруулсан гэлээ. Менежментийн зардал жилд хэд байсан, хэд болгохоор тохирсон бэ. Тоо баримт, задаргааг хэлэх боломжтой юу?
Рио Тинтогийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Дуламсүрэн: Менежментийн үйлчилгээний төлбөрийг яагаад авах болсон талаар эхлээд тайлбарлах нь зүйтэй. Оюу толгойн бүтээн байгуулалтыг 15 жилийн дотор хийж дуусгалаа. Бусад орны ижил төстэй уурхайг харахад бүтээн байгуулалт нь нэлээд удаашралтай байдаг. Харин бид маш богино хугацаанд хийсэн.
Засгийн газар анхнаасаа энэ төсөлд гаднын туршлагатай компани оруулж ирнэ гэж байсан. Тэр ч утгаараа Рио Тинто орж ирсэн. Рио Тинто 36 оронд 100 гаруй мянган ажилтантай, дэлхийд хоёрт орох, 153 жилийн туршлагатай компани. Бид энэ компанийн бүх ноу-хау, мэдлэг, туршлагыг Монгол Улсад авчирч, нутагшуулж байгаа. Энэ ч утгаараа дэлхийд техник, технологиороо дээгүүрт орох зэсийн уурхайг байгуулсан. Эдгээрийг нэвтрүүлж, ашиглана гэдгээ анхнаасаа Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгаж, менежментийн төлбөр төлнө гэж заасан байдаг. Энэ дагуу төлбөр төлж ирсэн.
Менежментийн төлбөрийн нарийн задаргаа, тоо надад алга. Ямар ч байсан менежментийн үйлчилгээний төлбөр гэж зардалд суурилж авдаг байсан дүн 50 хувиар буурч байгаа. Дээр нь Рио Тинтогийн ажлын даалгавраар хийгддэг байсан зардлууд тэглэгдсэн.
Эрдэнэс Оюу толгой компанийн гүйцэтгэх захирал Б.Тэлмүүн: Рио Тинто компанид төлж буй менежментийн төлбөрийг бууруулна гэдэг нь Оюу толгой компанийн зардал буурна гэсэн үг. Энэ нь Оюу толгой компанийн ирээдүйн ашигт чухал нөлөөтэй. Бидний тооцоогоор нийт 8.4 их наяд төгрөгөөр менежментийн төлбөр буурахаар байгаа.
-Өнөөдрийн байдлаар Оюу толгой компанийн нийт зээлийн хэдэн хувийг хувь нийлүүлэгчдийн зээл эзэлж байгаа вэ. Энэ зээлийн хүүгийн төлбөрт жилд ойролцоогоор хэдэн төгрөг төлж байсныг хэд болгож бууруулсан бэ. Г.Дуламсүрэн захирал түрүүнд яриандаа өнөөдрийг хүртэл Оюу толгой компани хувь нийлүүлэгчдийн зээлд нэг ч төгрөгийн хүүгийн төлбөр төлөөгүй гэж дурдсан. Гэтэл гадуур “Оюу толгой компани өдөрт зөвхөн зээлийн хүүд 15 тэрбум төгрөг төлдөг” гэсэн тоо яригддаг. Энэ тоо үнэн үү?
Рио Тинтогийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Дуламсүрэн: Хувь нийлүүлэгчдийн зээл нийт зээлийн 50 орчим хувийг эзэлж байгаа. Саяын хийсэн хэлэлцээр маань энэ зээлд хамааралтай. Хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүгийн төлбөр хийгдээгүй байгаа. Өдөрт зээлийн хүүд 15 тэрбум төгрөг төлж байна гэдгийг хаанаас гаргасныг мэдэхгүй.
Ямар ч байсан Оюу толгой компани 2025 оноос эерэг мөнгөн урсгалтай болсон. Тэр мөнгөнөөсөө дарааллын дагуу зээл төлж эхэлсэн. Өнгөрсөн жил төслийн санхүүжилтийн зээлээ төлсөн. Энэ жил мөн төслийн санхүүжилтийн хуваарийн дагуу зээлээ төлнө.
-Хувь нийлүүлэгчдийн гэрээнд талууд долоон жил тутамд нэг удаа зээлийн хүүгийн асуудлыг хөндөн хэлэлцдэг байсан бол саяын хэлэлцээрээр хугацааг гурван жил болгосон гэсэн. Тэгэхээр 2029 онд зээлийн хүүгийн асуудлыг дахин хөндөн ярилцах боломж нээлттэй гэсэн үг үү?
