Монголбанкнаас “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийг боловсруулах олон нийтийн саналыг тусгах зорилгоор нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлгийн үеэр сэтгүүлчид төсөв болон мөнгөний бодлогын уялдаа холбоо болон Төв банкнаас ирэх онд хэрэгжүүлэх мөнгөний бодлого ямар нөлөө үзүүлэх талаар эдийн засагч Н.Энхбаяраас тодрууллаа.
-Монголбанк “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийг боловсруулан олон нийтээр хэлэлцүүлж байна. Та уг төсөлд ямар саналтай байна. Мөн хэрэгжих боломжийг нь хэрхэн харж байна вэ?
-Монголбанк ирэх оны Мөнгөний бодлогоо хэлэлцүүлэхээс гадна төсөв, мөнгөний бодлого дээр тулгардаг гол асуудлаа хөндлөө. Төв банк мөнгөний эрэлт, нийлүүлэлтийг зохицуулдаг, эдийн засагт маш чухал үүрэгтэй. Жил болгон төсөвтэй хамт мөнгөний бодлогоо хэлэлцүүлж байгаа. Энэ нь мэдээж ирэх онд Монголын эдийн засаг ямар байх вэ гэдгийг тодорхойлох чухал арга хэрэгсэл. УИХ 2027 оны хөгжлийн зорилтыг тодорхойлж, хууль тогтоомжоо гаргасан. Үүнээс гадна Хөгжлийн бодлогын тухай хуулийн дагуу таван жилийн төлөвлөгөөгөө ч баталсан. Одоо хэлэлцэж байгаа төсөв, мөнгөний бодлого энэ зорилтод хүрэхийн тулд ашиглаж байгаа арга хэрэгсэл. Үүнээс гадна олон арга хэрэгсэл бий.
Эдийн засагчид ч бай, иргэн ч бай, улс төрч ч бай нэг зүйлийг анхаарах ёстой. Хэрэгжүүлж байгаа халдварт өвчин, гэмт хэргийг бууруулъя, сургалтын чанарыг сайжруулъя гэдэг зорилт бүр мөнгөөр хэрэгжихгүй. Аливаа зүйлийг хэрэгжүүлэхэд ажиллах хүчин, технологи, мөнгө зэрэг арга хэрэгсэл бүгд нөлөөлнө. Эдгээрийг нийлүүлж түүнийг зөв удирдаж байж тавьсан зорилтдоо хүрнэ. Бид салбарт ажиллаж байгаа менежерүүдийнхээ ур чадварыг зөв удирдаж чадахгүй болохоороо бүх асуудлаа орон тоо, мөнгөөр шийдэх гэж оролдоод байна. УИХ дээр төсөв ярихаар орон тоогоо нэмье, цалингаа нэмье гэдэг. Энэ бол буруу бодлого. Төсөв, мөнгөний бодлогоо гаргахдаа үүнийг ярихгүй болохоор мөнгөний бодлого, төсвийн бодлого чинь буруу тийшээ залуурдаад байгаа юм. Байгаа мөнгөөрөө цалин тэтгэврээ нэмье гэдэг нь тухайн үедээ гоё сонсогдоод байгаа боловч үнэн хэрэгтээ улс орны хөгжлийн бодлогын зөв арга зам биш.