Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ургац хураалтын явц, махны нөөц бүрдүүлэх асуудлаар тодорхой шийдвэрүүд гаргасан байна. Энэ талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат мэдээлэл өглөө. Тэрээр “Төсвийн тодотголоор манай салбарт 150 орчим тэрбум төгрөг тавигдахаар яригдаж байна. Стратегийн нөөц бүрдүүлэх асуудал дээр улаанбуудай тариалж байгаа тариалангийн компаниудыг жигд оролцуулах хүсэлт маш их ирж байгаа. Нөгөө талдаа, хүнсний ногоо худалдан авах ажлыг бид анх удаа зохион байгуулж байгаа учраас бирж болон сайдын тушаалаар хэрхэн, ямар журмаар худалдан авах вэ гэдгийг зохицуулсан журмаа баталж ажиллаж байна. Мөн Улаанбаатар хотод байгаа зоорьнуудын судалгааг гаргаад, газар дээр нь очиж үзэж, танилцаж байгаа.Нийслэлийн нөөцийн махтай холбоотойгоор тодорхой шийдвэр гаргасан. Өмнө нь арилжааны банкууд хөнгөлөлттэй зээл авдаг, зээлийн хүүгийн хөнгөлөлтийг арилжааны банкуудад олгодог байсан. Харин одоо зөвхөн арилжааны банкаар хязгаарлахгүйгээр аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлог. Мөн төсвийн хөрөнгө төмс, хүнсний ногоо болж байна уу гэдгийг и-баримтаар хянадаг тогтолцоо руу шилжиж, мөн нөөцийн маханд зарцуулсан мөнгө үнэхээр мах болж байна уу, үгүй юу гэдгийг и-баримтаар хянадаг болно. Ингэснээр цаашдаа бүх зүйл ил тод байх боломж бүрдэнэ. Хавар махны үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэхийн тулд намар махны үнэ харьцангуй хямд байгаа үед иргэд идшээ бэлтгэх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд 21 аймгийг зургаан бүс болгон хувааж зохион байгуулалт хийхээр төлөвлөж байгаа.