Рио Тинтогийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Дуламсүрэн: Өмнө нь Хувь нийлүүлэгчдийн гэрээний хүрээнд зээлийн хүүг долоон жил тутамд нэг удаа хянаж байсан. Энэ заалтын дагуу хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах хэлэлцээр 2025 онд эхэлсэн.
Ингээд хоёр жил шахам хэлэлцээр хийж, өнгөрсөн баасан гарагт гэрээндээ нэмэлт, өөрчлөлт оруулахаа баталгаажуулсан. Хэлэлцээрийн үеэр долоон жил гэдгийг гурван жил тутам болгож багасгах Засгийн газраас тавьсан саналыг бид хүлээж авсан.
Миний өмнө хэлсэн менежментийн зардлыг бууруулах, тэглэх зардал, зээлийн хүүг бууруулах болон эргэн хэлэлцэх хугацааг богиносгосон зэрэг бүх асуудал Хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмэлт, өөрчлөлтөөр орж байгаа. Одоо гэрээнд гарын үсэг зурж, тамга дарах ажлууд хийгдсэний дараа гэрээг нээлттэй байршуулна.
2027 онд ногдол ашиг хуваарилах боловч хэдэн төгрөг байх нь одоогоор тодорхойгүй
-Хувь нийлүүлэгчдийн гэрээнд Оюу толгой компани авсан зээлээ бүрэн төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн заалт бий. Тэгэхээр ногдол ашиг хуваарилахаар болбол гэрээний энэ заалтаа өөрчлөх үү. Ер нь ганцхан 2027 онд ногдол ашиг хуваарилах уу, эсвэл жил бүр хуваарилах уу? Хэрэв жил бүр ногдол ашиг хуваарилна гэвэл Оюу толгой компани зардлаа хэрхэн хуваарилах вэ? Аль зардлаасаа таналт хийх вэ, зарим зээлийн төлөлтийг хойшлуулах арга хэмжээ авах уу?
Эрдэнэс Оюу толгой компанийн гүйцэтгэх захирал Б.Тэлмүүн: Ногдол ашгийн хувьд Монгол Улсын Засгийн газар гурван их наяд төгрөг авна гэдэг дүнгээ зарлаад, ирэх оны төсвийн төсөлдөө тусгасан. Энэ нь өөрөө манай талын авах хэлэлцээрийн санал гэсэн үг. Бид энэ дүндээ хүрэхийн төлөө ажиллана. Компанийн жилийн эцсийн тайлан, мөнгөн хөрөнгийн байдал зэрэг үзүүлэлтийг харж байгаад ямар ч байсан гарц, гаргалгаа гарна гэж найдаж байна.
Рио Тинтогийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Дуламсүрэн: Талууд ногдол ашиг хүртэх хугацааг урагшлуулж, 2027 он болгохоор тохиролцсон. Энэ даалгаврыг биелүүлж ажиллахыг Оюу толгой компанийн удирдлагад даалгасан.
Зарим хүнд Рио Тинто ногдол ашиг аваад, Засгийн газар ногдол ашиг аваагүй мэт ойлголт төрж магадгүй. Тийм зүйл байхгүй. Оюу толгой өнөөдрийг хүртэл ногдол ашиг тараагаагүй, хэн нь ч ашиг хүртээгүй байгаа. Харин саяын хэлэлцээрээр хөрөнгө оруулагч талууд ногдол ашгаа 2027 онд авъя гэдэг дээр тохиролцсон. Энэ асуудлаар дараагийн ажлууд хийгдэх ёстой.
Ганцхан хувьцаа эзэмшигч талуудын төлөөлөл болон Оюу толгой компанийн захирлаас хамаарахгүй. Биднээс гадна энэ төсөлд санхүүжилт олгосон банк, санхүүгийн байгууллагуудтай гэрээ, хэлцэл хийж, санхүүжилтийн бүтцээ эргэн харах, тохиролцоо хийх ажлууд бий.
Оюу толгой компанийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх: Хоёр хувьцаа эзэмшигч маань ногдол ашиг хүртэх хугацааг наашлуулъя гэдэг зарчмын тохиролцоонд хүрсэн. Надад болон манай багт даалгавар өгсөн. Бидний зүгээс мэдлээ, гүйцэтгэе л гэж байгаа.
Маш товчхондоо, 2027 онд ногдол ашиг хуваарилна. Харин хэдийг хуваарилах вэ гэдгийг одоо хэлэхэд эрт байна. Энэ чиглэлд хийх ажил нэлээд байна.
