Ерөнхий сайд Н.Учрал бүрэн эрхийнхээ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг чөлөөлж, түүний оронд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг томилохоор болсныг МАН-ын Удирдах зөвлөл 100 хувийн саналаар дэмжсэн.
Ингээд УИХ-ын 14:00 цагийн нэгдсэн чуулганаар Хууль зүй, дотоод хэргийн шинэ сайдыг танилцуулахаар 12:00 цагаас эхлэн ирц бүрдүүлж байгаа ч хоёр цагийн хугацаанд 51 гишүүн л бүртгүүлээд байна. УИХ дахь АН-ын бүлгийн 42 гишүүн чуулганы хуралдаанд оролцохгүй тул эрх баригч нам дангаараа ирцээ бүрдүүлэх шаардлага үүссэн.
Дотооддоо хуваагдалгүй бол МАН олонхын хувиар дангаараа ирцээ бүрдүүлж чадна. Гэвч тус намын хагарал дээд цэгтээ хүрээд буй энэ үед чуулганы ирц бүрдүүлнэ гэдэг хүнд даваа болж байна.
Одоогоор МАН-ын олонх буюу 38 гишүүний талд цөөнх буюу 30 бүлгийн 10 гаруй гишүүн нэмэглээл, ХҮН намын 8 гишүүн ороод ч ирц бүрдэхгүй байх магадлалтай байна. Учир нь Шадар сайд Н.Номтойбаяр гурван гишүүнээ авч хуралдаанд оролцох эсэх нь эргэлзээтэй байгаа юм. Тиймээс Г.Тэмүүлэнг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар танилцуулах чуулганы ирц бүрдэхгүй байх магадлал өндөр байна.
Чуулганы ирцийг бүрдүүлэн, шинэ сайдаа УИХ-д танилцуулж чадах эсэх нь МАН-ын хагарал ямар түвшинд байгааг харуулах гол индикатор болно. Өнөөдөр Ерөнхий сайд Н.Учрал ирцээ бүрдүүлж, Засгийн газрын шинэ гишүүнээ УИХ-д танилцуулж чадахгүй бол цаашдаа 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсвийн хуулиа УИХ-аар хэлэлцүүлэн батлуулж чадахгүй байдалд орно.