Судалгааны Эм эм Си Жи (MMCG) байгууллага уул уурхайн салбарын томоохон компаниуд болох Эрдэнэт ТӨҮГ, Оюу толгой ХХК, Энержи Ресурс ХХК-ийн эдийн засаг, нийгэмд оруулж буй хувь нэмрийг тодорхойлох судалгааг 2023 оноос эхлэн хийсэн байна. Татвар төлөлтөөр тэргүүлдэг дээрх гурван компанийн хувьд монголын эдийн засгийн 17 хувийг бүрдүүлж буй бөгөөд хэрвээ үйл ажиллагаа нь зогсвол энэ хэмжээгээр эдийн засаг танагдана. Бүр цаашилбал салбарын үйл ажиллагаа бүхэлдээ зогсвол Монгол улсын эдийн засаг 46.4 хувиар, нийт ажиллах хүчний 16 хувь буюу 238 мянган хүн ажлын байргүй болох эрсдэлтэй гэсэн дүн гарсан байна. ХААИС-ийн Эдийн засаг бизнесийн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, эдийн засгийн ухааны доктор М.Эрдэнэбаяр-аас уг судалгааны үр дүнгийн талаар тодрууллаа.
-Таны хувьд уул уурхайн салбарын эдийн засагт үзүүлэх нөлөөг урьдчилан тооцож судалгаа хийжээ. Тэр дундаа уул уурхайн салбарын томоохон төлөөлөл болсон гурван компанийн жишээн дээр хийсэн байна. Судалгааны онцлог нь юу байсан бэ, ямар үр дүн гарав.
-Бид засаглалын чиглэлд ямар нэгэн юм хийгээгүй. Харин уул уурхайн салбар бусад салбаруудтай яаж уялдаж байна. Цаашлаад бусад үйлчилгээний салбарыг яаж өдөөж байгаа юм, яг ямар хэмжээний үржүүлэгчийн эффект буюу нөлөө үзүүлж байгаа юм бэ гэдэг талаас нь судалгаа хийсэн.Бий болгож байгаа нэмэгдэл өртөг орлого, ашиг, татвар гэж хуваагдана. Тэгэхээр татварыг яаж ашиглаж зарцуулж байна, ашгийг яаж зарцуулж байна гэдэг рүү ороогүй. Харин цалин ашиг, татварын тоог гаргаж, нийлээд шинээр бий болж байгаа нэмүү үнэ цэн нь юу вэ гэдэг тухай судалсан гэсэн үг. Судалгаанд хамрагдсан гурван компанийн хувьд хоёр нь өнгөт металлын салбар буюу зэсийн баяжуулах үйлдвэр, харин нэг нь нүүрсний салбарт ажилладаг. Судалгааг хоёр жилийн өмнө Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, өнгөрсөн жил Оюу толгой компани дээр, энэ жил Энержи Ресурс компани дээр хийж, гурвууланг харьцуулж судалсан. Эдгээр компани нь өөр өөрийн онцлогтой. Оюу толгой ХХК гадаадын хөрөнгө оруулалттай бол Эрдэнэт үйлдвэр 100 хувь төрийн өмч. Харин Энержи Ресурс 100 хувь үндэсний хөрөнгө оруулалттай буюу дотоодын компани. Судалгааг хийхдээ нүүрс, зэсийн салбарын дундажтай нь тус тусад харьцуулж үр дүнг гаргасан. Ингээд харахад энэ гурван компанийн эдийн засгийн үржүүлэгчийн нөлөө нь салбарын дунджаас өндөр байсан төдийгүй технологи, үйлдвэрлэл нь дэлхийн түвшинд хүрсэн байсан. Үржүүлэгчийн нөлөө ерөнхийдөө гурав байгаа. Шууд буюу тухайн аж ахуй нэгж байгууллагын өөрийнх нь хийсэн ажил, нэмэгдэл өртөг гэж нэг гарна. Мөн аж ахуй нэгжид түүхий эд нийлүүлж буй аж ахуй нэгжүүдийн үйлдвэрлэсэн эцсийн бүтээгдэхүүн гэж гарна. Энэ хоёрын дүнгээр үйлчилгээ, барилга, худалдааны салбар бүгд өдөөгдөж байдаг. Энержи Ресурс компанийн хувьд нөгөө хоёр компанитай харьцуулахад нэг онцлог байгаа нь шууд бус нөлөө харьцангуй өндөр. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр бэлтгэн нийлүүлэгчид нь дотоодын аж ахуй нэгж буюу үндсэндээ үйлдвэрлэлээ дотооддоо бүтэн явуулж байгаа дүр зураг харагдсан. Үндэсний хөрөнгө оруулалттай дотоодын аж ахуй нэгжийн бас нэг давуу тал нь бусад бэлтгэн нийлүүлэгч салбаруудыг өдөөж байгаа явдал. Өдөөгдсөн нөлөөллийн хувьд гурван аж ахуй нэгж адилхан.