Capital Markets Mongolia (CMM) нь Лондон хотноо хоёр дахь жилдээ Монголын Хөрөнгө Оруулалтын Форумыг амжилттай зохион байгууллаа. Форумд нийтдээ 150 гаруй зочид төлөөлөгчид оролцсоноос олон улсын 80 гаруй байгууллагын 100 гаруй экспертүүд, хөрөнгө оруулагчид цуглаж Монголын банк, санхүү, технологын салбарын тэргүүлэх компаниудын төлөөллүүдтэй уулзаж, чухал хэлэлцүүлгийг өрнүүлэв.
Тус форум нь хөгжиж буй орнуудын хөрөнгө оруулалтаа татдаг гол төв болох Лондон хотноо Монголын орон зайг үүсгэж, бодит хөрөнгө оруулалтыг бий болгох зорилготой юм.
Монгол Улсын засгийн газрыг төлөөлж Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Мөнхжин оролцож нээлтийн үг хэлэв.
Дотоодын оролцогчдын хувьд Монголбанк, Монголын хөрөнгийн бирж ХК, Голомт банк ХК, ICFG Limited, АНД Глобал, Монголиан Коппер Проспектинг Групп ХХК, Сэндли ББСБ, Ард Секюритиз ҮЦК зэрэг байгууллагууд оролцов.
Олон улсын төлөөллүүдийн хувьд StoneX, Franklin Templeton, Pictet Asset Management, Manulife, Aviva Investors, Morgan Stanley Investment Management, JPMorgan, Deutsche Bank, Standard Chartered, STJ Advisories, Jefferies зэрэг олон улсын нэр хүндтэй 80 гаруй байгууллагууд оролцлоо.