Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлаараа бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгалахаар шийдвэр гаргалаа.
Одоогоор бодлогын хүүг бууруулах инфляцын дарамт арилаагүй байна. Харин нэмж чангаруулбал өрхийн хэрэглээнд илүү их дарамт болох эрсдэлтэй. Улсын хэмжээд инфляц 12.5 хувьтай гарч өмнөх сараас бага зэрэг буурсан. Үүнд мах, хүнсний ногооны нийлүүлэлт нэмэгдсэн нь голлон нөлөөллөө. Мөн суурь инфялц 6.8 хувьтай байгаа нь үнийн өсөлтийн суурь дарамт тогтворжиж эхэлснийг харуулж байна. Гэхдээ шатахуун, цалин, төсвийн зарлалтын өсөлтөөс шалтгаалан инфляц дахин нэмэгдэх эрсдэлтэй хэвээр байна. Иймээс ирэх улиралуудад үүсэж болзошгүй дарамтыг харгалзан үзэж энэхүү шийдвэрийг гаргалаа.
Эдийн засаг оны эхний хагаст 7.7 хувиар өссөн боловч голчлон уул уурхай, тээврийн салбарт төвлөрч байна. Уул уурхайн бус салбаруудын идэвхжил сул, өрхийн бодит хэрэглээ хоёрдугаар улиралд 4.9 хувиар агшсан нь бодлогын хүүг огцом нэмэгдүүлэх орон зай хязгаарлагдмал байгааг харуулж байна гэж Монголбанк мэдээллээ.