Нэгдүгээрт, манай баг өмнөх ажлаа хэвийн явуулж, ашиг хийх ёстой. Ашиг олж байж ногдол ашиг хуваарилна. Тиймээс уурхайгаа аюулгүй бөгөөд үр өгөөжтэй ажиллуулснаар мөнгөн урсгалыг тогтвортой байлгах ёстой.
Хоёрдугаарт, айлаар бол аав, ээж нь учраа олчихвол хүүхэд нь сайн байна. Тиймээс Оюу толгой компани хоёр хувьцаа эзэмшигчийнхээ дунд гүүр болж ажиллах нь чухал.
Гуравдугаарт, Оюу толгойд зээл өгсөн олон санхүүгийн байгууллагатай хамтран ажилладаг. Бид зээл төлөх байсан эх үүсвэрээрээ хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг өгчихвөл зээлдүүлэгч байгууллагууд эрсдэлд орно. Тиймээс энэ чиглэлд зөв зүйтэй яриа хэлэлцээ хийж, зээлийн бүтцийг сайжруулж, хүүг бууруулахад анхаарна.
Оюу толгой компанид 4.4 тэрбум ам.долларын зээл өгсөн 15 банк, санхүүгийн байгууллагын зээлийг төлж дуусаад, дараа нь хувь нийлүүлэгчдийн зээлийг төлж, үүний дараа ногдол ашиг хуваарилах дараалалтай байсан.
15 банк, санхүүгийн байгууллагын зээлийг төлж дуусахаас өмнө хүүг нь буулгаж, хугацааг нь заавал өнөө маргаашгүй төлж болох уу, болохгүй юу. Хувь нийлүүлэгчдийн зээлийн дэс дарааллыг өөрчилж, мөнгөн урсгалаа ногдол ашиг руу чиглүүлж болох уу гэдгээ бид ярилцах ёстой.
Зардал танах дээр бид ажилчдынхаа цалин, хоол, унааг танаад ногдол ашиг тараана гэдэг зүйл худлаа. Тийм зүйл байхгүй.
Засгийн газар гурван их наяд төгрөгийн ногдол ашиг хүсэж байгаа бол нийт ногдол ашгийн хэмжээ есөн их наяд төгрөг гэсэн үг. Гэхдээ Оюу толгой хүссэн хэмжээгээрээ мөнгө үйлдвэрлэж чадахгүй. Тодорхой хэмжээний хязгаарлалттай, байгаа боломждоо захирагдана. 2027 оны төсвөө яг одооноос ярьж байна. Ногдол ашгийн барагцаа бол бий, түүндээ хүрэхийн төлөө ажиллана.
Хоёрдугаарт, зөвхөн ногдол ашиг гэдэг томьёоллоос гадна төсөв болон бусад хүчин зүйлээр дамжуулан өгөөжөө нэмэгдүүлэх тал дээр уян хандана. 2027 оны ногдол ашиг гэдэг өөр асуудал, түүнээс цааш яах вэ гэдэг нь бас нэг өөр асуудал.
-Оюу толгойн хувь нийлүүлэгчид Онтре ХХК-ийн эзэмшиж буй лицензийн асуудлыг хэрхэн шийдэх вэ. Энэ асуудлаар дахин хэлэлцээ хийх үү. Ер нь Онтрегийн лицензийг шилжүүлэх асуудал Оюу толгойн үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлөх вэ?
Эрдэнэс Оюу толгой компанийн гүйцэтгэх захирал Б.Тэлмүүн: Онтре гэдэг компанийн эзэмшиж байгаа хоёр лицензийн талбай ч гэсэн газар доогуураа нийлсэн талбай байгаа. Үүнийг өөр газраар ухаад, өөр компанид ашиглуулах техникийн шийдэл байхгүй.
Оюу толгой компани Онтре ХХК-ийн эзэмшиж байгаа хоёр лицензийг шилжүүлж аваад ашиглах саналтай байгаа. Засгийн газрын байр суурь бол лицензийг шилжүүлж болно. Гэхдээ үүнийг хэрхэн ашиглах вэ гэдэг нь Хөрөнгө оруулалтын тусдаа гэрээ байгуулах асуудал руу орно гэдгийг хэлж байгаа.
Энэ асуудлын хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын ахалсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Оюу толгой төслийг цогцоор нь үр ашигтай байлгахын тулд энэ хоёр лицензийн асуудлыг шийдэх ёстой.
С.Мөнхсүх: Оюу толгой эхний найман сард 899 сая ам.долларын татвар, хураамж төсөвт төвлөрүүлсэн