Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XIV хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэг өнөөдөр /2026.09.18/ болж өндөрлөлөө. Өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай, “Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөө” батлах тухай, Нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Барилга байгууламжийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай, Төрийн шагналд тодорхойлж уламжлах тухай, Нэрэмжит гудамж бий болгох тухай зэрэг асуудлыг тус тус хэлэлцэн баталлаа. Тодруулбал, Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөнд нийслэлийн хөгжлийн 538 төсөл арга хэмжээг төлөвлөжээ. Томоохон төсөл, арга хэмжээний тухайд агаарын бохирдол, автозамын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд “20 минутын хот” үзэл баримтлалыг хэрэгжүүлэхээр тодорхойлсон байна.
Ингэснээр иргэдийн боловсрол, эрүүл мэнд, чөлөөт цаг, нийгмийн үйлчилгээний хүртээмжийг амьдрах орчинд нь ойртуулахын зэрэгцээ явган болон дугуйн зам, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, нийгмийн болон инженерийн дэд бүтцийг үе шаттайгаар сайжруулахаар тооцжээ. Хөгжлийн төлөвлөгөөнд боловсролын салбарт 43 сургууль, 23 цэцэрлэг шинээр ашиглалтад оруулж, сургуулийн ачааллыг 4.7 хувь, цэцэрлэгийн ачааллыг 3.1 хувиар бууруулна гэж үзсэн байна. Харин Эрүүл мэндийн салбарт эрт илрүүлгийн хамрагдалтыг 10 хувиар нэмэгдүүлж, 180 мянган иргэнийг нэмэлтээр үзлэг, оношилгоонд хамруулах, дархлаажуулалтыг 0.6 хувиар буюу 10.8 мянган иргэнээр нэмэгдүүлэхээр тооцсон юм.

Мөн Төр нийгмийн зүтгэлтэн, маршал Ю.Цэдэнбал агсны 110 жилийн ойн хүрээнд нэрэмжит гудамж бий болгох тухай асуудлаар төлөөлөгчид байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, төлөөлөгч Ү.Оюунзул Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ерөнхий төлөвлөгөө 2014 онд батлагдсан. Ингэхдээ 90 хувьд нь ногоон байгууламж, 10 хувьд нь тохижилт бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөж, төлөвлөгөөт ажлууд хийгдчихсэн. Тэгэхээр ямар нэгэн бүтээн байгуулалтын ажил нэмж хийх боломжгүй гэлээ. Үүнд, Улаанбаатар хотын ерөнхий архитектор Б.Батцолмон тайлбар өгөхдөө, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагаатай уялдуулж, шинээр мод тарих гэх мэт тохижилтын ажлыг хийх боломжтой гэв.