Ардчилсан намын бүлэг өнгөрсөн даваа гарагт буюу УИХ-ын ээлжит бус чуулганы эхний өдөр УИХ-ын дарга С.Бямбацогтыг Үндсэн хууль зөрчсөн асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандана гэдгээ мэдэгдэж байсан ч энэ талаар мэдээлэл өгөөгүй. Тэгвэл АН-аас Н.Аринболд хуульчаараа дамжуулан өнгөрсөн баасан гарагт УИХ-ын дарга С.Бямбацогтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэцэд ханджээ. Гомдол ирсэн даруйд Цэцийн дарга уг асуудлыг хянан шалгах гишүүнд хуваарилаад, уг гишүүн маргаан үүсгэх эсэхийг 14 хоногийн дотор шийддэг байна. Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд: 1.Иргэн, байгууллага, албан тушаалтнаас Цэцэд гаргасан өргөдөл, мэдээлэл, хүсэлтийг Цэцийн дарга уг асуудлыг хянан шалгах гишүүнд хуваарилна.2.Үндсэн хууль зөрчсөн тухай иргэнээс гаргасан өргөдөл, мэдээллийг хүлээн авсан гишүүн анхны шалгалтыг 14 хоногийн дотор хийж маргаан үүсгэх эсэхийг өөрийн санаачилгаар шийдвэрлэнэ.