УИХ-ын намрын чуулганы нээлт өнөөдөр болно. Өчигдрөөс эхлэн АН-ын бүлгээс Ерөнхий сайд Н.Учралыг УИХ-д өөрт нь итгэл үзүүлэх асуудлыг оруулж ирэх хүртэл чуулганы хуралдаанд оролцохгүй гэж мэдэгдсэн.Хэрэв АН-ын бүлгийн 42 гишүүн чуулганыг бойкотлон ирц бүрдүүлэхгүй бол Засгийн газраас өргөн барьсан 2026 оны төсвийн тодотгол болон ирэх оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж чадахгүй гацах эрсдэлтэй. Өмнө нь АН-ын бүлгийн ирцийн шахалтаас үүдэн төрийн ажил гацаж, Ерөнхий сайд Г.Занданшатар арга буюу өөрийн хүсэлтээр огцорч байсан.Энэ удаад ч АН-ын 42 гишүүн дээр МАН-ын цөөнхийн фракц нэгдвэл байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдааны ирц хүрэхгүй, Ерөнхий сайд УИХ-д өөрт нь итгэл үзүүлэх УИХ-ын тогтоолын төслийг оруулж ирэхээс өөр гарцгүй болох нөхцөл байдал үүсээд байна. Хэрвээ УИХ Ерөнхий сайдад итгэл үзүүлэх шаардлагагүй гэж үзвэл Засгийн газар огцорно. АН-ын дарга О.Цогтгэрэл өчигдөр "Н.Учралын Засгийн газар огцрох ёстой. Ерөнхий сайд Н.Учралыг УИХ-д өөрт нь итгэл үзүүлэх асуудлыг оруулж ирэхийг шахаж ажиллах чиглэлийг Ардчилсан намын Улс төрийн зөвлөлөөс өгсөн. Энэ бол Ерөнхий сайдад эелдгээр олгож буй боломж. Үүссэн нөхцөл байдлаа өөрөө УИХ дээр тайлбарлаж, асуудлаа шийдвэрлэх боломжийг бид олгож байна. Ер нь Н.Учралын 'ард түмэн, эх орноо бодсон' гэх төсвийг нь парламент байтугай танхимын сайд нар нь ч дэмжихгүй байна. Энэ Засгийн газарт кабинетын зарчим огт алга"