Монгол Улсын эмнэлгийн салбарт орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, оношилгоо эмчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр шинэ үйлчилгээнүүд нэвтэрч байна. Тухайлбал, Улсын нэгдүгээр төв эмнэлэг робот мэс заслын системийг үйлчилгээндээ нэвтрүүлсэн бол АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг роботын тусламжтай өвдөгний үе солих мэс заслыг бие даан хийж эхэлжээ.
УНТЭ робот мэс заслын системийг үйлчилгээндээ нэвтрүүллээ
Улсын нэгдүгээр төв эмнэлэг дэлхийн анагаах ухааны салбарын дэвшилтэт технологийг үйлчилгээндээ нэвтрүүлэх, иргэдэд чанартай, хүртээмжтэй тусламж, үйлчилгээ үзүүлэх зорилтын хүрээнд БНСУ-ын “Meerecompany” компанийн зохион бүтээсэн “Revo-I” робот мэс заслын системийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нэвтрүүлжээ. Уг технологийг үйлчилгээнд нэвтрүүлэх ажлыг УНТЭ-ийн Урологи-Андрологийн төвийн эмч, мэргэжилтнүүд удирдан ажилласан байна. Мөн эмч, мэргэжилтнүүдийг БНСУ-д сургалтад хамруулж, Хавдар судлалын үндэсний төвийн хамт олонтой хамтран ажилласан байна.
Робот мэс заслын үед эмч роботыг удирдан ажиллуулж, өвчтөний эрхтэн, эдийг ялгах, тайрах, хайчлах, оёдол тавих зэрэг олон үйлдлийг өндөр нарийвчлалтай хийх боломжтой. Ялангуяа хүний гар хүрэхэд хүндрэлтэй байрлал дахь эмгэгийг авах болон нарийн ажиллагаа шаардсан мэс заслын үед уг технологийг ашиглах боломжтой юм. Улсын нэгдүгээр төв эмнэлэг нь цаашид робот мэс заслын технологийн хэрэглээг өргөжүүлэх, иргэдэд хүртээмжтэй болгох, эрүүл мэндийн даатгалд хамруулах боломжийг судлахын зэрэгцээ энэ чиглэлээр ажиллах хүний нөөцийг бэлтгэхэд анхаарч ажиллахаар төлөвлөжээ. Монгол Улсад робот мэс заслын үйлчилгээг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Хавдар судлалын үндэсний төв нэвтрүүлсэн бөгөөд УНТЭ уг технологийг үйлчилгээндээ нэвтрүүлсэн хоёр дахь эмнэлэг болж байна.