Ардчилсан намын бүлэг төрийн ордны гадаа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл: Нийгмийн бүхий л өөрчлөлт болоод хөдөлгөөнд оролцож, байр сууриа илэрхийлэх нь ардчиллын нэр юм. Тиймээс энэ удаа бид төрийн ордныхоо зүүн хаалган дээр ирээд байна. Ардчилсан намын бүлгийн дарга Б.Энхмөнх иргэнийхээ хувьд байр сууриа илэрхийлж өнөөдрийн шударга бус тогтолцоог болон шударга бус төсөв, шударга бус төрийн өндөр албан тушаалтныг буюу Монгол Улсын Ерөнхий сайдад хариуцлага тооцох ёстой гэдэг байр сууриа иргэнийхээ хувьд илэрхийлж байна. Үүнд манай АН-ын бүлгийн гишүүд бүгдээрээ ирж иргэн Б.Энхмөнхөд дэмжлэг үзүүлж хамт байгаа шүү гэдгээ илэрхийлж байна. Өнөөдөр 2027 оны улсын төсвийг хэлэлцэж эхэлнэ. Сая бүлгийн хурлаар Сангийн сайдаас асуулаа. Төсвийн зөв буруу тооны их багаас гадна төсвийг өргөн барьсан нь өөрөө хууль зөрчсөн байгааг Сангийн сайд өөрөө зөвшөөрч байна. Өнөөдрийн Засгийн газар, Монгол Улсын Их Хурал хууль дээдэлж ажиллах зарчмыг хэр зэрэг баримталж байгаа нь харагдаж байна. 14:00 цагаас бид бүхэн чуулганы хурлаар байр сууриа илэрхийлнэ. Өчигдөр АН-ын улс төрийн зөвлөл хуралдаж шийдвэр гаргасныг давтан хэлье. Шийдвэрийн хувьд АН-аас Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралыг итгэл үзүүлэх асуудлаа УИХ-д маш яаралтай оруулж ирж хэлэлц гэсэн. Томилогдсон парламентаасаа итгэлээ асуу. Өнөөдөр та бүхэн Н.Учрал сайдын кабинет ямар байдалтай байгааг харж байна. Ерөнхий сайддаа сайд нар нь итгэхгүй байна. Ерөнхий сайд нь ч сайд нартаа итгэхгүй байна. Ингэж ажиллана гэж байхгүй. АН Ерөнхий сайдад эелдэг боломж олгож байгаа. Ч.Лодойсамбуу гишүүний хувьд намын улс төрийн байр суурийг даган биелүүлж ажиллана гэдгээ илэрхийлсэн.