УИХ-ын дэргэдэх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд өгсөн дүгнэлтээ олон нийтэд танилцууллаа.
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэлд дараах дүгнэлтийг өгсөн байна.
-Монгол Улсын 2027 оны төсвийн нийт зарлага 43.6 их наяд. Энэ нь 2026 оны тодотголын төсвөөс 28.3 хувиар буюу 9.6 их наядаар өссөн үзүүлэлт. Энэхүү өсөлтийн дийлэнх нь буюу 78.4 хувь нь хөрөнгө оруулалтад бус цалин, тэтгэвэр, тэтгэмж зэрэг урсгал зардалд зарцуулахаар байна. Энэ нь төсвийн уян хатан байдлыг алдагдуулж, инфляцад нөлөөлөхөөс гадна хувийн хэвшилд дарамт учруулах эрсдэлтэй.
-2027 оны төсвийн төсөлд иргэдийн бодит орлогыг хамгаалах, төрийн албан хаагчдын цалинг нэмэх, тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулах, боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, зам, логистикийн хүртээмжийг сайжруулах зорилтуудыг тусгасан.Үүнийг хэрэгжүүлэхийн тулд төсвийн зарлагыг нэг жилийн дотор бараг 10 их наядаар нэмсэн. Энэхүү шийдвэр нь төсвийн сахилга бат, орлогын найвартай байдалд томоохон эрсдэл болохоор байна.
-Монгол Улсыг 2026–2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд 2027 оны төсвийн нийт зарлагыг ДНБ-ий 30 хувь, урсгал зардлыг 23 хувь, Засгийн газрын нийт өрийг 45 хувиас хэтрүүлэхгүй байхаар тусгасан. Гэхдээ өргөн мэдүүлсэн төсвийн төсөлд зарлага 7.8 хувиар, урсгал зардал 6.1 хувиар, Засгийн газрын өр 5 орчим хувиар илүү байхаар тооцсон байна. Манай хөрөнгө оруулалтын зардал хөгжиж буй орнуудынхаас 2 хувиар өндөр байна.