Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын албан тушаалтнуудаас гадна Хууль зүй, дотоод хэргийн сайд асан С.Амарсайханы мэдэгдэлд нэр нь дурдагдсан зарим албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлж, шалгуулахаар болжээ.Энэ талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Б.Батцэцэг “Иргэдийн дунд үүсээд байгаа эргэлзээ, ойлгомжгүй байдлыг тайлах үүргийг Ерөнхий сайд өгсөн. Өөрөө мэдээлэл өгсөн болон Хууль зүйн сайд асаны мэдээлэлд нэр нь дурдагдсан албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, шалгуулах шийдвэр гарсан. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр Б.Энхбаяр ажиллахгүй бөгөөд Засгийн газрын аль нэг сайд дараагийн сайдыг томилогдох хүртэл үүрэг гүйцэтгэхээр болсон. Салбарын сайдын эсрэг мэдээлэл хийсэн ШШГЕГ-ын дарга, бригадын генерал А.Намсамандыг мөн үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болсон. Энэ асуудалтай холбоотой албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлж, холбогдох асуудлыг шалгуулан нөхцөл байдлын бодит үнэнийг олно" гэлээ.