УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж мэдээлэл хийлээ. Ардчилсан намын Улс төрийн зөвлөлөөс төсвийн тодотголтой холбогдуулан Ерөнхий сайд Н.Учралын гэр бүлийн сургуульд 3.5 тэрбум төгрөг суулгасан асуудал дэгдээд байгаа билээ. Тэгвэл энэхүү асуудалтай холбогдуулан Ардчилсан намын Улс төрийн зөвлөлөөс Ерөнхий сайд Н.Учралд итгэл үзүүлэх асуудлыг хөндөхийг бүлэгтээ өгчөө. Энэ асуудлыг УИХ дахь АН-ын бүлэг хэлэлцээд Н.Учралд итгэл үзүүлэх эсэх асуудалд шахалт үзүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэжээ. Намын Улс төрийн зөвлөлийн шийдвэрийг бүлэг хүлээж байна, эсрэг байх суурьтай байх эсэх хамаагүй гэдгийг УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу онцоллоо.
АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: Н.Учрал Ерөнхий сайдын Засгийн газар огцрох ёстой. Огцрохын тулд Н.Учрал Ерөнхий сайд өөртөө итгэл үзүүлэх асуудлыг оруулж ирэхийг шахаж ажиллах чиглэлийг Ардчилсан намын Улс төрийн зөвлөлөөс чиглэл болголоо. Ер нь Ерөнхий сайдад өөрт нь эелдгээр боломж олгож байна гэж ойлгоорой. Үүссэн асуудлаа өөрөө тайлбарлаад асуудлынхаа ард гарах боломжийг АН олгож байна.
Үнэндээ, Н.Учралын онцолсон ард түмэн, эх орноо бодсон төсвийг нь парламент дэмжиж байгаа юм уу. Танхимын сайд нар нь дэмжиж байгаа юм уу. Учир нь энэ Засгийн газарт кабинетын зарчим гэж алга. Монгол Улсад Зам тээврийн сайд нь хувийн төмөр зам тавьдаг. Хувийн төмөр зам дээрээ гадна, дотны хөрөнгө оруулагчдыг залилсан мэхэлсэн, луйвардсан асуудал яваад байна. Энд нь хариулт өгөхгүй явж болох юм уу. Хуучин хуулийн сайд, одоогийн Хэрэг эрхлэх газрын сайд нь 110 сая доллар өгсөн авсан асуудал ярьсан. Үүнийг чимээ аниргүй хараад сууж болох юм уу. Ер нь Засгийн газрын кабинет чинь юу болоод байна вэ. Тиймээс энэ Засгийн газар итгэл үзүүлэх асуудлаа энэ яаралтай оруулж ирэх шаардлага гэсэн Улс төрийн зөвлөлөөс ирсэн чиглэлийг Ардчилсан нам бүх шатанд биелүүлж, анхаарч ажиллана.